Монголын компаниудад бизнесийн ёс зүй нэвтрүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-15 15:30 GMT+8

АМЧАМ "КОМПАНИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ" БОЛОВСРУУЛЖЭЭ

“АмЧам Монгол”, Азийн Сан болон “Оюу Толгой” ХХК хамтран бизнесийн ёс зүй, авлигаас сэргийлэх асуудлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг сургалтад оролцогч талуудаас удирдах шатны болон, худалдан авалт, хууль эрх зүй, комплайнс хариуцсан мэргэжилтнүүдийг онцлон урьсан бөгөөд тэдний илтгэлийг сонсож, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, ойлголт өгөв. Түүнчлэн Монгол дахь Америкийн худалдааны танхимаас боловсруулсан Бизнесийн ёс зүйн дүрмийн загварыг танилцуулсан юм. Энэхүү ёс зүйн баримт бичгийг компаниуд бүхлээр нь буюу дотоод дүрэм журамдаа тусган ажиллаж, биелэлтэд хяналт тавихыг уриаллаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын байр суурийг сонирхсон юм.

Г.Жавхлантөгс: ХУУЛИАС ГАДНА ЁС ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛЭЭ МӨРДДӨГ БОЛНО
/
“АмЧам Монгол”-ын Бодлого хариуцсан захирал/ 

-Хэлэлцүүлгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сургалтын үндсэн зорилго нь Америкийн худалдааны танхимын гишүүн байгууллагуудын ёс зүйн үлгэр дууриаллуудыг Монголын компаниудад таниулах, сурталчлах, суралцах зорилготой. Өнөөдөр “Оюу Толгой” компанийн худалдан авалт болон ёс журмуудын талаар танилцуулга хийж байна. Тус компани үлгэр дууриалалтайгаар дүрэм журмаа хэрэгжүүлдэг тул ийнхүү онцолж оруулж байгаа юм.

Мөн өнөөдөр Америкийн Улаан танхимаас ёс зүйн жишиг дүрмийг боловсруулж танилцуулсан. Компани болгон цаашдаа өөрийн ёс зүйн дүрэмтэй байж, түүнийхээ дагуу амьдралд хэрэгжүүлж ажиллах бололцоог нь бүрдүүлэх зорилготой юм. Мөн оролцож буй компаниуд өөрсдөдөө үнэлгээ өгөх юм. Тухайлбал, мэдээлэх журам, ёс зүйн хороо, ёс зүйн дүрэм бичгээр гарсан уу, тэр нь амьдрал дээр хэрэгждэг үү, үгүй юу зэрэг үнэлгээ өгөөд, үүнээс хамаарч цаашдын арга замуудыг боловсруулах сургалт явуулж байна.

-Америкийн компаниудын ёс зүй ямар байдаг вэ. Тэр нь Монголд хэрэгжих боломжтой юу?
-Тухайн компанийн үнэт зүйл нь юу вэ, ашиг сонирхлыг зөрчилдөөнөөс сэргийлсэн зэрэг зүйлсээс хамаараад компани ёс зүйн дүрмээ боловсруулна. Дээд түвшний албан тушаалтнууд өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлж, ажилчдадаа үлгэр дууриалал болж байх хэрэгтэй.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хүүхдийг багаас нь ёс суртахуун, ёс зүйн ойлголттой болгох асуудлыг одооноос шийдэж эхлэх хэрэгтэй. Цаг хугацааны дараа аажимдаа үр дүн харагдана.

Хэдийгээр хуульд захирагддаг ч түүний хажуугаар ёс суртахууны үнэт зүйл гэх ойлголтоо хамт авч явдаг. Ёс зүй гэдэг нь үлгэр дууриаллаар хэрэгждэг зүйл хэмээн Америкийн компани зөвлөж байна. Үүнийг тайлбарлан, ойлгуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Бидний өнөөдөр ярьсан гол зүйл маань “өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй”, “асуудлуудаа бид л шийднэ” гэсэн гаргалгаанд хэлэлцүүлгийн үеэр дүгнэсэн явдал юм.

-Компанийн ёс зүйн асуудалд төрийн зүгээс ямар нэгэн оролцоо, зохицуулалт бий юу?
-Мэдээж хэрэг төрийн зүгээс тодорхой хэмжээний зохицуулалт байх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газар, татвар гэх мэт байцаагчдын лиценц олголт, тендер зэрэгт хариуцлага тооцох  тал дээр ажиллах боломжтой. Зөвхөн төрийн албан хаагчидтай холбоотой ярьдаг байсан бол одоо бизнесийн хуулийн этгээдийн хүрээнд энэ асуудлыг ярьдаг болсон. Энэ нь магтууштай зүйл. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хүүхдийг багаас нь ёс суртахуун, ёс зүйн ойлголттой болгох асуудлыг одооноос шийдэж эхлэх хэрэгтэй. Цаг хугацааны дараа аажимдаа үр дүн харагдана.

-Цаашдаа ийм сургалтыг өөр байгууллагатай хамтран зохион байгуулах уу?
-Энэ бол Азийн сантай хамтран манай төслийн хүрээнд хийгдэж буй сүүлийн сургалт. Гэхдээ бид зургаадугаар сардаа багтаагаад бизнесийнхний хүрээнд удирдлагуудтай зангиагүй уулзалт хийхээр төлөвлөж байна. Тэрхүү уулзалтаар бодит амьдрал дээр гарч байгаа бэрхшээлүүд, асуудлууд, кейсүүдийг ярих байх.

Ж.Оймандах: ТӨРИЙН УДИРДЛАГЫН ЗОХИСГҮЙ АРГА БАРИЛ ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ ШИЛЖИХ ХАНДЛАГА БАЙНА 
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн менежер, олон улсын хуульч

-Компанийн засаглалын онол их ярьдаг. Гадны туршлага, манайхтай хэр ойр вэ?
-Хөрөнгийн хувьд биш, компаийн засаглалын хувьд Монголын компаниудаа гадаадынхтай харьцуулаад үзэхэд тэмээ ямаа шиг өөр байдаг. Засаглал муугаас болоод маш өндөр зардалтай үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 10 жил төрийн удирдлагын зохисгүй зарга барил хувийн хэвшил рүү шилжээд байх шиг ажиглагдаж бн. Хүн болгон компанийн ёс зүйг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Тиймээс нэгдсэн байдлаар яаж ойлгох вэ гэдгийг системтэйгээр авч үзэх хэрэгтэй. “АмЧам Монгол”-оос энэ хэлэлцүүлэгт ёс зүйн дүрэм боловсруулж хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай.

-Засаглалын сайн хувилбарыг боловсруулж мөрдөх механизм хэр хурдан жигдрэх боломжтой вэ?
-Хүндрэлтэй л дээ. Техник технологид стандарт гаргаж болж байна. Харин гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй удирдлагын стандарт л компанийн засаглалыг сайжруулах зам тавих ёстой. Гэтэл үүнийгээ тодорхойлоогүй компани маш олон. Өнөөдөр бол бизнесийн арга барилыг хэрхэн зохистой, ёс зүйлэг хийх вэ гэдгээр өрсөлдөх хэрэгтэй болж байна.

-Сайн засаглалын жишээ хэлж өгөөч?
-Туйлын зөв гэж байхгүй шүү дээ. “Оюу Толгой”, “Рио Тинто” дээр хамгийн сайн засаглал байна гэж үзэж болохгүй. Тэд өөрсдөө ч сураад явж байгаа. Гол нь зарчмуудыг нь алдагдуулахгүй байх нь чухал. Одоогийн байдлаар Монголд нэлээд сайн засаглалын жишээг “Оюу Толгой” ХХК харуулж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэт дээгүүрээ асуудал яригддаг ч компанийн үйл ажиллагаа дотроо тэргүүлэгчдийн нэг мөн. ХАБ-ыг өндөр зэрэглэлд авч үздэг. Энэ ойлголтыг анх “Бороо гоулд” компани оруулж ирж байсан шүү дээ. Өмнө нь бид зөвхөн Оросын ГОСТ стандартаар явж байсныг эрс шинэчилсэн.

-Энэ арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Болж өгвөл маш олон байгууллагыг оролцуулж, сайн туршлагыг нэвтрүүлж, өөрсдийгөө мэддэг, бусдыгаа ойлгодог болгож өгөх хэрэгтэй байна. Нэгдсэн ойлголттой болж, цаашид тогтмол үй ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй гэж хэлж болно. Онцолж нэг зүйл хэлэхэд, төр “авлига өг” гэдэг зарчмыг хэзээ ч баримтлахгүй. Зарим нэг хүний үйлдлээс болж системээр нь бруу ойлгодог болоод байна. Кофи Аннан “Авлига бол зөвхөн төрийн асуудал биш, нийгмийн өвчин” гэж хэлсэн байдаг. Энэ өвчнөө эдгээсэн олон улсын туршлага бий. Түүнээс суралцаж нэвтрүүлэх алхам бол компанийн сайн засаглал, ёс зүйн дүрмийг мөрдөхөөс эхэлнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ