АТГ: МИАТ компанийн Сургалтын хэлтсийн дарга хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-24 11:04 GMT+8

АТГ-аас сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:41 2019-05-24

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 685 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАВ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 851 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 685 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын Тээврийн нэгдсэн удирдлага, сургалт, судалгааны хэлтсийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Төгсжаргал, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн А.Цэцэнбилэг нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар 207 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ, ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖЭЭ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгасан, 65 өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэв. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хуульд заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд: 

  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлээгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Х.Эрдэнэбаатарын албан тушаалын цалинг бууруулах, хуульд заасан хориглолтыг зөрчиж аж ахуйн нэгжүүдээс хандив хүлээн авч зарцуулсан Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуяг, Булган сумын Засаг дарга Д.Базаргүр нарын албан тушаалыг бууруулах хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд АТГ-аас албан бичиг хүргүүллээ.
  • Түүнчлэн хуульд заасан хориглолтыг зөрчиж давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 
  • Хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын орлогч З.Амартүвшингийн албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 
  • Дархан-Уул аймгийн 18 цэцэрлэг, 9 сургуулийн худалдан авах ажиллагаа, хандив, тусламж түүний зарцуулалт, авлига, ашиг сонирхлын зөрчлийн мөрөөр хяналт шалгалтыг явуулж зөрчлийг тогтоон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй худалдан авах гэрээ байгуулсан, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон, хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан С.Алтанчимэг, Т.Орхонтуяа, Ж.Эрдэнэсанаа, Ц.Отгонцагаан, Д.Уртнасан, Б.Давааням, Д.Гэрэлт-Од нарын 7 албан тушаалтанд албан тушаалын цалинг бууруулах, ажлаас халах хуульд заасан хариуцлага тооцуулжээ.

Одоо АТГ нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

11:33 2019-05-24

ТӨРИЙН 33400 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ИЙГ НИЙТЭД ТАНИЛЦУУЛАВ

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 33400 гаруй албан тушаалтны 2018 онд хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа.

Албан тушаалтнуудын ХОМ-ийг ийнхүү сайтад байршуулж танилцуулж байгаа нь иргэд, олон нийт хөрөнгө, орлогын мэдүүлгийг унших, хянах, мэдээлэх, санал шүүмжлэлээ хэлэх, шүгэл үлээх бололцоог олгож буй явдал юм.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна.

ХӨРӨНГӨ, ОРЛОГОО ҮНЭН ЗӨВ МЭДҮҮЛЭЭГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛСАН

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ тавдугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон. Үүнд:

  • МИАТ ХХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
  • Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар болно.

Дээр дурдсан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаас халах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага тооцуулжээ. 

11:21 2019-05-24

МХЕГ-Т ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ШАЛГАВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдэгдэж, эрүүгийн хэргийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн. МХЕГ-т зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийсэн.

МХЕГ-аас экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь хөндлөнгийн хяналтгүй хийгддэг байсныг өөрчилж байгаа юм байна. 11 ажлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Авлигад өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлон ажиллаж эхэлжээ. Цаашид зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг нэн даруй батлуулах шаардлагатай байгаа.

ТӨРИЙН 15 БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭРСДЛИЙГ ТОГТООЖЭЭ

АТГ-аас судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тооцож гаргаад байна. Энэ жилийн хувьд улсын 6 эмнэлэг, 3 их сургууль, төрийн өмчит 6 хуулийн этгээдийг авлигын эрсдлийн үнэлгээнд хамруулсан. Авлигын эрсдлийн үнэлгээ хийхийн утга учир нь тухайн төрийн байгууллагад авлигын ямар эрсдэлтэй зан үйл, нөхцөл байдал, шинж тэмдэг байгааг тодорхойлох зорилготой.

Өөрөөр хэлбэл, тэр төрийн байгууллагад байгаа “авлигын өвчний онош”-ийг тогтооно гэсэн үг. Тавьсан оношийн дагуу “эмчилгээ” хийнэ, тэр эмчилгээ нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байх болно. Авлигын эрсдлийн тайланг ирэх сард олон нийтэд нээлттэй танилцуулна.  

11:08 2019-05-24

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙГ АВЛИГААС АНГИД ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Зөвлөмж хүргүүлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 1 дүгээр сургууль, мөн “Шинэ эхлэл” сургууль болон өөр бусад нэр бүхий сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хүүхэд элсүүлэх үедээ 10 хүртэлх сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр хэргүүд эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдсэн. АТГ-аас өгсөн Зөвлөмжийг боловсролын салбарын байгууллагууд дор бүрнээ чанд мөрдөж ажиллах ёстой.

ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДАЛ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

11:04 2019-05-24

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн  25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 201 санал өгсөн байна.

Дээшээ