Чернобыльд селфидсэн хүмүүсийг хүндэтгэлтэй хандахыг уриалжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-13 14:40 GMT+8

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан цөмийн ослын тухай өгүүлэх HBO-ийн “Чернобыль” цуврал тавдугаар сард гарсны дараа тус бүс нутгийг зорих жуулчдын тоо нэмэгджээ.

Чернобылиос 21 км зайд орших Припять хотын ойролцоо аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Цөмийн ослоос өмнө 60 мянган хүн амтай байсан тус хотод өнгөрсөн жил 60 мянган хүн зочилжээ. Цувралыг үзэгчдийн хүртээл болсноос хойш аяллын компаниудын захиалга 40 хувиар нэмэгдсэн байна.

Жуулчид цөмийн цахилгаан станц дэлбэрсэн Припять хотод зочлохын хажуугаар олон янзаар сэлфигээ авахуулж байна. Зарим нь хагас нүцгэн зургаа даруулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Чернобыль цувралын зохиолч Крейг Мазин “Энэ бүс нутагт зочлох хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энд амиа алдаж, амиа золиосолсон хүмүүсийн төлөө жуулчид хүндэтгэлтэй хандаж, биеэ зөв авч явах хэрэгтэй” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.

Атомын цахилгаан станцад дэлбэрэлт болох үед 50 орчим хүн амиа алдсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор цацраг идэвхт бодисын хордлогын улмаас 4000 орчим хүн хорвоог орхижээ.

Эх сурвалж: BBC, Guardian

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ