Үерийн далан дотор буусан 1171 айл байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-15 15:00 GMT+8

Ц.ТАГАРВАА: УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭГ 10 БАЙРШИЛД ШИНЭЭР ХИЙНЭ

Өнөөдрөөс ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг УЦУОШГ-аас анхааруулж байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулав. Хүчтэй аадар бороо орохтой зэрэгцэн нийслэл хот тэр чигээрээ усанд автаж, хэн хүнгүй зутардаг. Тэгвэл энэ жил үерийн хамгаалалтын далан болон ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрхэн хийж байгаа талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орно гэсэн. Үерийн далан болон ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажил ямар шатандаа явж байна вэ?
-Геодези, усны барилга байгууламжийн газар Улаанбаатар хотын хэмжээнд 140.5 км үерийн хамгаалалтын далан, 184 км ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хариуцдаг. Мөн Баруун дөрвөн замаас Москва хороолол хүртэлх борооны болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насосын ашиглалтыг хариуцдаг юм. Энэ онд 20 байршилд 22589 шоо метр лаг цэвэрлэгээний ажил хийхээр төлөвлөж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажлаа эхлээд байна.

Ус зайлуулах шугам хангалтгүй тул хот усанд автахаас аргагүй гэв

Зургадугаар сарын байдлаар 4190 шоо метр лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүргийн Зүүн уулын суваг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Нефьт, Ногоон зоорины хэсэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн үерийн хамгаалалтын далан, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Баруун уулын сувгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийж дуусгасан.

Одоо Голден Вилл хотхоноос Арслантай гүүр хүртэлх үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэж байна. Авто замын хажуугийн ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 23 дугаар хорооны Намгийн суваг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сэлбэ голын туслах сувгууд, Чингэлтэй дүүргийн туслах сувгийн нийт 2000 шоо метр лагийг цэвэрлээд байна. Чингэлтэй дүүрэг, Нарны зам, Яармаг буюу Наадамчдын гудамж, Нисэхийн авто замын лагийг цэвэрлэж дууссан. Одоо Баянзүрх дүүргийн шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ онд 9260 шоо метр лаг цэвэрлэгээ хийнэ гэж гэрээ байгуулсан. Гэрээнийхээ хэрэгжилтийн дагуу төлөвлөгөөт ажил бүрэн хийгдэж байна.

-Цэвэрлэгээний ажлыг хэдий хугацаанд хийдэг вэ?
-Борооны өмнө, хавар болон намрын их цэвэрлэгээ, мөн борооны дараа гээд нийт гурван удаагийн давтамжтай лаг цэвэрлэгээний ажил хийдэг. Ер нь газар гэсээд эхэлсэн тохиолдолд цэвэрлэгээний ажлаа хийж эхэлдэг. Ахуйн хог хаягдлыг дүүргүүд өөрсдөө хариуцна.

-Үерийн далан таглаж барилга их барьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн гадна ирмэгээс 10 метр зайд ямар нэг үйл ажиллагаа явуулахаар бол Геодези, усны барилга байгууламжийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гамшгаас хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тоон мэдээллийг гарган газар чөлөөлөх, мөн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд манай газраас “Үерийн далан суваг эзэнтэй” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд 17 ТҮЦ, контейнерийг нүүлгэсэн. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 415 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлээд байна.

-Энэ онд эдгээр ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Шинээр үерийн далан, ус зайлуулах шугам сүлжээ барих уу?
-Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээний үйлчилгээ, ахуйн хог хаягдал, халиа мөсөн дошийг арилгах зэрэгт 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2017 онд 11 байршилд хоёр км гаруй, өнгөрсөн онд 3.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээг шинээр хийсэн. Энэ жил 10 байршилд хийхээр төлөвлөөд байна. Харин үерийн далан сувгийн хувьд БХБЯ-наас тендер зарлаад, гүйцэтгэгч компаниуд нь хуваарийнхаа дагуу ажиллаж, Нарангийн үерийн хамгаалалтын далан болон Баруун уулын сувгийн засвар шинэчлэлийн ажлыг хариуцан хийж байгаа. Энэ ондоо багтаагаад хүлээлгэж өгөх байх.

-Ширүүн аадар бороо орох төдийд хот усанд автдаг. Энэ асуудлыг шийдэх арга байдаггүй юм уу?
-Ус зайлуулах шугам байхгүй бол яах ч арга байхгүй. Аваарын ноцтой байдал үүссэн тохиолдолд бид очиж усны машинаар соруулах арга хэмжээ авдаг. Ус зайлуулах шугамгүй газар олон бий. Энэ жил 10 байршилд ус зайлуулах шугам шинээр нэмэхээр уг асуудал дээрдэх байх.

-Үерийн далан дотор буусан айл цөөнгүй харагддаг. Эдгээр айлуудыг яах вэ?
-Геодези, усны барилга байгууламжийн газар нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хүргүүлсэн. Сэлбэ голын далан дотор 915, Улиастай голын далан дотор 256 айл өрх амьдарч байна гэсэн судалгааг гаргаж, эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нэн шаардлагатайг уламжилсан.

Г.Санжааханд 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ