Риогийн бүтэлгүйтлээ Токиод залруулахын төлөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-24 16:30 GMT+8

ЭМЭГТЭЙ БОКСЫН ТӨРЛӨӨР ОЛИМПООС МЕДАЛЬ АВАХ ЗОРИЛГО ТАВЬЖЭЭ

Холын Бразилд болсон олимпын наадмаас Монголын тамирчид хоёр медальтай ирснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, дараагийн олимп хаяанд иржээ. Ердөө жил гаруйхны дараа буюу 2020 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 9-ний хооронд Японы нийслэл Токио хотноо зуны XXXII олимп болно. 2008, 2012 оны олимпоос дөрөв болон таван медаль хүртсэн монголчуудын хувьд Риогоос авчирсан хоёр медаль дэндүү чамлалттай байв. Тиймээс Риогийн бүтэлгүйтлээ Токиод залруулж, урьд өмнө тогтоосон босгодоо заавал хүрэх амаргүй даалгавар манай тамирчдыг хүлээж буй.

Гэхдээ Токио хот манайхтай уур амьсгалын хувьд ойролцоо, цагийн зөрүү бараг байхгүй. Газар нутгийн хувьд ч ойрхон болохоор замдаа алжааж ядрах асуудал үгүй. Яг иймэрхүү нөхцөл байдал Бээжингийн олимпод тохиохиод манайхан бүх цаг үеийн хамгийн шилдэг амжилтаа үзүүлсэн билээ. Тэр ч утгаараа Токиогийн олимпоос том амжилт харуулдах бүрэн боломжтой. Манай топ спортын төрлүүд хэдэн тамирчинтай Токиог зорих, улмаар ямар амжилт үзүүлэхээр зорьж байгааг сонирхуулъя.

БОКС

Сүүлийн гурван олимпын наадам дараалан медаль авсан боксынхон энэ удаа олон улсын холбооноос ямар шийдвэр гарахыг харзнаж байна. Узбекистаны иргэн Г.Рахимов олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоныг ОУОХ эсэргүүцэж, боксыг олимпын хөтөлбөрөөс хасаж магадгүй гэж сүрдүүлээд авсан. Аргагүй байдалд орсон Рахимов албаа өгснөөр олимп дөхсөн энэ үед боксчдыг хэн удирдах нь тодорхойгүй болсон юм. Үүнийг дагаад ямар тэмцээнээс ямар журмаар олимпын эрх олгох, жингийн ангилал ямар байх вэ гэх мэт асуудал ч бүрхэг үлджээ. Энэ сарын сүүлээр AIBA хуралдаж, тулгамдсан асуудлуудаа шийдэх юм.

“Бид AIBA-гийн хурлаас ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Ядаж л олимп ямар жингийн ангиллаар зохиогдох нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Жин батлагдсаны дараа илүү тодорхой зүйл хэлэх боломжтой” хэмээн Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан ярилаа.

Боксчид өмнөх олимпод зургаан тамирчинтай оролцож, нэг хүрэл медальтай ирсэн. Энэ удаа тэрхүү үзүүлэлтээ улам ахиулахыг зорьж буй нь тодорхой. Түүнээс гадна боксчид энэ удаа эмэгтэй тамирчнаа олимпод сойх боломж бий. Энэ талаар Ц.Батнасан генсек “2020 онд эмэгтэй боксчинтой орно. орох байтугай медаль авах зорилготой” гэсэн юм.

• Буудлагынхны хувьд олимпын эрхийн бүх тэмцээн 2019 ондоо болоод дуусна.
• Жүдочид Риогийн олимпод 14 жингийн 13-т нь оролцсон. Энэ үзүүлэлтээ Токиод батлах, ахиулах зорилготой.
• Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын медалийн бараа хараагүй явна.

ЖҮДО БӨХ

Жүдочид хоёр жилийн өмнөөс олимпын оноогоо цуглуулж эхэлсэн. Ирэх оны тавдугаар сарын сүүлээр эцсийн чансаа гарсны дараа токиог хэн зорих нь тодорхой болох юм. Эрэгтэйчүүдийн эхний 22, эмэгтэйчүүдийн эхний 16 тамирчин олимпод зодоглох эрхтэй болно. Түүнчлэн холимог багийн төрлөөр эрх авах гэсэн өөр нэг зорилго бий.

“Олимп бол маш ширүүн өрсөлдөөний талбар. Манайх шиг эдийн засаг сул дорой орнууд өндөр амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. Миний бодлоор манай жүдочид 1-2 медаль авахыг зорих байх. Риогийн олимпод бид 14 жингийн 13-т нь оролцсон. Энэ үзүүлэлтээ батлах, ахиулах зорилготой” хэмээн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ярилаа.

ЧӨЛӨӨТ БӨХ

Чөлөөтийнхний хувьд эрх олгох анхны тэмцээн нь ирэх есдүгээр сард Казахстаны астанад болох дашт. Дэлхийд эхний зургаад багтаж гэмээнэ Токиогийн эрхээ халааслах юм. Улмаар ирэх онд тив бүрт эрхийн тэмцээн зохиогдоно. Дэлхийн дэвжээнээс эрхээ авсан тамирчид оролцохгүй болохоор бусдад нь боломж гарч ирнэ гэсэн үг. Үүний дараа эрхгүй үлдсэн тамирчид тив харгалзахгүй зохиогдох хоёр тэмцээнд хүч сорьсноор жин бүрийн шилдэг 16 бөх тодрох учиртай. 

“Риогийн олимпод бид эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчинтай оролцсон. энэ удаа ч дор хаяж 10 тамирчинтай орохыг зорьж байна. Зорилго бол мэдээж медаль авах” хэмээн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга хэлсэн юм.

3х3 төрлийн сагсчид Токиогийн олимпод өрсөлдөх магадлалтай
Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын медалийн бараа хараагүй. Риогийн дэвжээнд медальд тун ойртож очсон ч Г.Мандахнаран эцсийн мөчид азгүй байдлаар торгуулж ялагдсаныг бид мэднэ. Харин энэ удаа олон жилийн азгүйтлээ төгсгөж, заавал медальтай ирэх даалгавар эрэгтэй чөлөөтийнхнийг хүлээж байна.

БУУДЛАГА

Айсуй олимпын анхны эрхийг буудлагынхан авсан амжилттай сууна. Өмнөд хөршийн Бээжин хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс хийн гар бууны тамирчин Ц.Анударь Токиогийн олимпын анхны эрхийг авчирсан. Түүний эрх булган сүүлтэй байж, мөн л гар бууны тамирчин э.даваахүү эрхийн тоог нэгээр нэмсэн юм.

“Олимпын эрхийн бүх тэмцээн 2019 ондоо болоод дуусна. Тавдугаар сарын 24- нөөс Мюнхенд дэлхийн цомын тэмцээн зохиогдох бол наймдугаар сард Бразилд болох дэлхийн цомоос мөн эрх өгнө. Ингээд эцэст нь арваннэгдүгээр сард Катарт Азийн АШТ байгаа. Бидний хувьд Азийн аваргад хамгийн их найдлага тавьж байна. Нэмж 3-4 эрх аваад нийт зургаан тамирчинтай орохыг зорьж байна” хэмээн Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Лхамсүрэн хэллээ.

Мэдээж долоо дахь олимпдоо орохоор зорьж буй хөдөлмөрийн баатар о.гүндэгмаа манай мэргэн буучдын гол найдвар. Гэхдээ түүнээс гадна медалийн төлөө өрсөлдөх найдлагатай хэд хэдэн тамирчин байгааг Д.Лхамсүрэн онцолсон юм.

Дашрамд сануулахад монголчууд Риод байт харваа, хөнгөн атлетик, бокс, жүдо, усанд сэлэлт, чөлөөт бөх, буудлага, таэквондо, хүндийг өргөлт гэсэн спортын есөн төрөлд 43 тамирчинтай оролцсон. Энэ удаа дээрх төрлүүдээс гадна 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрх авах найдвар бас бий. Хэрэв сагсчид зорилгоо биелүүлж чадвал энэ нь багийн спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болох юм.

Г.Баярсайхан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4331 санал өгсөн байна.

Дээшээ