Ази Номхон Далайн Чуулган боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-24 12:58 GMT+8

Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Бригам Янгийн их сургуулийн Марриотт Менежментийн Сургууль (Marriott School of Management at Brigham Young University) бол дэлхийд ёс зүйтэй удирдагч нарыг бэлтгэдэг хамгийн шилдэг сургууль билээ. Ялангуяа нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, инженер, хуулийн төгсөгчдийн чанараараа дэлхийд тэргүүлдэг. Бригам Янгийн их сургууль дэлхийн даяар 4 салбар сургуулийн кампустай бөгөөд нийт 50,000 гаруй оюутан суралцдаг. Монгол улсаас одоогоор 80 орчим оюутан тус сургуулийн салбаруудад амжилттай суралцаж байна.

Тус сургуулийн дэргэдэх BYU Менежементийн Нийгэмлэгийн Монгол дахь салбар болон Ази Номхон Далайн Бүсийн салбар хамтран Монголд анх удаагаа 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд BYUMS Ази Номхон Далайн Бүсийн олон улсын чуулганыг амжилттай зохион байгууллаа. Уг чуулганд АНУ, Австрали, Тайвань, БНСУ, Вьетнам, Хонконг, Монгол зэрэг орны салбаруудын төлөөлөл болон бусад жижиг дунд үйлдвэрлэгчид, оюутан залуус, ажил хэрэгч бизнесменүүд бүхий 180 гаруй хүн оролцсон юм.

Уг чуулганд жилийн 3.5 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг дэлхийн хамгийн том эрүүл мэндийн тос (essential oil) үйлдвэрлэгч DoTerra компанийн үүсгэн байгуулагч Грег Күүк, Монгол улсад 23 жилийн турш хөрөнгө оруулалт хийж 500 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй Вагнер Ази Тоног төхөөрөмж компанийг бий болгосон Wagner Equipment компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Коди Элдриж, БНСУ-ын Сэжүн их сургуулийн бизнесийн профессор, хэлэлцээрийн мэргэжилтэн гэгддэг Паг Жи Санг, Монгол улсад утааг бууруулах зорилготой 10,000 гаруй айлын гэрийг дулаалах “Гэр” төслийн удирдагч Австралийн Петр Мөөрс, Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дикан, Хавай дахь Бригам Янгийн их сургуулийн захирал асан, профессор Стивэн Уйлрайт, Марриотт Менежментийн Сургуулийн бизнесийн стратеги, ёс зүйн профессор Брад Игл нар үндсэн илтгэгчдээр оролцож үг хэлж, хүмүүсийн сонирхсон сэдвээр санал бодлоо харамгүй солилцлоо.

Мөн боловсрол, хувийн бизнес, хөрөнгө оруулалт, маркетингийн чиглэлээр нийт 16 төрлийн сэдвийг хамарсан хэсэгчилсэн сургалтыг (Breakout session)  2 өдрийн турш хийсэн юм. Уг сургалтуудыг Deutsche банкны Японыг хариуцсан захирал асан, Дезерет олон улсын энэрэлийн байгууллагын захирал Брэт Дандой, Марриот Менежментийн сургуулийн MBA, MPA хариуцсан захирал Жонатан Вүүд, N.A.R ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Ц.Ариунчимэг, Гэрэгэ Крэйтив Солюшн компанийн үйл ажиллагааны захирал Гаррет Вилсон, Говь ХК-ийн Хүнийн нөөцийн менежер Ч. Боловсон , Хонконгийн хөрөнгө оруулагч Аллэн Андэрсэн, New Milestone компанийн үүсгэн байгуулагч Н.Адъяаболд зэрэг олон хүн сургалт өгч хүмүүст өөрсдийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан юм.

Залууст Марриотт Менежментийн сургуульд 100%-ийн тэтгэлэгээр магистрт сурах боломжийн тухай хуваалцсан Жонатон Вүүдийн хэсэг маш сонирхолтой байсан бол шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст Аллэн Андэрсэнийн зөвлөгөө илүү их тус болсон болов уу. Хувьцаа болон хөрөнгө оруулалт, хувийн санхүүгийн талаарх Брэт Дандойн хэсгийг хүмүүс мөн анхаарал тавин сонирхож олон асуулт асуусан юм. Шинээр ажил хайж байгаа шинэхэн төгсөгчдөд Говь ХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд ороход анхаарах зүйлс, ярилцлаганд хэрхэн бэлтгэх зэрэг зөвлөгөөнүүд илүү амьдралд ойр, үнэт зөвлөгөө болж чадлаа.   

Өөр нэгэн сонирхолтой үйл ажиллагаа нь бизнес төлөвлөгөөний тэмцээн байлаа. Уг чуулган болохоос 2 сарын өмнө Азийн орнуудын дунд бизнес төлөвлөгөөний уралдаан зарласан бөгөөд 18 бизнесийн төлөвлөгөө ирснээс хамгийн сүүлийн шатанд 8 бизнес төлөвлөгөө шалгарч үлдсэн. Шалгарсан 8 бизнесийн эзэд өөрсдийн бизнес төлөвлөгөөгөө Англиар танилцуулсан юм. Үндсэн илтгэгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 4 бизнесийг шалгаруулсан ба 1-р байрт “Гилгэрэм” гарын саван орж 2,500 ам.доллар болон АНУ-д 10-р сар болох олон улсын чуулганд оролцох эрх, 2-р байрт “Ээж Кимчи” шалгарч 1,500 ам.доллар, 3-р байрт Тайваниас ирж оролцсон “Нинжа Код” компьютерийн програм шалгарч 1,000 ам.доллар, 4-р байрт утааг шүүх “Цэвэр агаар” төсөл шалгарч 500 ам.долларын шагналыг тус тус хүртсэн юм. Уг бизнес төлөвлөгөөний тэмцээнийг өмнө нь зөвхөн Монгол дахь гишүүдийн дунд зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлэн Азийн орнуудын дунд жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд сонирхсон хэн ч гэсэн дараагийн тэмцээнүүдэд оролцох боломжтой.

Хоёр өдрийн энэхүү чуулган дээр нийт 20 гаруй залуус сайн дураараа ажиллаж, бусдад үйлчилсэн юм. Чуулганы ивээн тэтгэгчдээр Мандах Эрин ХХК, Петровис ХХК, Акай ХХК, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Нью Майлстоун Тур ХХК, Бригам Янгийн их сургууль болон бусад сайн дурын ивээн тэтгэгч хувь хүмүүс хамтран ажилласан байна. Мөн Хэнтий аймаг дахь ядуу буурай, өнчин хүүхдүүдэд туслах аянг энэ үеэр эхлүүлсэн бөгөөд гадаад дотоодын олон хүн сайн дураар харамгүй хандив өргөсөн юм. Энэхүү хандивыг цуглуулж дууссаны дараа шаардагдах хувцас, хичээлийн хэрэгсэл, хоол хүнсийг Хэнтий аймаг дахь хүүхдүүдэд BYU Менежментийн Нийгэмлэгийн Монгол дахь салбарыг хүргэж өгнө.

Чуулганы төгсгөлд ирэх жилийн чуулганыг хаана хийхийг зарласан бөгөөд 2020 оны Ази Номхон Далайн Бүсийн чуулганыг Тайвань улсын Тайпэй хотод хийхээр болов. Тайваниас ирсэн төлөөлөгчид уг урилгыг баяртайгаар хүлээн авч амжилттай зохион байгуулахаа мэдэгдлээ.

BYU Менежементийн Нийгэмлэгийн Монгол дахь салбар нь төрөл бүрийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг бөгөөд хэрэв та гишүүнээр элсэж, үйл ажиллагаануудад нь оролцохыг хүсвэл фэйсбүүк хуудаснаас нь мэдээлэл авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ