А.Энхжин: Төгрөгийн ханшид дарамт учруулахгүйгээр валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж байнa

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-24 16:39 GMT+8

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй Монгол Улсын валютын зах зээлийн талаар ярилцлаа.

-Та мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монголбанкны чухал нэгжүүдийн нэгийг удирдаж байгаагийн хувьд өнөөгийн эдийн засгийн байдал, манай улсын валютын зах зээлийн онцлогийг уншигчдад товч танилцуулна уу.
-Монгол Улс олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн бусад орнуудаас худалдан авдаг. Тухайлбал, 2018 онд нийт 118 улсаас 1328 нэр төрлийн барааг импортоор худалдан авсан байна. Гэвч нөгөө талдаа гадаад валютын голлох эх үүсвэр болох экспортын орлогын 90 орчим хувийг дан ганц уул уурхайн түүхий эд борлуулснаас олох орлого бүрдүүлдэг. Экспортын тус бүтэц нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн үед манай улсын уул уурхайн салбарыг дагаад нийт эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, экспортын орлого өсөх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэргээр гадаад валютын дотогшлох урсгал нэмэгддэг ч эргээд түүхий эдийн үнэ буурсан үед эдийн засаг хүндэрдэг.

 2021 оноос эхлэн олон улсын зах зээлээс авсан гадаад зээл, бондын 10 тэрбум ам.долларыг барагдуулах шаардлагатай.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлж ирснээс эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөг маш өндөр далайцтай явж иржээ. 2011-13 онд эдийн засаг 2 оронтой тоогоор өсч байсан бол 2016 он буюу гуравхан жилийн дараа агших хүртлээ доройтож, инфляц эдийн засгийн уналтаас шалтгаалан 2016 онд дефляц руу орж байлаа. Ийм нөхцөлд макро эдийн засгийн төлөвийг 1 жилээс дээш хугацаагаар урьдчилан таамаглахад туйлын хүнд. Үүнээс шалтгаалан бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа урт хугацаагаар төлөвлөх боломжгүй болж, улмаар гаднын хөрөнгө оруулагчийн нүдээр Монгол Улсын эрсдэл өндөр харагддаг.

Манай улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу бидний орлогын эх үүсвэр ганц салбараас хамааралтай, нөгөө талдаа маш олон төрлийн бараа, үйлчилгээг импортоор авч байгаа нөхцөлд валютын эрэлт, нийлүүлэлтэд хугацааны зөрүү үүсдэг. Энэ нь төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх хамгийн гол шалтгаан болдог. Ийм ч учраас УИХ-аас баталдаг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд Монголбанк валютын ханшийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан түр зуурын хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад оролцохоор заасан байдаг.

Сүүлийн үед зарим улс төрч Монголбанк хангалтгүй ажиллаж байна гэсэн мэдэгдлийг хийх боллоо. Тухайлбал, 2016 оноос хойш төгрөгийн ханш суларсан, инфляц 2 оронтой тоонд хүрлээ гэх зэргээр шүүмжлээд байгаа. Энэ талаар та бодлоо хуваалцаж болох уу.

2016 оноос хойш Улаанбаатар хот болон улсын хэмжээнд жилийн инфляц Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж ирсэн. Уг мэдээллийг Үндэсний статистикийн хорооны веб сайтаас харах боломжтой. Тодруулбал 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 7.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.8 хувь байна.

Монголбанк 2018 оны 2 дугаар хагаст 1.1 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн. 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хувьд 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларсны 23 нэгж хувийн сулралт нь 2016 оны сүүлийн 5 сард бий болсон. Тухайн үед гадаад валютын улсын нөөц (ГВУН) шавхагдсан, улсын төсөв өндөр алдагдалтай байсан тул Монгол Улс дотоод нөөц бололцоогоороо эдийн засагт үүссэн аливаа гэнэтийн сөрөг нөлөөг зөөлрүүлэх боломж хязгаарлагдмал байлаа.

Тодруулбал 2016 оны 2 дугаар хагаст ГВУН 1 тэрбум орчим ам.доллар байсан боловч богино хугацаанд хийх гадаад валютын төлбөрүүд болох Хөгжлийн банкны бондын төлбөр, Засгийн газрын үндсэн өрийн төлбөр, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, хувийн хэвшлээс эргэн төлөгдөх эх үүсвэр зэрэг нийлбэр дүнгээрээ гадаад валютын албан нөөцөөс 4-5 дахин давсан өр төлбөр хүлээгдэж байсан. Ийм хүнд нөхцөлд нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдалдаа зөв дүгнэлт өгөх, хоёрдугаарт, уг хүндрэлээс гарах төлөвлөгөө, бодлогыг яаралтай боловсруулах шаардлага тулгарсан. Улмаар хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулан сэргээх бодлогыг Монголбанк Засгийн газартай хамтран боловсруулж, тууштай хэрэгжүүлсэн. Үүнд:

Нэгт, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Монголбанк уг хөтөлбөрийн хүрээнд инфляцыг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Хоёрт, УИХ-аас баталсан энэхүү бодлогын баримт бичгийг Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагад танилцуулан, хэлэлцээр хийж, 2017 оны эхээр хөтөлбөр тохирсны үндсэн дээр 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг Монгол улсад оруулж ирэх бололцоог бүрдүүлсэн.

Гуравт, ГВУН-ийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын байдлаар ГВУН 1.0 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны 4 дүгээр сарын байдлаар ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл сүүлийн хоёр жилийн байдлаар өмнөх жилүүдийн дунджаас 55 хувиар буурсан байдаг. Мөн яаралтай төлөгдөх зээл, бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх ажлыг Монголбанк, Засгийн газар хамтран гүйцэтгэсэн бөгөөд 2019-2020 онд төлөгдөх том дүнтэй гадаад зээл, бондын төлбөрийн дарамтгүй боллоо. Харин 2021 оноос эхлэн олон улсын зах зээлээс авсан гадаад зээл, бондын төлбөрийг төлж барагдуулах шаардлагатай. Засгийн газар, Монголбанк нийт 8.6 тэрбум ам.долларын гадаад өрийг төлж барагдуулахаар хүлээгдэж байна. Иймд цаашид ГВУН-ийг улам нэмэгдүүлж, зохистой түвшинд хүргэхийн төлөө Монголбанк шаргуу ажиллаж байна

2018 оны хоёрдугаар хагаст (i) Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хурдтай нэмэгдүүлж 2.50% буюу Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш хамгийн өндөр хэмжээнд хүргэсэн; (ii) Монгол Улсын эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор зээл олголт өмнөх оны мөн үеэс 24%, импорт 36%-иар өссөн нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн; (iii) 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын нүүрсний экспортын хагасыг гаргадаг Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд доголдол гарсан, БНХАУ импортлох нүүрсний хэмжээндээ хязгаарлалт тогтоох тухай мэдээлэл гарсан зэргээс шалтгаалан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан. Эдийн засагт үүссэн гэнэтийн сөрөг нөлөөг сааруулж, эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгах зорилгоор Монголбанк 2018 оны 2 дугаар хагаст 1.1 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна.

Дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монголбанк их хэмжээний валют захад нийлүүлж, гадаад валютын нөөцийг үрэн таран хийсэн гэх шүүмжлэл байгаа шүү дээ. Энэ талаар?

Өмнө дурдсанчлан Монгол Улс 2021 оноос эхлэн их хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нийтдээ зээл, бондуудын үндсэн төлбөрт Монголын төр 8.6 тэрбум ам.доллар, хүүгийн төлбөрт 1.4 тэрбум ам.доллар буюу ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр маань 10 тэрбум ам.доллар байна. Уг өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар бид судалж, эдийн засагтаа аль болох сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүний тулд хамгийн түрүүнд хийх ажил бол ГВУН-ийг арвижуулах явдал юм. Бид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ГВУН-ийг өсгөх амлалт авч, уг хөтөлбөрийн зорилтыг тогтмол амжилттай биелүүлж ирлээ.

Монголбанк өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийсэн.  Ингэсний үр дүнд Монголбанк 

  • 2016 онд 18.6 тонн,
  • 2017 онд 20 тонн,
  • 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, 

ГВУН-ийг жил бүр 700-800 сая ам.доллараар арвижууллаа. 2019 онд 20 орчим тонн алт худалдан авах хүлээлттэй ажиллаж байна.

Түүнчлэн ГВУН-ийг нэмэгдүүлэх, валютын ханшийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулах зорилгоор томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч байна. Тухайлбал, 2018 онд 

  • Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар,
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 225 сая ам.доллар,
  • Эрдэнэс тавантолгой ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авсан бол

2019 оны 4 дүгээр сарын 18-ны  байдлаар 

  • Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар,
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 150 сая ам.доллар,
  • Эрдэнэс тавантолгой ХК-иас 200 сая ам.доллар,
  • Бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар буюу нийт 660 гаруй сая ам.долларыг худалдан аваад байна.

Үүний зэрэгцээ дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголбанк шаардлагатай тохиолдолд интервенц хийж, ханшийн хэлбэлзлийг бууруулах, нөгөө талдаа төгрөгийн ханшид дарамт учруулахгүйгээр валютын нөөцийг нэмэгдүүлэх давхар зорилтыг биелүүлж байна.  

Валютын зах дахь дарамт өндөр байсан 2013-14 онд Монголбанкнаас жилд 2.3-3.0 тэрбум буюу хоёрхон жилийн дотор 5 гаруй тэрбум ам.долларыг захад нийлүүлж байсан ч 2013 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 19 хувь, 2014 онд 14 хувиар суларч байв. Харин сүүлийн жилүүдэд Монголбанкнаас төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр огцом хэлбэлзлийг нь бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлж байгааг дээрх зургаас харж болно.

Би 2004 онд сургуулиа төгсөж ирээд л Монголбанкинд ажилд орж байлаа. Эргээд харахад би Монголбанкинд орсноосоо хойш Валютын газар, Эрсдэлийн удирдлагын алба, Тамгын газар болон одоогийн Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар зэрэг Монголбанкны чухал нэгжүүдэд ажиллаж байжээ. 

Монгол Улсад хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг бид олон улсын зээлжих зэрэглэл тогтоох мэргэжлийн байгууллагуудаас тогтоодог зээлжих зэрэглэлээс ч тодорхой харж болно. Тухайлбал, Moody’s агентлаг 2016-17 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2 шатлалаар бууруулж, Caa1 түвшинтэй хэмээн үзэж байсан бол одоо уг зэрэглэл эргээд өсч B3 байна. Өөрөөр хэлбэл, олон улсын мэргэжлийн байгууллагууд Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогууд эдийн засагт үр дүнгээ өгч, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна гэж дүгнэж байна.

-Сүүлийн үед улс төрчдийн зүгээс хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр Төв банкны бодлого, үйл ажиллагааг шүүмжилж байгаа нь та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Мэдээж иймэрхүү мэдээллүүд төрийн бодлого хэрэгжүүлж буй байгууллагуудад маш хортой. Төв банкууд “Нэр хугарахаар яс хугар” гэдэг зарчим баримталж ажилладаг. Учир нь мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт үр дүнгээ өгөхдөө тодорхой хугацаа зарцуулдаг. Иймд Төв банкууд иргэд, олон нийтийн хүлээлтийг удирдах замаар мөнгөний бодлогоо амжилттай хэрэгжүүлдэг туршлага олон улсад бий. Гэтэл Төв банк руу үндэслэлгүй сөрөг гүтгэлэг, дайралтууд ирснээр Төв банкинд итгэх олон нийтийн итгэл үгүй болж, улмаар мөнгөний бодлого зорилтот үр дүндээ хүрэхгүй байх, эргээд эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байгаа хэрэг. Иймд нийт ард, иргэддээ хандаж хэлэхэд энэ мэт үндэслэлгүй сөрөг гүтгэлэгт автахгүйгээр аливаа мэдээллийг бодит эх сурвалжаас авч, нухацтай хандаж байхыг уриалж байна.

Би 2004 онд сургуулиа төгсөж ирээд л Монголбанкинд ажилд орж байлаа. Эргээд харахад би Монголбанкинд орсноосоо хойш Валютын газар, Эрсдэлийн удирдлагын алба, Тамгын газар болон одоогийн Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар зэрэг Монголбанкны чухал нэгжүүдэд ажиллаж байжээ. Монголбанкинд орж ажил хөдөлмөрийн дөр сууж, хамт ажиллаж байсан үе үеийн хамт олноосоо мэргэжлийн болоод хувь хүн талаасаа маш олон зүйлийг сурсандаа талархаж явдаг бөгөөд Монголбанкны ажилтнуудын мэргэжлийн ур чадварт би огтхон ч эргэлздэггүй.

-Энэ онд валютын зах зээл хэрхэх хандлагатай байна гэж та харж байна вэ?
-Энэ оныг 2018 онтой харьцуулахад томоохон дүнтэй бонд, зээлийн эргэн төлөлтийн дарамтгүй, эдийн засгийн өсөлт эрчимжиж, төлбөрийн тэнцэл сайжрах хүлээлттэй байгаа. Тодруулбал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас нийт 840 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх, Холбооны Нөөцийн Банк 2019 онд бодлогын хүүгээ өсгөхгүй, магадгүй бууруулах, дэлхийн зах зээл дээрх зэс болон нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна. Иймд Төв банкны зүгээс валютын захын төлөвийг тогтвортой байна гэж харж байна.

Гэхдээ АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэлтэй дэлхийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдээд байна. Үүнээс шалтгаалан эрдэс, түүхий эдийн үнэ буурах эрсдэл тодорхой хэмжээнд байгаа. Иймд гадаад болон дотоодын эдийн засгийн болзошгүй эрсдэлээс сэргийлж, дор бүрнээ мэргэжлийн тооцоо судалгаагаа сайн хийж, зөв, оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4330 санал өгсөн байна.

Дээшээ