Л.Наранбаатар: Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудыг огцруулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-05-27 14:48 GMT+8

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” (1072 ХЭЭАХХ) -ноос “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудад энэ сарын 24-ний өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Тэд эх үрсийн баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг өгөхийг шаардаж буй бөгөөд шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцортол жагсаал, суулт хийнэ гэж мэдэгдээд байгаа юм. Тэрээр 145 мянган гишүүнтэй “1072 хувьцаа” фэйсбүүк группт жагсаал хийх болсоноо өнөөдөр дараах байдлаар тайлбарласан байна.

“Ерөнхий сайд 5 сарын 15-д Говь-Алтай аймгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр манай холбооны гишүүн С.Батмөнхийн асуусан асуултанд хариулахдаа "та нарын ногдол ашгийг чинь би аваагүй, компанидаа байгаа, компаниасаа ав" гэж хэлсэн.

Тиймээс бид ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг 5 сарын 28-ны 18 цагаас өмнө ногдол ашиг өг гэдэг шаардлага тавьсан. Өгөхгүй бол бүрэлдэхүүнээр нь огцруулах жагсаал, суултыг огцорох хүртэл хугацаагаар Эрдэнэс Тавантолгой компанийн оффист 5 сарын 29-ний 10 цагаас эхлэн хийх юм.

Ажлын хэсэг дээр ногдол ашгаа өг гэсэн шаардлагад компани өгөхгүй ээ гэдэг хариултаа өгсөн учир ийм тэмцлийн арга зам уруу шилжиж байна.

Эх үрсийн баяраас өмнө Ногдол ашгийг нь өгүүлчих юмсан. 1072-той хүнд 90 мянга, цаашлаад 400 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломж байсаар байтал компани 20 мянга энэ тэр гэж хамаагүй бага тоо хэлж, жигшээх тактик явуулж байгаад бүр сүүлдээ иймхэн юмаар яахав, бүтээн байгуулалтандаа зарцуулчихъя гээд санал асуулга явуулсан гэж худал ярьж, иргэдийн тархийг угаан ногдол ашгийн мөнгийг ТЭЗҮ, судалгаагүй ЗүүнБаянгийн 414км төмөр зам уруу 20 жилийн хугацаатай, ямар ч хүүгүйгээр хийх гээд байгаад дургүй хүрч байна. Үнэхээр 1072 хувьцааны үнийг өсгөе, ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлье гэж бодсон бол 700 тэрбум төгрөгөөр овоолсон Тавантолгой-Гашуун сухайтын 276км төмөр замын далангийн шороогоо гүйцээх байсан юм. Тэгвэл жинхэнэ бүтээн байгуулалт болох байлаа. Ер нь энэ шороо өдийд төмөр зам болчихсон байх ёстой, энийг идэж уусан хулгайч нараас мөнгийг нь гаргуулж төмөр зам барих нь уг нь зүйд нийцнэ. ТЭЗҮ байхгүй юм чинь дараа жил ЗүүнБаянгийн төмөр замыг гүйцээх мөнгө хүрсэнгүй гээд дахиад бидний ногдол ашгийг дээрэмдвэл яах вэ?

Дахиад овоолсон шороотой үлдвэл хэн хариуцлага хүлээх вэ? Ямартай ч хохирогчид нь бид болно. Хулгай, луйваргүй бол багадаа 90 мянгыг, цаашлаад нүүрсээ зах зээлийн үнээр зарвал 1хүнд 400 мянган төгрөг ногдол ашгаар өгөх боломжтой гэдгийг ажлын хэсэг дээр танилцуулсан, няцаах ямар ч хариулт тэд өгч чадаагүй, хариуд нь нэр нүүрээ нуусан фэйсбүүк хаягнуудаас "sponsored" гүтгэлгүүдээр л нүдэж байна. Сэтгүүлчид, жиргээчдийг уурхай дээрээ бөөн бөөнөөр нь аваачиж хооллож, ундалж байгаа нь жагсаалын үеэр худал хуурмаг, гүтгэлэгийн бороо оруулахаар бэлдэж байгаа юм биш бээз? 300 тэрбум төгрөгийн борлуулалт, маркетингийн төсөв нь амлалтаасаа буцсан худалч дарга нарыг хамгаалах, хаацайлах, магтан дуулах, хувьцаа эзэмшигчдээ гүтгэн харлуулахад зарцуулагдаад эхэлж байгаа юм биш биздээ?

Тиймээс нэгдэж тэмцэцгээе, одоо боллоо, хангалттай, амлалтанд чинь хууртлаа, бид цаашдаа тэвчихгүй, "Ногдол ашгаа авъя", жагсаж тэмцэцгээе! Хүчээ харуулъя!

Бид хамтадаа 400 тэрбум төгрөгийн үргүй зардлын цавчааг зогсоож чадсан. Энэ нь нэг хувьцаа эзэмшигч иргэнд 160 мянган төгрөгийн ногдол ашиг өгч болох хэмнэлт. Бид одоо хамтадаа ногдол ашиг өгүүлж чадна, баялгийн эзэн, өмчийн эзэн, компанийн эзэн гэдгийг ард иргэддээ мэдрүүлж чадна. Бидэнд асар их хүч, итгэл найдвар, нэгдэл байна!

Олон хүн бидний тэмцлийг дэмжиж жагсаалд оролцож чадахгүй ч гэсэн сэтгэлээрээ цуг байгаа шүү, битгий шантраарай, чанга байгаарай, та нарын ард бид, хувьцаа эзэмшигч жирийн ард иргэд чинь байгаа шүү залуусаа гээд хандив өргөж байна. Ийм байхад бид та нарын эрх мэдэл, мөнгө, гүтгэлгээс айхгүй ээ дарга нараа! Бид улам зориг орж, ялалтандаа итгэл төгс болж байна. Бид улам олуулаа, нягтарч нэгдэж байна. Та нарт одоо сонголт байна дарга нараа!

5 сарын 28-ны 18 цагаас өмнө ТУЗ-өө хуралдуулж 1ш хувьцаанд 84 төгрөг (1072 хувьцаатай иргэнд 90 мянга, 5-6 ам бүлтэй айлд 450-540 мянган төг) -ийн ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, эх үрсийн баяраас өмнө иргэдийнхээ магнайг тэнийлгэх, эс бөгөөс бүрэлдэхүүнээрээ огцрох. Алийг нь сонгох нь та нарын шийдэх асуудал.

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"

Дашрамд дурьдахад Эрдэнэс Тавантолгойн төлөөлөн удирдах зөвлөлд дараах хүмүүс ажилладаг юм байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ