Хөршүүдийн түншлэл Монголоос тээврийн шинэчлэл “нэхнэ”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-11 13:30 GMT+8

Дэлхийн топ их гүрнүүд хоорондоо хөлөө жийлцэх зуур манай хоёр хөршийн харилцаа гүн гүнзгий ойртон дотносож байна. Америкт мөчөөгөө өгөхгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн өмнөд  хөршийн төрийн тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилж, хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлснийг зарлан тунхаглалаа. АНУ-тай худалдааны тарифаар гал гарсан тулаан өрнүүлж буй өмнөд хөршийн төрийн тэргүүн ОХУ-д айлчлахдаа “Большой” театрт тоглолт үзэн, Москвагийн амьтны хүрээлэнгээр зугаалсан нь Хятад, Оросын түншлэл, харилцан ойлголцлол хэр түвшинд буйг тодхон харуулав.

Сүүлийн жилүүдэд илт сэргэж, илүү ойртсон манай хоёр хөршийн харилцаа ирэх жилүүдэд ч улам батжиж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь итгэмээргүй өсөх төлөв тодорч эхэллээ. Хоёр орны худалдаа 2018 онд 25 хувиар нэмэгдэж, 108 тэрбум ам.долларт хүрчээ. 2020 он гэхэд Хятад, Оросын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт хэдхэн жилийн бүтэшгүй санаа мэт сонсогдож байсан ч мөдхөн биелэх нь. Гэтэл их гүрнүүд одоогийн энэ түншлэлээ ирээдүйд илүү өргөжүүлж, зүү орох зайгүй мэт байгаа улс төрийн харилцаагаар эдийн засгийн түншлэлээ илүү тэтгэж, усална гэдгээ өнгөрсөн өдрүүдэд сүр дуулиантай зарлачихав. Тэгвэл Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн их урсгал, огцом өсөлтөд энэ хоёр улсыг холбодог Монгол Улс нэгдэж, үүнийг боломж болгож чадах уу.

2018 онд Европоос Азийг чиглэх транзит тээвэр буюу ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжин Эрээний боомт хүрэх тээврийн тоо огцом өссөн. Монгол Улс транзит тээврийн нийт захиалгын 80-90 хувийг нь одоогоор биелүүлж байгаа.

Өрнөөс Дорно хүртэлх хамгийн дөт хийгээд дардан замыг хэлхэн оршдог Монгол Улсаар дамжуулах ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, манай улс газар зүйн ховорхон байрлалаа ашиглан чамгүй доллар халааслаж буй нь үнэн. Өнгөрсөн онд Монголын нутгаар дамжин өнгөрсөн чингэлэг тээврийн тоо өмнөх оноос 53 хувиар өсөж, 855 галт тэрэгт хүрчээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс бараг тав дахин өссөн үзүүлэлт юм. Төмөр замаар тээсэн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3.4 сая тоннд хүрснийг албаныхан мэдээлж байна. Сүүлийн жилүүдэд экспорт, импорт уралдан өсөж, Монголоор дайрах тээврийн хэмжээ нэмэгдсэнээс төмөр замын тээврийн орлого 15 хувиар дээшилж, 616 тэрбум төгрөгт хүрэв.

Гэвч манай тээврийн хүчин чадал дээд хязгаартаа тулчихаад байгаа аж. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “Манай нэвтрүүлэх, тээх чадварын хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Одоо технологийн шинэчлэл хийхээс өөр аргагүй болчихоод байна” хэмээн учирласан юм. Үүнийг ч олон улсын төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн. Олон улсын Газар, гүүрийн тээврийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Лин Бэйжань “Транзит тээврийн явц 2017 онд харьцангуй удаан байсан ч 2018 онд Бээжинд болсон уулзалтын дараа огцом нэмэгдсэн. Гэхдээ ачаа тээвэр хурдацтай нэмэгдэж буй энэ үед хүлээн авах чадвар хүрэлцэхгүй байх вий гэдэгт санаа зовниж байна. ОХУ-аас Монголоор  дамжин Хятадад ирж буй ачааны хэмжээ огцом нэмэгдэж буй нь ачаалал үүсгэж байна” хэмээн өгүүллээ.

• Дэлхийн топ их гүрнүүд хоорондоо хөлөө жийлцэх зуур манай хоёр хөршийн харилцаа улам гүнзгийрлээ.
• Манай төмөр замын нэвтрүүлэх, тээх чадварын хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Одоо технологийн шинэчлэл хийхээс өөр аргагүй болчихоод байна.
• Шинэ санхүүжилтээр 470 километр төмөр замыг шинэчилж, зүтгүүрийн паркаа нэмэгдүүлэн, галт тэрэгний удирдлагын бүтцээ өөрчлөх зэрэг ажил хийнэ.

2018 онд Европоос Азийг чиглэх транзит тээвэр буюу ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжин Эрээний боомт хүрэх тээврийн тоо огцом өссөн. Монгол Улс транзит тээврийн нийт захиалгын 80-90 хувийг нь одоогоор биелүүлж байгаа. Цаашид захиалга улам өсөх хандлагатай байгаа аж. Манай улсын гол шугам буюу ОХУ-БНХАУ-тай холбож буй төмөр замын урт 110 км. Энэ нь Казахстанаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр тус тус дөт. Тиймээс худалдаа эргэлтийн тодорхой хувь нь Монголоор дайрахаас өөр аргагүй болж, энэ тээврийн ачааллыг дээд цэгт нь хүргэжээ.

Худалдааны дайнаас үүдэн БНХАУ-ын хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт тарифын хоригт өртөж, эрэлт өсөж эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний түүхий эдийн худалдан авалтаа нэмэгдүүлж байсан өмнөд хөрш өдгөө мах, махан бүтээгдэхүүн, буурцаг зэрэг хөдөө аж ахуйн түүхий эдийн эрэлтээ ОХУ-аас хангахаар зорьж эхэлсэн байна. Энэ хэрээр хоёр хөршийн худалдаа төрөлжиж, илүү ойр дөт дэд бүтцийн сүлжээг эрэлхийлэхэд хүрчээ.

Харамсалтай нь өнөө хэр Монгол Улс хоёр хөршийн худалдааны эргэлтийн их урсгалд бэлэн биш хэвээр. Бараа эргэлтийн хэмжээгээ багахан нэмэхэд л манай хүчин чадлаас давахад хүрээд байгаа нь энэ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт удахгүй 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Монгол болон Хятад улсын хоорондох худалдаа 10 тэрбум ам.доллартай тэнцэх гэж байна. Энэ том худалдааны эргэлтийг гол дамжуулагч нь Монгол Улс байх ёстой. Үүний тулд төмөр замын бүтээн байгуулалт ялангуяа, төмөр замын суурь бүтцийг өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай байгаа” хэмээн мэдэгдсэн нь нэгийг өгүүлнэ.

Харин эдгээр ажлыг хийхэд 240 сая ам.доллар шаардлагатай байгаа аж. Энэ хэмжээний санхүүжилтээр 470 километр төмөр замыг шинэчилж, зүтгүүрийн паркаа нэмэгдүүлэн, галт тэрэгний удирдлагын бүтцээ өөрчлөх зэрэг ажил хийнэ. Мөн хос төмөр зам болон цахилгаанжуулалтад шилжих бэлтгэлээ хийнэ гэдгийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд онцолсон. Гэтэл шинэчлэлээ хүлээж буй төмөр замыг сэргээн сайжруулах санхүүгийн эх үүсвэр өнөө хэр шийдлээ олоогүй байна. Монгол, ОХУын Засгийн газар хоорондын Комиссын хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, хоёр тал дэмжин ажиллах тохиролцоонд хүрсэн хэмээн “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд хэлдэг. Гэвч энэ хэмжээний санхүүжилтийг хаанаас гаргах, хэрхэн босгох нь одоогоор тодорхойгүй. Энэ хэрээр Монгол боломжоо алдаж, манай улсыг чиглэх байсан валютын урсгал биднийг тойрсоор байна.

Худалдааны дайн, хоёр хөршийн харилцаа гээд гэнэтийн хүчин зүйлс Монголд орлогоо өсгөх шинэ боломжийг нээж байна. БНХАУ, ОХУ цаашлаад Европ, Азийн худалдааны эргэлт улам өсөх нь тодорхой болж буй энэ үед бид яаравчлахгүй бол Евразийг холбосон хамгийн дөт гарц болох Монгол Улс их гүрнүүдийн өгч буй боломжийг дахиад л алдахад хүрэх нь.

Г.Байгал 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ