БХБЯ: Лагийн өмхий үнэр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл байхгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-27 15:18 GMT+8

Төв цэвэрлэх байгууламжид олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат мэдээлж байна:

Сүүлийн өдрүүдэд салхины чиглэл, хурдаас шалтгаалан Улаанбаатарын төв рүү эвгүй үнэр нэвтэрч байна. 2020 он гэхэд бид лагийг ариутгаж дуусах ёстой тул маш шахуу ажиллаж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө дуусгах үүргийг бидэнд өгсөн. Япон, Монгол эрдэмтдийн гарган авсан технологийг ашиглаж байна. Нийт 10 га газар тархсанаас бид өнгөрсөн 11 сарын хугацаанд талыг нь цэвэрлээд байна. Аль болох үнэр гаргахгүйн тулд арга хэмжээ авч байна. Цаг агаар дулаарах тусам ялзрал нэмэгдэн, илүү их үнэр гардаг талтай. Лагийг нийт 44 картад хадгалдаг. Өдөр тутам 1200 м куб түүхий лаг шинээр хүлээн авдаг. Нийт 700 мянган м куб лаг цэвэрлэх ёстой. Хуримтлагдсан лагийг машин оруулж задлахаар эвгүй үнэр гардаг. Энэ ажлыг гүйцэтгэх явцад нийт 700 орчим метр куб бодоо, 29 мянган м куб хар шороон хөрс гарна. Эдгээрийг уул уурхайн нөхөн сэргээлт, хөрсний доройтол,  хотын ногооон байгууламжид ашиглана.      

Лагийг байгалийн аргаар буюу ил задгай хадгалдаг байдал арилна.

Цаашлаад нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах, хар шороон хөрс орлуулах, цахилгаан станцын үнсэн санг хучихад хэрэглэнэ. Гэхдээ үүнээс өмнө эмгэг төрөгч, хүнд металлын шинжилгээ авах шаардлагатай. Хувийн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториор хийлгэж байна.

Лагийг усгуйжүүлэх ажил өнгөрсөн есдүгээр сард эхэлж, ирэх долдугаар сард дусна. Ингэснээр лагийг байгалийн аргаар буюу ил задгай хадгалдаг байдал арилна. Лагийн хэмжээ буурна, үнэрийг нь тухайн агшинд нь дардаг болно.  Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл бид хуучин байгууламжаа ашиглана.

Шинэ байгууламж барих ажлын талаар одоо мэдээлье:

Барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанитай гэрээ байгуулан, төслийн санхүүжилтийн тусгайлсан гэрээ байгуулахаар хоёр улсын Засгийн газар ажиллаж байна. Газар шорооны ажил наадмаас өмнө эхэлнэ. Энэ төсөлд олон жил шаардана, 2023 онд ашиглалтад орно. Баталгааны хугацааг нь хуульд заасан хугацаагаар тавьсан. Энэ байгууламжийг бид олон жилийн турш ашиглах тул барилга угсралтад хяналтаа сайн тавина.

Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны найман төрлийн эх үүсвэр бий: машин угаалга, өлөн боловсруулах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд хамгийн бохир ус нийлүүлдэг. Эдгээр үйлдвэрт урьдчилсан сэргийлэх, бага оврын байгууламжтай болох шаардлага тавьж эхэлсэн. Эхнээсээ зарим газар барьчихсан байгаа.  Учир нь төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн бохирдолтой ус хүлээн авах зориулалттай. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг саяхан баталсан. Иймд стандартаас давсан бохирдолтой усыг хүлээж авахааргүй болсон нь давуу тал юм. Ямар хэмжээний бохирдлыг стандартын гэж үзэх вэ гэдгээ ААН-үүдэд таниулан сурталчилсан.

Лагийн өмхий үнэр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл байхгүй байна. Цэвэрлэх байгууламжид хүний амь эрсэдсэн тул “Оюу толгой” гэх мэт аюулгүй байдлыг хамгийн сайн хангасан компаниудаас туршлага судлан, хамтарч ажиллаж байна.      

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ