Төв Азид хүний эрх “0”, эдийн засаг гайхамшиг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
судлаач Судлаач проф. Олхонуд Баярхүү "Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-24 13:30 GMT+8

CCCР-ИЙН ДАРААХ ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН АРВИН ТУРШЛАГААС СУРАЛЦААСАЙ

Би сүүлийн үед хөгжил, нийгэм-эдийн засгийн тухай их бичих болсон. Гадаад харилцаагаар мэргэжсэн, гадаад руу их явдаг, олон улс судлалын дөртэйн хувьд эх орноо харьцуулж үзээд, хөгжил дэвшил, иргэдээ чамлах болчихоод ингээд байгаа хэрэг л дээ. Казахстаны хөгжил дэвшлээс монголчууд суралцаасай гээд ярилцлагач өгч байлаа.Tөв Aзийн хөгжлийн туршлага судалж хэд хэдэн улсаар аялж ч байлаа.

Төв ба Өвөр азийн посткоммунист орнууд дотроос ардчиллын зүгт ахиц дэвшил хийж, дарангуйллыг тойрч гарсан гэвэл Монгол маань яалт ч үгүй манлайлдаг. Иймээс ардчиллын үйлсэд олсон харьцангуй амжилт Монгол улсад бий. Сонгуулиар шийдвэр гаргах эрх мэдэлтнийг томилж байгаа нь бүр ч үлгэр жишээ. Парламент нь Жанжин штабын даргаа 90 хувиар, Ерөнхий прокуророо 90 хувиар сонгоод л. Гадаадад суух элчин сайд болгоноор санал хураалт явуулаад л, яг л АНУ-ын Сенат, Конгресс шиг.

Гэтэл Монголын ард түмний олонх нь ардчиллын үр шимийг амьдрал дээрээ үзэхгүй, харин ч ардчилал гэхээр жигших янзтай. Хүн амын бараг тал нь ядуураад, ядуурах тийшээ явж байгаа нь л гол эмгэнэл болчихоод байна. Хувийнх болон өрх гэрийнхээ тамын амьдралыг ардчиллын гай гээд нэрлэчихсэн, амар сайханд нь жаргуулах ямар нэгэн хүчтэй гартныг хүсээд байх шиг.

Улсаа баяжуулж, хүчирхэгжүүлж чадаж байвал Монгол шиг ардчилалгүй байж бас болно гэдгийг Төв Азийн Казахстан, Туркменистан, Кавказын Азербайжан нотолчихсон.

Ардчилалтай, эрх чөлөөтэй байна гээд бид ядуурч, эдийн засаг нь унаад байвал дарангуйлах мөртөө баяжуулсан, хүчирхэгжүүлсэн тэр гурван улсаас дор орсон хэрэг бус уу хэмээн би нэрэлхэлгүй асуудаг.

Гарчигт өгүүлсэн нь уншигчдын анхаарал татах гэж тэгж бичсэнээс бус ардчилал нь шууд “0”-доо тулчихсан гэсэн санаа биш л дээ. Харин тэр гайхамшиг гэсэн нь яг тэгж бичих үү, болих уу хэмээн олон хүний эргэлзээг тайлах гэснийх. Назарбаев, Каримов, эцэг хүү Ниязов, эцэг хүү Алиев нар бол автократ дэглэмийн сонгодог төлөөлөгчид мөн. Төв Азийн орнуудад ерөнхийлөгчийн шударга ардчилсан сонгууль явуулахын оронд үндсэн хуульдаа шинэчлэл хийж, бүрэн эрхийн хугацааг нь ард түмнээрээ сунгуулдаг хачин систем хэвшүүлж үзсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэл илт давууг “үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу ганцаарчлан төр барих” гэгчээр зөвтгөж, “тогтвортой байдал” хэмээх лут үгээр тагласан билээ. Тэр утгаар гайхамшиг гэж нэрлэхээс жийрхээд байдаг мэт. Назарбаевын албаа шилжүүлсэн гэнэтийн шийдвэр нь нэг их шуугиад байх шаардлагагүй гэдгийг өнгөрсөн хоёр сар нотлоод өгсөн байх.

Төв Ази руу монголчууд мэр сэр явдаг. Хамгийн их очдог нь Казахстан. Ядуу монголын ядуу нүдээр тэр улсыг зэрвэс харж, шүтчихээд ирсэн монгол хүн зөндөө бий. Ардчилал энэ тэр гэж өөрсдийгөө тамлаж байхаар ерөнхийлөгчийн хүчтэй засаглал сонгон “үндэсний эцэг”-тэй болж аваад хөгжих минь гэсэн яриа бүр манай тв-ийн нэвтрүүлэгт хүртэл гарсан гээч. Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулж тэргүүлээд явдаг америк маягийн туршлагыг судалж хэрэгжүүлэх тал руу би хааяа нэг халтираад орчихдог.

Харин тэр төв азийнхнаас юуг нь онцлох вэ. Би энд онцлох гэж авлаа. Суралцах гэхээр ардчиллын зарчимд маань үл тохирох гээд байна. Энд би Төв Ази ба Хятадын хоорондын “Бүс ба Зам”-ын төслийн бүтээн байгуулалтыг хөндөхгүйгээр шал өөр бүс нутагтай холбогдож байгааг нь жишээлье.

Монголыг алгасаад Төв ба Өмнөд Ази, Төв ба Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны бүс нутаг хоорондын бүхэл бүтэн механизм ажиллаж, тээвэр ба худалдаа гэсэн хоёр салбарыг хамарсан тухай мэдээ юу хэлнэ вэ. Азийн хөгжлийн банк (AXБ) бараг энэ асуудлаар дагнаж байгаа бололтой. Манила дахь тус банкны төв байранд Узбекистан, Афганистан, Пакистан, Таджикистан, Туркменистан, Ираны төлөөлөгчид тасрахаа байсан гэлцэх юм.

Одоогоор Туркменистаныг хөгжлийн үлгэр жишээ, сонгодог загвар хэмээн Өмнөд Азийнхан үзэх аж.

Төв Азийн орнууд дэлхийн зах зээлээс хол орших, өөрсдөө жижиг зах зээлтэй тул тэднийг өмнөд азиар дамжуулан дэлхий рүү гаргах тусгай хонгил буй болж байгаа аж. Дэлхийн ядуусын гуравны хоёр нь Азид оршдог гэдэг утгаар азийн бүс нутгуудыг өвөр хооронд нь холбочихвол ядуурлаасаа гарах, улмаар хөгжих нөхцөл бүрдэнэ. Тэр бол зөв алхам. Салбар бүс нутгуудын хамтын ажиллагааны элдэв санаачилгыг төв ази руу чиглүүлж өгвөл бүр ч чухал хэмээн үзэцгээжээ. AXБ-ны шавдуулж байгаагаар “Их Меконгийн салбар бүс нутаг”, “Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, “Өмнөд Азийн салбар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” болон АХБ өөрөө оролцоод асар том хамтын ажиллагаа эхлүүлэх дөхөж байна.

АХБ ба Өмнөд Азийнхан Төв Азиас дараах хүчин зүйлийг нь гол болгох бөгөөд байгалийн асар их баялаг, хүний нөөц, газар зүйн ач холбогдол гэх мэт үзүүлэлтээр дэлхийн тавцан дээр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Монгол маань хэчнээн их баялагтай ч тэгж үзэхгүй, тойрч бултаад байдаг нь бид дүгнэлт хийх ёстой мэт.

Одоогоор Туркменистаныг хөгжлийн үлгэр жишээ, сонгодог загвар хэмээн Өмнөд Азийнхан үзэх аж. Туркмен ССР гэдэг нь хуучин СССР-ийн үед хөвөнгийн тариалан, эрчим хүч хоёроор түүхий эдийн гол эх сурвалж хэмээн тооцогдож байсан ч 1991 оны эцэс хүртэл бусад улс оронтой бие даан худалдаа хийж байсан уламжлал туршлага огт байгаагүй. Тиймээс бүх харилцааг “о”-ээс эхэлсэн гэж үздэг. Хөлөө олох гэж будилж явсаар 1990-ээд оны дунд үе хүрч байж, гадаад эдийн засгийн харилцаагаа босгож авчээ.

Эхлээд баахан гэрээ, хэлэлцээр байгуулсан ба гадаадын компаниудтай хамтарсан үйлдвэр байгуулж гарааны нөхцөлөө бүрдүүлэв. Гэхдээ шууд л газар доорх баялгаа ухаад сэндийлээд эхлээгүй, хамтарсан үйлдвэрүүд нь их энгийнээс буюу хөнгөн ба хүнсний үйлдвэр, эрчим хүчний эх үүсвэрийн хайгуул шинжилгээнээс эхэлжээ. Гэхдээ тэр үед Туркменистанд инфляц 2400 хувьтай, ДНБ 50 хувиар уначихсан байсан ба 1995 оноос аядуу реформ гэдгийг эдийн засагтаа хийж эхэлсэн юм.

Гэхдээ туркмен хүн бүрийн ярих дуртай нэгэн сэдэв, онцлох зүйл бол байгалийн хийн асар их нөөц юм.

Инфляц жилдээ 100 хувиар багасаж, үндэсний мөнгөн тэмдэгт манатын ханш чангарчээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж багассаны уршгаар 1998 он гэхэд эдийн засагт уналт дахин үзэгдэв. Тэгэхээр нь үйлчилгээний салбараа хувьчилж эхэлсэн байна. Засгийн газар нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, холбоогоо хатуу барив. 1991 оны байдлаар ажиллах хүчин 1.9 сая, үүнээс 0.3 сая нь ажилгүй, хөдөлмөрийн зах зээл хүндхэн байлаа. Туркменистаны төр засаг өөр ухаан сийлж, усны нөөцөө хөгжлийн гарц болгов. Каракумын суваг, районы 44, мужийн таван усны байгууламж, нийт 6000 км усан сувгийг зах зээлийн үнээр ашиглан, усны хэрэглээндээ 1993 оноос төлбөр тогтоов.

Хуримтлагдсан мөнгөөр хөдөө аж ахуйгаа тэтгэж, бүтцийн өөрчлөлт хийснээр хөвөнгийн тариалалт эргэж сэргэв. 1980-аад онд жилдээ 1.3 сая гаруй тонн хөвөн тариалдаг байсан Туркменистан 810 мянган га тариалангийн талбайгаа үр тарианы болон хүнсний ногоо, жимсний талбай болгон төрөлжүүлэв. Хөвөн, үр тариа, эрдэнэ шиш, амтат гуа, усан үзэм, хүнсний ногоогоор өөрийгөө бүрэн хангаж, фермерийн аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлэв. Мал аж ахуй ч цэцэглэлээ. Хонь, ямаа, тэмээ, адууны аж ахуйгаар мах сүүний үйлдвэрээ босгож, ДНБ-д мал аж ахуй 30 хувийг эзэлжээ. Адуу үхэр 11.5 сая (1991 онд нэг сая орчим байсан), хонь ямаа 6.1 сая, тэмээ 1.7 сая, тахиа шувуу 4.9 сая болж эрс өсжээ.

Экспортын үлэмж хэсгийг хөдөө аж ахуйгаас босгов. Гэхдээ туркмен хүн бүрийн ярих дуртай нэгэн сэдэв, онцлох зүйл бол байгалийн хийн асар их нөөц юм. Нөөц нь 15-20 их наяд куб метр, газрын тос 1.5- 2 тэрбум тонн, эрчим хүчний эх үүсвэр экспортлогч дэлхийн нэг гол орон болж, ДНБ-ий 70 хувийг энэ салбараасаа бүрдүүлдэг гэдэг утгаар Туркменистаны бахархлыг нэрлэе. Гэхдээ дэлхийн зах зээлд үнийн савлагаа явагддаг тул тэр 70 хувь уруудлаа гэхэд цаана нь нөөц болсон хөдөө аж ахуйн салбарын экспорт бий. 

ГУРАВХАН ЖИЛИЙН ДОТОР НИЙСЛЭЛЭЭ БҮСИЙН ЖИЖИГ ТӨВ БАЙСАН АСТАНА РУУ ШИЛЖҮҮЛСЭН

Төв Азийн эдийн засгийн гайхамшиг гэдэгт Азербайжаны эдийн засгийг нэмж нэрлэж болно. Би очиж үзсэн. Газрын тос олборлох ба боловсруулах үйлдвэрээс гадна хөдөө аж ахуйтай . Карабахдаа дайны байдалтай, улс төр нь нэг үе тогтворгүй байсан атлаа эдийн засаг нь ноцтой унаагүй явж ирсэн. 1997 оноос ДНБ-ий өсөлт ямар прогрессоор яваа (1998 онд 5.8 хувь, 1999 онд 7.2, 2000 онд 11.3, 2001 онд 9.9 хувь гэхчлэн), газрын тос, байгалийн хийн салбар нь ДНБ-дээ 58 хувь болдог. ТУХН-ийн орнуудын бензин, дизелийн түлшний 20 хувийг ханган нийлүүлдэг.

Гадаадын хөрөнгө оруулалтаараа хуучин СССР-ийн орнууд дотор толгой цохидог (жилдээ 10-50 хувь өсдөг), Азербайжаны нефть Умард Кавказ, Өвөр Кавказаар дамжин хар тэнгис, газар дундын тэнгис рүү гардаг гээд яривал гайхамшиг мөнөөсөө мөн л дөө. Хөдөө аж ахуй ч газрын тосноосоо дутахгүй хөгжлөө. Нийт дөрвөн сая га газарт тариалан эрхэлж, үр тариа, хөвөн, тамхи, элдэв жимс, цай, тариалангаас гаргадаг түүхий торго гээд нэрлэвэл дуусашгүй. Мах сүүний үйлдвэрлэлээр ч хуучин СССР-ийн орнууддаа толгой цохино.

Гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийг суурь машины үйлдвэр, харилцаа холбоо, хүнсний үйлдвэр, үйлчилгээний салбар руу оруулсан нь зөв зохицол ажээ. Газрын тос руу хөрөнгө оруулалтынхаа 33 хувийг оруулсан. Худалдааг бүгдийг нь хувьчилж, үйлчилгээний салбарыг эдийн засгийнхаа төв болгож чаджээ. Зөвлөлтийн үед ажиллаж байсан 1300 хамтрал, сангийн аж ахуйг тарааж, суурин дээр нь 35 000 фермерийн аж ахуй байгуулан, тэднийг таван жилийн турш татвараас чөлөөлдөг. хөнгөлөлттэй үнээр шатахуун худалддаг гэхчлэн туршлагаас нь суралцмаар санагддаг юм.

Казахстаны газрын баялаг гэж дундаршгүй, түүнийг хамгийн зөв зарцуулсан гэлцдэг.

Азийн бүс нутгуудыг өвөр хооронд нь холбох, улмаар хамтран хөгжих, азийн салбар бүс нутгуудын хамтын ажиллагааны элдэв санал санаачилгын чухам хаана нь манай Монгол багтах ёстой вэ. Дээр нэрлэсэн хоёр улсад 1990-ээд оны дунд үе, бүр сүүлч үед хүрч байж эдийн засгийн шинэчлэлийг хийжээ. Гэтэл 29 жил хос шилжилтийг хийж буй Монгол яагаад тэднээс дор байх ёстой гэж гэдэгт уншигчид хариултаа бодож ол!

Казахстаны газрын баялаг гэж дундаршгүй, түүнийг хамгийн зөв зарцуулсан гэлцдэг. Газрын асар их баялагтай манай улсын энэ өнцгөөс танил дотно тэр улсаа нэг тольдоё. “Нефть, хий, алт, мөнгө бурхны авралаар манайд байна. Энэ бол бидний баялаг. Энэ бол бидний халаасанд байна, хэн ч түүнийг авч чадахгүй. Бусдад хамаг юмаа өгчихөөд тоос шороо бужигнуулаад үлдэж чадахгүй.

Энэ бол бидний явах зам биш” эдүгээ Казахстанд мөрдөж байгаа нийгмийн бичигдээгүй хууль. Захын хасаг хүн тэгж хэлнэ, ярина. Бүр бардам. Энэ улс реформоо тун энгийн, хялбараар эхлүүлсэн юм. Зарчим нь “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр”. Уриа дуудлага, бас албадлага. “Ардчилал”, “Хүний эрх” гэж их уриалсан бол 140 үндэстэн ястан аж төрдөг, хасаг нь олонх болж чадаагүй байсан тэр улс яаж бужигнаж, хэчнээн төрийн эргэлт, цэргийн эргэлт өнгөрөөчихсөн байх байсан бол.

Манайхны ёстой нэг суралцаасай гэдэг туршлага бол цөмийн эрчим юм. Цөмийн эрчим хүч гэхээр манайхан сэтгэл дундуур, иргэний хөдөлгөөнүүд түүнийг газар дор ортол муухай харагдуулчихсан, ерөөсөө муу нэртэй. “Арева” гэх цөмийн эрчим хүчний компани 1997-1998 онд Монгол, Казахстан хоёр улс руу шууд зэрэг орсон байдаг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Манайхан “Арева”-г юу болгож тавьчихаад, хөөж гаргаад байж байгааг уншигчид мэдэх тул би ярихгүй. Харин өнөөх Казахстан эдүгээ цөмийн эрчим хүч ба ураны дэлхийн том тоглогч болчихсон, эхний “топ 5”-д явна. Гэтэлд манайд сураг ч алга. Бас нефть, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ баялаг болгон экспортод гаргаж санхүүгийн эх үүсвэр хуримтлуулж чадсан аугаа туршлага нь байна.

Назарбаевын засаглалын мэргэн ухаан, хатуу шаардлагын дагуу Казахстан нь өрсөлдөх чадвараараа дэлхийн 190 улсаас 40 рүү ороод ирсэн. Бизнес үнэлгээгээр 150 гаруй орны эхний өндөр хөгжилтэй 50 орны тоонд орж, удахгүй эхний 30 руу орох зорилт тавьсан байна.

Би ичихгүйгээр “аугаа” гээд нэрлэчихлээ. Өөрсөдтэйгээ харьцуулж тэгж хэлж байгаа юм. Очиж үзэж, судалсан учраас бардам хэллээ. Газрын баялгаас олсон орлогоо “Үндэсний фонд” гэгчдээ төвлөрүүлжээ. Энэ сангийнх нь хөрөнгө 100 тэрбум ам.доллараас хол давчихаад байна. Ингээд том хохирол амсахгүйгээр дэлхийн хямралуудыг харьцангуй гайгүй даван туулж байгаа. Тэрхүү “үндэсний фонд”-оо 1990-ээд оны дараахан ашигт малтмал, түүхий эд нэлээд үнэтэй байх үед буй болгож, 1997-1999 оны хямралын үед энэ сангийн тодорхой хэсгийг орон сууц, газар тариалан, тариалангийн салбарын бүтцийг өөрчлөх, аж үйлдвэржүүлэлт, шинэ ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжлийн салбаруудад зарцуулж чадсан хур туршлагаас нь Монгол маань суралцаасай.

Фондоосоо мөнгө гаргаж жил бүр цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлж, хямралын эсрэг бодлого хэрэгжүүлсэн хур туршлага гэж байна. Тэр нь юу гэхтэй зэрэг тараасан мөнгөний үр дүнг дараа нь тооцдог нууц механизм байх шиг. Фонд байлаа гээд ард түмэндээ бэлнээр тараагаад идүүлж уулгаад, жорлон руу цутгуулчихдаггүй нэг мэргэн арга л Казахстанд байх шиг, түүнээс нь суралцаасай.

Одоо энэ улс ашигт малтмалаас үл хамаарсан нано технологи, шинэ эрчим хүчний технологи, эдийн засгийн солонгорсон салбаруудтай болжээ. Назарбаевын засаглалын мэргэн ухаан, хатуу шаардлагын дагуу Казахстан нь өрсөлдөх чадвараараа дэлхийн 190 улсаас 40 рүү ороод ирсэн. Бизнес үнэлгээгээр 150 гаруй орны эхний өндөр хөгжилтэй 50 орны тоонд орж, удахгүй эхний 30 руу орох зорилт тавьсан байна.

Ядуурлын түвшин 1991 онд хүн амын 47 хувьтай тэнцэж байсан бол өдгөө дөнгөж 2.5 хувь болж бараг алга боллоо. Тусгаар тогтнолоо олсон эхний жилд нэг хүнд ногдох ДНБ 300-хан ам.доллар байсан бол одоо энэ тоо 15 000 ам.доллараас хол давлаа. Бас нэг лут туршлага. Гуравхан жилийн дотор нийслэлээ бүсийн жижиг төв байсан Астана руу (өнөөгийн Нур-Султан хот) бүрмөсөн шилжүүлсэн. Тус хот ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай, экологийн цэв цэвэр хот. Нийт ДНБ-ий 10 хувь нь нийслэлд ногддог. Дөрвөн уулын дунд утааны хоронд угаартан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчуудад хасаг нөхдийн энэ туршлага хэрэг болох нь гарцаагүй.

Ийнхүү СССР-ийн дараах, бүгдээрээ Москвагаас татаастай улс орнуудаа харанхуй ангал, тодорхойгүй бүдэг манан дундаас татаж гараад хөгжүүлчихсэн төв азийн улс орнуудыг дарангуйлагчаар нь дуудаж цоллохоосоо өмнө аж ахуйгаа авч явдаг, мөнгө босгодог, мөнгөө гамнадаг арвин их туршлагаас нь суралцууштай.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ