“Эверестэд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь уулчдын үүсгэсэн түгжрэлтэй холбоогүй”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-05-27 12:50 GMT+8

Балба улсын аялал жуулчлалын газрын эрх баригчид Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь уулчдын үүсгэсэн түгжрэлтэй холбоотой гэх мэдээллийг няцаажээ. Тус газрын дарга Данду Радж Гимирийн мэдээлснээр цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.

Энэ улиралд 10 уулчин амиа алдсан эсвэл сураггүй болсон гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байгаа билээ. Түүнчлэн Эверестийн оргил руу авирахаар дараалан зогсож буй уулчдын зураг тавдугаар сард цахим ертөнцөд нийтлэгдэв.

Энэ хавар 381 уулчин Эверестийн оргилд авирсан ч таатай цаг агаарын нөхцөл удаан үргэлжлээгүй байна. Уулчдын тоо ч төсөөлснөөс хамаагүй их байжээ. Одоогоор тус ууланд найман хүн амиа алдсан тухай Гимир албан ёсны мэдэгдэлдээ дурдав.

Хамгийн сүүлд тавдугаар сарын 25-ны өдөр Их Британийн 44 настай уулчин Хейнс Фишер Эверестийн оргилд гараад хэдхэн минутын дараа нас барсан байна. Мөн Ирландын иргэн 56 настай Кевин Хайнс өнгөрсөн баасан гарагт майхандаа нас барсан бол дахин нэг Ирландын иргэн Симус Лоулесс оргилын ойролцоогоос унаж амиа алджээ.

Үүнээс гадна нэг Балба, дөрвөн Энэтхэг, нэг Австри, нэг Америк иргэн амиа алдсан эсвэл сураггүй болоод байна. Орон нутгийн аялал зохион байгуулагч “Энэтхэг уулчдын нэг Нихал Ашпак Бхагван нь ууланд авирагчдын үүсгэсэн дараалалд 12 цаг явсны дараа нас барсан” талаар "AFP" агентлагт мэдээлсэн юм.

Аялал жуулчлалын газрын дарга Гимир амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ