Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-15 14:00 GMT+8

ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ САЛБАРУУДЫГ ХОЁР ЯАМАНД ХУВААСНААС БОДЛОГЫН АЛДАА ГАРСАН

Монголын аялал жуулчлалын бодлого аль болох олон жуулчин татаж, тэднээс мөнгө “саах” зорилго агуулж буй энэ үед аяллын салбар бүрийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь гол зорилт юм. 2018 онд Монголд зочилсон жуулчдын тоо 529.3 мянгаар хэмжигдэж, 569.5 сая ам.долларыг Монголын эдийн засагт оруулсан байна. Тэдний дийлэнх буюу 76 хувь нь унаган байгаль, түүх, нүүдлийн соёл ахуйтай танилцахаар ирдэг бол 10 хувь нь адал явдалт экстрим аялал хийхээр, 10 хувь нь бизнесийн зорилгоор ирдэг аж. Үлдсэн нь “бусад” гэсэн ангилалд өчүүхэн бага хувийг эзэлж байна. Тэр өчүүхэн хувь дотор спортын аялал жуулчлал гэсэн дэлхийд тэргүүлж буй салбар багтаж буй нь хэтэрхий чамлалттай.

Саяхан манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн 18 насны ДАШТ болон олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцогчдоос бид эдийн засагтаа юу нааж чадсан бэ. Ганц зочид буудал л хоногийн буудлын хөлс олж бусад нь бор зүрхээрээ л санхүүжилт цацаж зохион байгууллаа.

43 орны тамирчин, дасгалжуулагч, арын албаны 1000 гаруй хүнээс хэдэн төгрөг манай эдийн засагт орсон тухай мэдээлэл алга. Урьдчилан тооцоолсон зорилтын тухай бүр ярилтгүй.

Маркетинг муу бол дахин тэмцээн зохион байгуулах эрх авч чадахгүй

Уг нь олон улсын чанартай спортын арга хэмжээг дагаж агаарын болон дотоод тээвэр, зочид буудал, хоолны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж эдийн засагт том хөрөнгө оруулалт болдог. Дэлхийн олон орон тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулсныхаа шанд олон тэрбум ам.доллар олоод зогсохгүй хэдэн мянган ажлын байр бэлтгэж эдийн засагтаа нэмэрлэж байна. Тухайлбал, 2018 онд хойд хөрш маань хөл бөмбөгийн ДАШТ-ээс 31 тэрбум ам.доллар “зулгааж”, 220 мянган ажлын байраар иргэдээ хангажээ. Мөн “Sport England” судалгаанд Англи улс спортоос жилдээ 20.3 тэрбум еврогийн орлого бүрдүүлж, 400 мянган ажлын байр бий болгодог гэжээ.

Манай улс энэ төрлийн аялал жуулчлалаас хэчнээн төгрөгийн орлого олдог талаарх сүүлийн үеийн судалгаа мэдээлэл байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлалын салбар нэг яаманд харьяалагдаж байх үед хийсэн ганц судалгаа бий. Тэр судалгаанд “Монгол Улс 2016 онд олон улсын чанартай 12 тэмцээн зохион байгуулахад 80 орны 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс ирж эдийн засагт 3.2 тэрбум төгрөгийн шууд орлого өгсөн” хэмээжээ. Жил бүр ийм судалгааг хийсэн бол энэ салбарын бодлого тодорхой болж эдийн засагт нөлөө үзүүлэх төлөвлөгөөг зорилт болгон хэрэгжүүлэх боломж байв.

Спорт аялал жуулчлал яагаад хөгжихгүй байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд засаглалын алдаа гарсан. Нэг яамны харьяанд байсан уялдаа бүхий хоёр салбарыг салгачихаар бодлогын алдаа болчихоод байна. Хэдий тийм ч аялал жуулчлалын салбар соёл, спортын салбартайгаа хамтарч ажиллаж байна. Тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагчид манай улс таалагдвал дараа гэр бүлээрээ аялах нөхцөл үүсэх учраас энэ төрөлд анхаарахаас аргагүй” гэв.

Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Спорт, аялал жуулчлал гэдэг нэг яаманд байх ёстой гэдэг нь үнэн. Түүнээс гадна спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд спортын холбоод БОАЖЯ болон БСШУСЯ-тайгаа уялдаагаа сайжруулах нь чухал байна. Спортын холбоод төрөөс санхүүжилт аваад алга болчихдог, тайлангаа өгдөггүй, тэмцээний талаар мэдээллээ ирүүлдэггүйгээс эдийн засагт орж байгаа тоо баримтыг тодорхой гаргаж болдоггүй байсан. Өнөө жилээс бүх тэмцээний тайланг авч судалгаа хийхээр зорьж байна. Түүний дараа эдийн засагт илүү орлого оруулах зорилт тавигдана” гэж ярилаа.

Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ.

Спорт хариуцсан яаманд мэргэжлийн спортын холбоод тайлангаа өгдөггүй, аялал жуулчлалын салбарт спорт аялал жуулчлалын судалгаа байдаггүйгээс эдийн засгийн том салбар манай улсад ор мөр төдий байна. Тэр хэрээр эдийн засгийн үзүүлэлтийг ч тооцох боломжгүй байгаа юм. Уг нь аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд спортын фанатуудыг эх орондоо “уяж”, төрөл бүрийн үйлчилгээгээр мөнгийг нь саах боломжийн төлөө уралдаж байна. Дэлхийд спорт аялал жуулчлалыг хотын хөгжлийн нэг түлхүүр болгох өрсөлдөөн ч ширүүн байгаа. Энэ чиглэлээр БНСУ дэлхийд цахиур хагалж Сөүл, Пусан хотуудаа спортын тэмцээн хүлээн авч, жуулчдын халаасыг сэгсэрдгээр нь алдартай болгосон.

Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ. Дархан хотод 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт баригдаж дуусаж байна. Тэнд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн усан бассейн, тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар баригдаж буй. Үүнээс гадна өвлийн спортын ордон ч бас бий. Улаанбаатар хотод БуянтУхаа цогцолбороос гадна битүү дээвэртэй “Мөсөн ордон”, 2020 онд зохион байгуулах Азийн хүүхдийн наадамд зориулсан спортын хотхон баригдаж байгаа. Харин эдгээр барилгыг “үхмэл” хөрөнгө болгохгүйн тулд спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах ёстой. Тэр хэрээр зочид буудал, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ.

Ийм боломж дүүрэн байгааг өнгөрсөн хавар болсон Шатрын Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Тус тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч зэрэг 67 жуулчин манай улсад 10 хонохдоо эдийн засагт 190.4 сая төгрөг үлдээгээд явжээ. Тухайлбал агаарын тээвэрт 66 сая, дотоод тээвэрт 7.4, зочид буудал хоолонд 79.4, Цонжин болдог, Чингисийн өргөө, Говь кашмер, Аръяабал хийд зэргийн үйлчилгээнд 36.5 сая төгрөг үржээ. Гэхдээ энэ тэмцээн олон улсын түвшинтэй харьцуулахад түүхий байгаа нь олон зүйлээр илэрч байна. Дээрх зардал дээр нэмээд бэлгэдэл буюу маскотын загвар худалдах, түүний дүрстэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэх зэрэг мөнгө олох маркетингийн олон аргыг хэрэглэсэн бол илүү их мөнгө “сааж” чадах байлаа. Наад зах нь тэмцээний онцлогийг харуулсан малгай, өмсгөлийн борлуулалтаас боломж байсан л юм.

2019 онд Монгол Улсад олон улс, тив, дэлхийн чанартай 13 тэмцээн зохион байгуулахаар мэргэжлийн спортын холбоод Засгийн газраас болон холбогдох олон улсын мэргэжлийн байгууллагаас эрхээ авчээ. Тухайлбал өнгөрсөн хавар чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ, гандболын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ сард гэхэд л саяхан аваргуудаа тодруулсан 3х3 18 насны ДАШТ, Гимнастикийн ААШТ, Бадминтоны олимпын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай. Мөн ирэх саруудад Жижүцү, бокс, ширээний теннисийн ААШТ, самбо бөхийн ДАШТ, бодибилдинг, жүдо бөхийн олон улсын тэмцээн болно.

Эдгээр тэмцээнээс бид эдийн засагтаа өсөлт нэмэх боломжуудыг өөрсдийн хэмжээнд “тултал” ашиглах хэрэгтэй. Ядаж л дээрх тэмцээнийг зохион байгуулагчид жижиглэн худалдааны маркетинг хийж, үзэгчдийг татах олон төрлийн уран ухаан сийлэн төсвөөс гаргасан зардлыг нөхмөөр байна. Тэгэхгүй бол эдийн засгийн үр өгөөжгүй зөвхөн нэг талыг бодсон уралдаан тэмцээн зохион байгуулдаг орон болчхоод байна. Нөгөө талаар энэ байдал нь ч эргээд сөргөөр нөлөөлөх явдлууд ч гарсаар байгаа. Тухайлбал, манай улсын мэргэжлийн холбоодод тэмцээн зохион байгуулах эрх олгосон олон улсын байгууллагууд тэмцээний маркетинг муу байгааг шүүмжилж, үзэгчдийн тоог голон маркетинг, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа, баталгаа нэхдэг болсон.

Дараа жил Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” спортын наадам болно. Тус наадамд спортын 21 төрөлд өрсөлдөхөөр 57 орны 3700 орчим тамирчин болон албаны хүн хүрэлцэн ирэх тооцоо бий. Мөн хүүхдүүдээ дэмжихээр олон тооны жуулчин ирнэ. Тэдэнд ая тухтай үйлчлэхийн зэрэгцээ эдийн засагтаа нэмэр болгох, аялал жуулчлалдаа үсрэнгүй хөгжил авчрахын төлөө өнөөдрөөс тархиа ажиллуулахгүй бол дараагийн эрх олгох том тэмцээн уралдаанд бид гологдоход ойрхон байна.

Б.Гарьд

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 263 санал өгсөн байна.

Дээшээ