“700 саяар авсан шар хашааг гурав дахин бага үнээр хийх боломжтой байсан”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-14 14:00 GMT+8

Нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хашааг өнгөрсөн долоо хоногт шинээр байрлуулсан. Тэгвэл өндөр өртгөөр бүтсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа уг хашааг хууль бусаар тавьсан хэмээн Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллээ.

Нийслэлийн захирагчийн албаны шийдвэрээр тавьсан уг шар хашаа 5000 м орчим урттай бөгөөд 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон. Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээлж буйгаар тус хашааг 200 сая төгрөгийн өртгөөр Монголдоо хийх боломжтой аж.

Монголын зохион бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржав “Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна” хэмээв. 

Тэд Монголдоо хямд үнээр хийж болохоор байтал гадаадаас өндөр үнээр авсан нь хууль зөрчсөн хэрэг хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд Монголын зохион бүтээгчдийн холбооноос гомдол гаргаж байна.

“Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос энэхүү шар хашааг 200 сая төгрөгийн өртгөөр хийх боломжтой гэсэн судалгаа гаргасан” хэмээн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер Л.Эрдэнэхүү хэлсэн юм.

Тус хашлагыг гадаадаас импортолж авсан явдал нь:

  • Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1, 10.2, 13.3
  • Төрийн албаны тухай хуулийн 3.1.1, 5.1, 7.1.1, 7.1.6, 7.1.7, 37, 37.1.3
  • Төсвийн тухай хуулийн 5.1.4, 6.5.4
  • Шилэн дансны тухай хуулийн 1.1, 2.1 зэрэг заалтуудыг зөрчсөн гэж Монголын зохион бүтээгчдийн холбооноос үзэж буй юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ