2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-23 14:25 GMT+8

Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Б.Энхжаргал

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ