“Та бүхнийг ирээдүйд аз жаргалтай гэр бүлтэй болоосой гэж хүсэж байна”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-13 16:25 GMT+8

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл та бүхэнд уг сургалтын зарим лекцийн хэсгээс хүргэж байна.

МОНГОЛ ОРОН БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨЛГИЙ НУТАГ

Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу

Гэр оронгүй хүн эх оронгүй хүнтэй адил зовлон зүдгүүртэй амьдралыг туулдаг. Тусгаар тогтносон эх оронтой хүн жаргалтай. Эх орноо хайрлахын тулд эхлээд түүнийг таньж мэдэх ёстой. Манай орон Төв Азийн цээжинд орших 1.565 сая км2 газар нутагтай. Энэ том нутаг дэвсгэр газарзүйн хувьд олон сайхан байгалтай. Бид зуны цагаар хөдөө, өвөө эмээ, хамаатан садныхнаараа зочилж айраг, цагаа идэж явахдаа тэр байгалийн сайхныг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч, сэтгэлдээ шингээдэг.

Монгол орон бол хүн төрөлхтний өлгий нутаг. Соёл, хөгжил дэвшил үүсэж хөгжсөн нэгэн гол нутаг юм. Хэдхэн жилийн өмнө Монгол оронд 500 мянган жилийн тэртээ хүн амьдарч байжээ хэмээн үзэж байсан бол өдгөө 800 мянгаас 1 сая жилийн өмнө хэмээн үзэх болсон. Тиймээс та бүхэн хүн төрөлхтний өлгий болсон ийм сайхан оронд төрсөндөө баярлах хэрэгтэй.

Баярлалаа. 


ТАРХИ БОЛ 500гр ЖИНТЭЙ ЖИЖИГХЭН СУПЕР КОМПЬЮТЕР

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч лектор Ж.Цогтсугар

Та бүхний тархи гэдэг бол 500 гр жинтэй жижигхэн супер компьютер л гэсэн үг. Энэ супер компьютер хүн бүхэнд байх ба яаж хайрлаж хамгаалснаас шалтгаалан эзнээ авч явна. Та бүхэн компьютероо унтаж, уйдахад хэрэглээд байвал сүүлдээ мэдээллийг авах чадамжгүй болно. Харин багш, эрдэмтэд шиг хэрэглэж чадвал нийгмээс тэр хэмжээгээрээ шан харамж хүртэнэ. Иймээс энэ бяцхан супер компьютерыг бүгдээрээ хайрлах ёстой. Энэ компьютер өвчнөөр вирустэхээс гадна архи ууж, тамхи татахаар вирустэнэ. Эзэн Чингис хааны сургаал байдаг
Дөч хүрээд Дөнгөж амс
Тавь хүрээд
Тавьж балга
Жар хүрээд
Жаргаж хүрт... гэж.

Тиймээс насанд хүрээгүй хөвгүүд та нар үнэрлэх ч үгүй явах ёстой. Хэрэв эцэг эхийн чинь нэг архины хамааралтай бол бидэнтэй холбоо тогтоо. Бид 6000 хүнийг архинаас гаргаж 6000 гэр бүлийг баярлуулсан. Бид аз жаргалтай, баяр хөөртэй гэр бүлийг бий болгохын тулд л та бүхнийг сургаж байгаа юм.

Эх оронч үзэл ерөөсөө өөрийгөө хайрлах хайраас л эхэлнэ. Бидний биед байдаг хайрын гурвалжинд эх орон минь багтана. Хайрын гурвалжин гэдэг бол бидний хайрлах ёстой гурван эрхтэн юм. Архи хүний биед ороод тархи, зүрх, элэг гурвыг гэмтээдэг. Одоо “элэг бүтэн гэр бүл” гэдэг төсөл хэрэгжихдээ тулсан байна. Энэ бол аюул. Бид дайны тухай ярьж байна.

Халхын голын дайн, эх орноо чөлөөлөх дайнд 2500 эр цэргээ бид алдсан. Өнөөдрийг хүртэл бид энэ ойг тэмдэглэдэг. Тэр хүмүүсийн хүчээр амьд яваа учраас тэднээрээ бахархан дуулж байна. Гэтэл архины улмаас дээрх гурван эрхтэн гэмтэж, элэг устах, зүрх хаагдах зэрэг өвчнөөр жилд 2600 хүн 40, 50 хүрэхээсээ өмнө нас барж байна. Тиймээс бид та нарыг урт наслуулах гэж байгаа юм. Яруу найрагч Р.Чойном үүнийг анзаарч
Хөдөө хотгүй уугаад л
Хөгшин залуугүй согтоод л
Улс орон минь
Уруудан доройтож дээ..
. гэж шүлэглэсэн байдаг. Хэрвээ энэ архидалт үргэлжилсээр байвал цаашид эх орон нь байвч хүмүүс нь үгүй болох нь. Тиймээс өөрийгөө хамгаалах чадвартай бол залуучууд аа. Энэ хар усыг бид та нарт хор гэдгийг нь ойлгуулах гэсэн юм. Хүн нэг удаа согтоход 20-80 мянган эс үхэж тал тархитай болсонтой ялгаагүй болно. Ингээд тал тархитай болохоор тал бодно, тал иднэ, үнэнч сэтгэл нь тал болно, сүүлдээ үүлэн борооны ажил нь ч тал болно.

Бидний үеийн маш олон сайхан залуус энэ архинаас болж бурхны орон руу явж, шоронд орж, маш олон гэр бүл салсан. Тиймээс үүнээс өөрсдийгөө хамгаалцгаая. Буруу зүйлсээс салж зөв зүйлийг хийх зоригтой байцгаая хөвгүүд ээ. Зоригтой хүн онц сурч, зоригтой хүн сайхан амьдардаг юм. Тэвчээр, хатуужил, хүмүүжил эзэмших, хүнийг сонсоно гэдэг бол зориг.

Эх оронч үзэл, эр зоригийг мөнгөөр авдаггүй юм. Тиймээс та бүхнийг хүчирхэг оюун ухаан, бие бялдартай, эх оронч үндсэрхэг үзэлтэй эрчүүд болж Монгол орноо мандуулна гэдэгт бид зуун хувь итгэлтэй байна.

Баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ