Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын ээлжит чуулганы даргаар ажиллана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-25 12:55 GMT+8

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцож, чуулганы даргаар ажиллана.

Комиссын 75 дугаар чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд “хэнийг ч орхихгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг Ази, Номхон далайн бүс нутагт хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

АНДЭЗНК-ын 50 гаруй гишүүн улсын төлөөлөгчид чуулна.

Чуулганд Науру Улсын Ерөнхийлөгч Барон Вака, Тувалу, Вануату Улсын Шадар сайд, Бутан, Лаос, Тайланд, Тимор-Лесте Улсын Гадаад хэргийн сайд оролцох бөгөөд АНДЭЗНК-ын 50 гаруй гишүүн улсын төлөөлөгчид чуулна. Түүнчлэн  Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдик Хун Сен нар хүндэт зочноор уригдан оролцоно.

Манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан. 20 жилийн дараа чуулганы даргаар ажиллах болсон нь НҮБ болон түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны сайд чуулганы Бүгд хуралдаан болон Буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний тусгай хуралдааныг тус тус даргалахаас гадна манай улсын санаачилгаар зохион байгуулах “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээрх тусгай арга хэмжээнд оролцоно. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Эх сурвалж: ГХЯ

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 200 санал өгсөн байна.

Дээшээ