Гэв гэнэт төрөл садан болсон ард түмнүүд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-05-23 12:55 GMT+8

Удамшлын өвчнийг судлах генетикчдийн оролдлого, эсвэл эртний хүмүүсийн шилжин нүүдэллэх чиглэл заримдаа санаанд оромгүй үр дүнд хүргэдэг. Тухайлбал, өнөө цагийн хэл, соёлоороо ялгаатай улс түмнүүд үнэн хэрэгтээ ойрын төрөл садангууд хэмээх дүгнэлтэд эрдэмтэд хүрэх үе ч бас гардаг талаар ria.ru-д нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.

ХААНА ПСКОВ, ХААНАА ЯКУТ БАЙДАГ БИЛЭЭ

Псков, Новгород, Якутын оршин суугчдын дээд өвгийнхөн долоон мянга орчим жилийн өмнө амьдарч байхдаа нэг популяцид багтдаг байсныг угсаатны 55 бүлэг, түүний дотор Хойд нутгийн уугуул хүн ардын төлөөллийн гурван зуу гаруй геномыг шинжлэн судалж, ДНК дахь жижиг мутацийн иж бүрдлийг харьцуулсны үндсэн дээр Оросын судлаачид олж тогтоосон байна.

Энэхүү популяцийн тоо хоёр мянган хүнээс хэтрээгүй аж. Эхлээд ойролцоогоор долоон мянга орчим жилийн өмнө якутын хэсэг салаалсан байна. Үүнээс хойш зургаан мянган жилийн дараа Псков, Новгородын өнөөгийн оршин суугчдын удмын шугам салаалжээ.

ЛОНХНЫ НАРИЙН ХҮЗҮҮНИЙ ҮР ДҮН (ЭФФЕКТ)

Хөрш зэргэлдээ оршдог ч зан заншил, түүх шастирын хувьд бараг адилгүй чуваш болон мари үндэстнүүд садан төрлийн холбоотойг ховорхон тохиолддог мутацаар тодруулж чадсан байна. Харин тэдгээр үндэстний хэл уралын болон түрэг хэлний өөр өөр төрөлд хамаардаг ажээ.

Эдгээр хоёр угсаатанд жирийн хүнээс хавьгүй бага үс ургадаг төрөлхийн гипотрихоз хэмээх өвчин элбэг тохиолддог явдалд эмнэлэг-генетикийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд анхаарал хандуулсан байна. Энэ өвчин гурав дахь хромосомд байрладаг LIPH генийн жижиг хэсгийн мутацтай холбоотой аж. Үүнээс гадна энэ хоёр үндэстэнд летальный инфантильный остеопетроз хэмээх өөр нэгэн удамшлын өвчин түгээмэл тохиолддог гэнэ.

Ийнхүү давхцал тохиолдож байгаагийн учир шалтгааныг судлаачид лонхны нарийн хүзүүний үр дүн (эффект) гэдгээр тайлбарладаг бөгөөд өлсгөлөн, дайн дажин, эсвэл өөр ямар нэгэн гай гамшгаас болж популяцийн ихээхэн хэсэг устаж мөхдөг, цөөхөн хэдэн хүн л амьд үлддэгтэй холбоотой юм байна.

Чуваш болон маричуудын хувьд тэсч үлдсэн хүмүүсийн дунд удамших өвчнийг тээгчид байжээ. Эрдэмтдийн үнэлж байгаагаар эдгээр өвчний гарал үүсэлтэй холбоотой мутац ойролцоогоор 890 жилийн өмнө чуваш, маричуудын дээд өвгийн популяцид үүссэн байж болох ажээ.

Чуваш болон мари үндэстний төлөөлөл бүсгүйчүүд

ХАЛУУН ОМГОЛОН ИНДИАН ХӨВГҮҮД

Палеогенетикчдийн олон улсын баг гурваас зургаан мянган жилийн өмнө Умард Кавказад амьдарч байсан хүмүүсийн шарилын 48 олдворыг судалж, бусад үндэстний төлөөллийн ДНК-тай харьцуулсны үндсэн дээр тэд америкийн индианчууд, Сибирийн уугуул үндэстэн, Европын өмнөд хэсгийн оршин суугчидтай садан төрлийн холбоотой болохыг олж тогтоосон байна.

Тухайлбал, Таманы хойгоос Чечень хүртэлх газар нутгийг хамарч байсан алдарт майкопын соёлын төлөөлөгчдийн геномын шинжилгээний хариу индианчууд болон сибирийн өнөө цагийн угсаатнуудтай садан төрөл болохыг харуулжээ. Харин Кавказын зүүн уулсаар нутаглаж байсан ямын соёлыг тээгчид Өмнөд болон Зүүн өмнөд Европын эртний үндэстнүүд, тэдгээрийн орчин үеийн үр хойчтой генетикийн хувьд холбоотой юм байна.

ИНДИАНЧУУДЫН ӨЛГИЙ – АЛТАЙ

Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын эс судлалын хүрээлэн, Пенсильванийн (АНУ) Их сургуулийн эрдэмтдийн хамтын бүтээл ёсоор хойд америкийн индианчүүд болон өмнөд алтайн улс түмэн садан төрлүүд юм байна. Тэдний нийтлэг дээд өвөг Алтайд 15 – 20 мянган жилийн өмнө амьдарч байжээ.

Мэргэжилтнүүд Умард, Өмнөд Алтай, Монгол, Өмнөд Сибирьт нутаглагчид болон Умард Америкийн индианчүүдийн генийн зуу гаруй маркерийг харьцуулжээ. Геном дахь холбогдох мутацийн давтамжаар алтайчууд болон индианчүүд илүү ойр байсан байна.

Үүнээс гадна өмнөд алтайчууд Өмнөд Сибирь Төв Азийн түрэг үндэстэнтэй, харин умард алтайчууд Алтайгаас хойгуур нутагладаг финн-угор, енисей, самодийн хүн ардтай удмын хувьд ойрхон болохыг судлаачид олж тогтосон байна. Судалгааны бүтээлийн зохиогчид өмнөд алтайн овгийнхны удмын санд монголчууд хүчтэй нөлөөлснийг тэмдэглэжээ.

ДЕНИСОВЫН ХҮНИЙ АМЬД САДАН ТӨРЛҮҮД

“Денисовчуудын” (Homo altaensis) буюу устаж мөхсөн хүмүүсийн (энэ асуудлаар эрдэмтэд нэг мөр тодорхойлолтод хараахан хүрээгүй) цорын ганц үр хойчоор Меланезийн арлын оршин суугчдыг тооцож болно.

Олон улсын эрдэмтдийн баг 35 мянган меланезчүүдийн бүрэн геномыг неандертальчуудын болон денисовын хүний ДНК-тай харьцуулан шинжилсэн байна. Мөн түүнчлэн уг шинжилгээнд дэлхий даяарх 159 популяцийн хоёр мянга орчим хүний дараалал тодорхойлсон геномоос гаргаж авсан баримтыг хамруулжээ.

Меланезийн геномуудад денисовын хүний ДНК-ийн хольц 19.9-3.4 хувь байгаа нь харьцангуй их гэсэн үг юм. Үүнээс гадна эрдэмтэд меланезчүүд болон неандертальчуудын хооронд ижил төстэй зүйл байгааг олжээ.

Хүн төрөлхтний түүхэнд неандертальчуудтай холилдсон гурван давалгаа байдаг гэж үздэг бол денисовын хүнтэй холилдсон цорын ганц давалгаа байсан нь орчин үеийн меланезчүүдийн дээд өвөгт тохиолдсон ажээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4331 санал өгсөн байна.

Дээшээ