Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт" үйлдвэрт илэрсэн санхүүгийн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-22 14:37 GMT+8

Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк гэсэн 4 байгууллага хамтарч, 2 сарын хугацаанд хийж, өнөөдөр дүнгээ ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Шалгалтаар 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Зөрчлүүдийг нэг бүрчлэн гаргасан, 

Нэгдүгээрт, 2016 оны 7-р сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль зөрчсөн. Яагаад гэвэл Ерөнхий захирал нь Нийгмийн асуудал, Тэргүүн дэд захирал нь Хүний нөөцийн асуудлаа хариуцдаг, Хууль эрхзүйн газрын дарга нь үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг хариуцсан байх бүтэц хийжээ. Энэ бол компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшдэг, Ерөнхий захирлыг Засгийн газраас томилдог ч шийдвэр гаргах бүхий л эрх мэдэл 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" корпорацид шилжсэн нь шалгалтаар тодорхой болсон. 

Компанийн аливаа гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийдэг. Гэтэл энэ үйлдвэрт гарын үсэг зурах эрхийг олон хүнд олгосон нь санхүүгийн сахилга бат алдагдсан, хяналт тавих боломжгүй болгосон. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан. Цөөн тооны ААН-тэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан. 

49 хувийг эзэмшигч талд ногдол ашиг гэж 55.8 сая долларын гүйлгээг хийсэн. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй. 

Эрдэнэт үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан ч энэ эмнэлгийг "Медипас" гэж хувийн компанид шилжүүлсэн тул шалгуулах нь зүйтэй. 

Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг, цэвэр зэс гаргадаггүй. Зэс хайлуулах зардал нь дунджаас өндөр байна гэж үзэж байгаа. Мөн татварын зөрчил, 1.4 тэрбум төгрөгийн гаалийн татварын зөрчилтэй, зэсийнхээ сорьцыг Гаалийн төв лабораторид хийлгэдэггүй, хувийн компанитай гэрээ байгуулж сорьц тавиулдаг зөрчил илэрсэн.

Зардлаа өсгөх замаар татвараа бага төлдөг. Үйлдвэрт дотоод аудит хяналт хангалтгүй,  2016-2019 онд 2.2 тэрбум төгөгийн хандив тусламж үзүүлснийг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 2336 худалдан авах гэрээ байгуулснаас 1300 гаруйг шууд худалдан авалт хийсэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй худалдан авахтай холбоотой хуулийг зөрчиж байна гэв. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ