Ахмадын улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-24 09:50 GMT+8

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний теннисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ОЧ клубт эхэллээ. Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм. 

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тамирчид, бүх ард иргэд спортоор идэвхтэй хичээллэх боломж илүү сайжирсан болохыг онцлоод тамирчдад амжилт хүслээ. 

23 дахь удаагийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60-аас дээш насны 70 гаруй тамирчин, 70-аас дээш насны 24 тамирчин буюу эрэгтэйчүүдийн 45 баг, эмэгтэйчүүдийн 30 гаруй баг оролцож байна. 

Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Мөн улс орон даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг Монголын хүүхдийн спортын VI наадам зохиогдоно.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ