Б.Халиун: 2018 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 34 хүүхдийг түр хамгаалах байранд авчирсан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-27 10:54 GMT+8

“Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-аас сэтгүүлчдийг “108 хүүхдийн тусламжийн үйлчилгээний төв”, “Үжин төв”, “Өнөр бүл” хүүхдийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцууллаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалдаг, хамгаалах байрны орчин, нөхцөл ямар байгааг харуулах зорилготой уг үйл ажиллагаа энэ сарын 25-нд болсон юм.

Хүүхэд хамгааллын байр, төвүүдэд санхүү болоод, хүний нөөцийн бэрхшээл нэн тэргүүнд тулгамдаж байна. Тэр бүгдийг ганц улсын төсвөөс хангаж чадахгүй байгаа аж.

“Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дэд дарга Б.Халиун “Хохирогчид үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэх буюу төрийн бус байгууллагаар дамжуулан мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бий. Энэ нь төсвийн мөнгийг хэмнээд зогсохгүй төрийн бус байгууллагуудыг бойжуулдаг. Тиймээс өнгөрсөн жил бид төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөл байгуулж, зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан нэг төрийн бус байгууллагыг сонгон авсан” гэв.

Тэр нь “Үжин” ТББ юм. Тэд өдгөө “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв” нэртэй ажиллаж байна.

108 утасны түр хамгаалах байранд 2018 онд 995 хүүхэд үйлчлүүлснээс 821 хүүхдийг 108 утасны машинаар зөөвөрлөн авчирсан байна. Тэдний 34 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байжээ.

“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гэмт хэрэгтэн өмнө нь үнсэх, тэврэх зэрэг ямар нэг байдлаар хүчирхийлэх гэж завдсан байдаг. Энэ нь даамжирсаар хүчирхийлэл болдог. Ихэвчлэн ураг төрлийн хүн нь үйлддэг” хэмээн ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн юм.

108 утасны түр хамгаалах байрыг 2016 онд байгуулахдаа 22 ортой, жилд 150-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж тооцоолсон юм. Гэтэл 2018 оны байдлаар 995 хүүхдэд хамгаалан байршуулах үйлчилгээ үзүүлжээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ