Шаркуудын үнэлсэн нь л ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-24 14:14 GMT+8

             Монголын зах зээлд танил болоод удаагүй байгаа Sayan шоколадыг үйлдвэрлэгч компанийн шоколатье З.Болормаатай ярилцлаа. Тэрээр тус брэндийг санаачлагч юм. Мөн “Шарк Танк” нэвтрүүлгийн хамгийн сүүлийн цувралд оролцож, шаркуудын дэмжлэгийг авсан ч хөрөнгө оруулалтаас татгалзсан... Энэ талаар болон шинэ брэндийнх нь талаар ярилцсан юм.

Дэлхийн олон улс оронд нэг ижил стандартаар явдаг “Шарк танк” нэвтрүүлэгт та бүхэн амжилттай оролцож, шаркуудын өндөр босгыг давсан нь амжилт байсан шүү. Шаркуудын санал, дэмжлэгийг авахаас гадна нэвтрүүлэгт оролцох нь бас шалгууртай байдаг гэж ойлгож байна.
-Тийм ээ. “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон нь хэдэн зуун саяар ч үнэлэгдэшгүй үнэтэй зүйл болсон. Энэ нэвтрүүлгийн баг оролцогчидтойгоо бүтэн гурван сар хамтарч бэлтгэдэг. Үнэхээр мундаг төсөл. Зөвхөн шоу нэвтрүүлгээр ойлголтыг хязгаарлах аргагүй.

Оролцогчид тус бүр дээр хоёр зөвлөх тэр бүх хугацаанд байж, тэр бүх тооцоолол дээр хамт ажилласан. Энэ нь том сургууль болдог юм билээ. Хэдий урт хугацаанд бэлтгэсэн ч нэвтрүүлгийн бичлэг эхлэх хүртэл шаркуудын царайг нэг ч удаа хараагүй. Яг нэвтрүүлгийн бичлэг эхлэх болоход хэдий сайн бэлтгэлтэй байсан ч их сандарсан. Үнэнийг хэлэхэд, эгч бид хоёр зоригоо чангалаад 50, 50 гр вино уугаад, нэг урт амьсгаа аваад л яваад орсон (инээв).

Бид хөрөнгө оруулагчдад компанийнхаа 24 хувьд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт санал болгосон ч Чинбат захирал 40 хувь гэдэг нөхцөл тавьсныг манай тал зөвшөөрсөн дөө. Шаркаас хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах санал авсан нь гарцаагүй том үнэлгээ. Бүх шаркууд бүтээгдэхүүний амт чанарыг таашаан үнэлсэн нь хамгийн үнэ цэнтэй зүйл байсан. Чинбат шарк шоколадны хэрэглээ, зах зээл, үйлдвэрлэл, тэр дундаа импортын бүтээгдэхүүний талаар өмнө нь судалгаа хийсэн, маш бодит мэдээлэлтэй байсан нь сайхан санагдсан. Мөн манай зах зээлд зарагддаг импортын шоколадууд үнэ хямд байдгийн шалтгаан, чанарын асуудлыг хөндөн ярьсан нь манай хэрэглэгчдэд санаа, сургамж авууштай зүйл байсан болов уу.

Шарк Танк” нэвтрүүлэг цацагдсаны дараа бүтээгдэхүүний борлуулалтад өөрчлөлт гарсан байх. Нэг үгээр бол хүчтэй сурталчилгаа болсон шүү дээ.

-Нэвтрүүлгийн бичлэг өнгөрсөн намар есдүгээр сард болсон л доо. Харин нэвтрүүлэг дараа оныхоо хоёрдугаар сард нь цацагдсан. Манайх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлснээсээ хойш яг жилийн дараа энэ нэвтрүүлэг цацагдаж, маш сайхан дэмжлэгийг үзүүлсэн. Нэвтрүүлгийн багийнхан цувралынхаа анхны дугаартаа биднийг сонгосонд бүр их баярласан. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд бүтээгдэхүүн маань бас ч гэж хэрэглэгчдэд сайшаагдаж, боломжийн захиалгатай болоод байсан.

Нэвтрүүлэг цацагдахаас өмнө шинэ жилээр л гэхэд бид байгууллагуудын нэлээд их захиалга авч, өдөр шөнөгүй ажилласан. Үйлдвэр дээрээ бараг сар гаруй хонож ажиллаад л, хоногт ердөө дөрвөн цаг амарч байсан. Энэ захиалгаа бараг дуусч амжаагүй байхад нэвтрүүлэг цацагдаж, араас нь цагаан сарын захиалга үргэлжилсэн.

Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байгаа ч энэ бүхэн шинэ компанийн хувьд харьцангуй амжилттай, азтай үйл явдлууд байлаа. Мөн саяхан манайхыг МҮХАҮТ-аас Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулсан гээд бид бага багаар амжилтаа ахиулж байгаадаа баяртай байна.

Шаркийн хөрөнгө оруулалтаас дараа нь татгалзсан гэж сонссон. Үүнд тодорхой учир шалтгаан байсан л байх..?

- Хөрөнгө оруулалт орж иртлээ уддаг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь хөрөнгө оруулалтын нөхцөл дээрээ, харамсалтай нь, тохирч чадаагүй гэхүү дээ.

Шаркуудын санал болгосон хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо өөр эх үүсвэрээс нөхөх үү. Эсвэл хөрөнгө оруулалтыг хойшлуулаад өөрсдийн орлогоос хуримтлал үүсгэх замаар шийдвэрлэх үү?

-Санхүүгийн хөрөнгө оруулалтын компанитай хамтран ажиллаж байна. Эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт гээд санхүүжилт шаардлагатай. Гэхдээ өөрсдийн нөөц бололцоогоор үйлдвэрлэлээ нэмээд л явж байна.

Манай үйлдвэрлэл, борлуулалт жам ёсоороо зугуу зугуухан өсч байна. Алхам алхмаар нэмэгдээд л тэр дундаас бид бодитой сургамж, туршлагаа олж аваад явж байна. Жилийн өмнө бодож байсан бизнес төлөвлөгөө, хэрэглэгч, зах зээлийн талаарх төсөөлөл, бүтээгдэхүүний талаарх бодол бодит байдал дээр өөрчлөгдөж байна. Зарим зүйлсийн цаг нь биш, хүчин чадал хүрэхгүй юм байна гэх мэт. Өөрсдийнхөө хүчийг буруугаар тооцож байсан зүйлс ч байна. Одоо л бид хэрэглэгчээ ойлгож эхэлж байна. Бизнесээ алхам алхмаар өөрийнх нь инерциэр хөгжүүлж байгаа нь зөв юм байна.

Их хэмжээний хөрөнгө оруулалтаар зодоод огцом том үйлдвэртэй болох нь гол зорилго биш байж гэсэн үг үү. Энэ бол нэг удаагийн тендерт орох гэж байгаа явдал биш шүү дээ. Үр хүүхдэдээ өвлүүлнэ, үргэлжлүүлнэ гэж бодож байгаа бизнес биз дээ?

-Тийм ээ. Хөрөнгө оруулалтыг их ухамсартайгаар харж байгаа. Хөрөнгө оруулалтыг хүсээд байгаа нь мөнгө санхүүгээс гадна бид хамтрагчтай байх ёстой. Гэр бүлийн бизнес биш байгаасай. Засаглал сайтай, илүү эрүүл компани байгаасай гэж бодож байна. Хэдэн жилийн дараа хөрөнгийн зах зээлд гарах ч юм билүү. Жишиг болсон стандарттай, эрүүл саруул амбицитай байхыг хүсч байна. Одоо бол чанартай бүтээгдэхүүн хийгээд эхэлсэн гэдэгтээ итгэлтэй байна.

Дотоодын шоколадны үйлдвэр хэд, хэд бий. Тийм үйлдвэрүүдийн тоог нэмж, энэ зах зээлд хөл тавьж орж ирэхдээ чухам юунд найдсан бэ. Ялангуяа үндэсний бүтээгдэхүүн импортын бараатай өрсөлдөж чадахгүй байгаа энэ нөхцөлд шүү дээ...

- Манай улсад шоколадны хэрэглээ тун өндөр. Жилдээ бараг 20-30 сая ам.долларын шоколад импортоор орж ирдэг. Яагаад ийм өндөр хэрэглээ бий болсон бэ? Бодоход Оросыг дагаж хөгжсөн далан жилд бидэнд баавгайтай чихрээс эхлээд л европ шоколадны гоё амт кодлогдчихсон байх. Солонгос, Хятад, Япон гэх азийн орнуудын хэрэглэгчидтэй харьцуулахад шоколадны амтыг мэдрэх таашаал нь өөр. Тэдгээр улсад хэрэглэдэг шоколад, түүнтэй төстэй бүтээгдэхүүний амт нь огт өөр. Хоол, хүнсний амт, соёл нь өөр л дөө.

Одоо л тэнд европ шоколадны амт, хэрэглээ нэвтэрч байхад бид аль хэдийнэ 70 жил тэр амтыг амталж өссөн. Социалист нийгмийн нэг соёл. Тэгэхээр бидэнд бизнесийн ирээдүй байгаа гэж харж байгаа.

Шоколадыг зөвхөн хүнс гэхээс гадна бэлэг дурсгал, урлаг, хайр... гээд өөр нарийн нандин бүрдэл хэсгүүдтэй нийлэг зүйл. Sayan шоколадны хувьд аль чанар нь давамгайлдаг бол?

- Sayan брэндийн гол баримтлах зарчим бол чанар, амт. Монголдоо хамгийн амт чанартай шоколад үйлдвэрлэгч болох. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид европын түнш компаниудаас суралцаад л явж байна. Дэлхийд алдартай “Callebaut” шоколадны академид манайхаас хоёр ажилтан маань суралцаж мэргэжил дээшлүүллээ.

Цаашид бид Callebaut компанитай хамтарч жинхэнэ артизан шоколадны бутик нээхээр ярилцаж байгаа. Бүтээгдэхүүн маань өөрөө өөрийгөө хэрэглэгчдэд сурталчлах, амт чанар түгээхийг мөн чухалчилж байна. Sayan шоколад амттай шүү гэдэг мэдээлэл ам дамжаад яригдаж байвал тэр л сурталчилгаа юм даа.

Гар аргаар бүтдэг нь танай шоколадыг илүү амьд, амттай болгодог байх?

- “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож байхад шаркууд “бид массаар үйлдвэрлэсэн, хямд түүхий эдээр хийсэн шоколад иддэг” гэж хэлж байсан нь үнэн л дээ. Массаар буюу олон тоо ширхэгээр үйлдвэрлэхийн тулд ихэнхдээ хямдавтар орц найрлагатай түүхий эд, хадгалалтын хугацааг уртасгах гэх мэт масс үйлдвэрлэлд зориулсан технологиор хийх болдог.

Гэхдээ манай зах зээлд импортоор орж ирж буй шоколадны чанар сайжирч байна. Бид чанарыг мэддэг сайн хэрэглэгчтэй зах зээл. Нэг үе дэлгүүрт зарагддаг том, том хайрцагтай, дотроо цөөн ширхэгтэй наборууд, чихэр нь гадна талаараа цайраад бууралтчихсан байдаг байсныг санаж байна уу. Одоо тийм шоколад бараг байхаа больсон. Энэ хэрээр бид импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай тулгарч байна.

Томоохон брэнд, импортын бүтээгдэхүүнээс ялгарах, өрсөлдөх гол концепциэ хэрхэн харж байгаа вэ?

-Үнэтэй ч хамаагүй яг энэ амтаар нь үйлдвэрлээрэй гэж хэрэглэгчид хэлдэг. Тэгэхээр юуны өмнө бүтээгдэхүүнээ чанартай сайн хийгээд дотоодын зах зээлээ хангах нь чухал. Нэлээд хөл дээрээ боссоны дараа л гадаад зах зээл энэ тэр гэж ярихгүй бол шууд л экспорт хийнэ гэх нь манайх шиг үйлдвэрлэлийн туршлага, уламжлал багатай улсад эрт ч байж мэднэ. Ер нь бизнесийн жамаараа зугуухан өсөх нь зөв юм байна гэдэг бодолтой болсон.

Бид өнөөдөр шоколадаа сав, баглаа боодолтойгоор дэлгүүрүүдэд хүргэж байна. Энэ бол үйлдвэрлэл. Дараагийн ээлжинд бид яг гар урлалын шоколадыг өглөөд нь шинээр нь хийгээд өдөртөө задгайгаар нь зардаг бутикийг нээж, жинхэнэ шоколадны амтыг мэдрүүлэх хүсэлтэй. Яг л бэйкэритэй адилхан. Давуу чанар нь гэвэл бүх орц найрлага нь органикаараа, тийм ч болоод ашиглалтын хугацаа богинотой. Тэгэхээр хэрэглэгчид үргэлж шинээрээ очно гэсэн үг. Мөн чимэглэлийн урлаг нь маш чамин, гараар хийгддэг төрөл.

Sayan шоколадны амт Таны таашаалаар бүтдэг гэж ойлговол болох уу. Энэ хугацаанд зөвхөн Монголд л амсч болох амт, жорыг гаргаж амжив уу?

-Ер нь шоколад тухайн шоколатье-ийн ур чадвар, мэдрэмжээр хийгдэнэ. Би зохиогоод байгаа ч юм бас биш л дээ. Олон жилийн туршлагатай европын технологиор хийж байгаа. Бид зарим бүтээгдэхүүний амт, найрлага, жорыг итали багш, мэргэжилтнүүдийн тусламжаар гаргасан. Эндээс түүхий эдээ авч очоод арвайн гурилтай шоколадныхаа үндсэн амт, жорыг гаргаж байлаа.

Зарим амтуудыг бид өөрсдөө туршиж, сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн гаргаж үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байгаа. Удахгүй чацаргана, аньс, нэрс жимсний цуглуулга шинээр худалдаанд гаргах гээд бэлтгэж байна.

Шоколадны хэв загвар, хайрцаг, баглаа боодлын дизайныг хэн гаргадаг юм бэ?

-Шоколадандаа бэлэн хэв ашиглаж байгаа. Шинэ хэвийг өөрсдийн дизайнаар хийлгэж болно. Өөрсдийн дизайнаар хэв захиалвал 4-5 мянган еврогийн үнэтэй байдаг. Харин хайрцаг савны дизайныг өөрсдөө гаргадаг. Наборны хайрцаг доторх зөөлөвч, хуванцар суурь зэргийг бид Европын салбартаа тэргүүлэгч компаниудад захиалдаг. Тэдгээр нь алдарт “Годива”, “Линдт” “Лайма” брэндийн үйлдвэрлэгч байх жишээний.

Саяхан франц мэргэжилтэн манай бүтээгдэхүүнийг хараад их гайхаж байна лээ. Магадгүй Монгол шоколадыг ийм гоёмсог байна гэж төсөөлөөгүй байх.

Ер нь шоколад өөрөө эмэгтэйлэг амин сүнстэй гэж би боддог. Гоёл, урлаг, бэлэг дурсгалын шинжтэй. Европт шоколадны уламжлалт соѐл бүхий орнуудад ихэнхдээ эрчүүд шоколатье байдаг. Би харин ажил мэргэжилээсээ урваад шоколатье болох гээд суралцаад явж байгаа маань энэ.

Ярилцсан З.Боргил

Эх сурвалж "Өглөөний сонин"

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ