Австрали улс нүүрсний зөрчилтэй төслийг дэмжив

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-17 13:59 GMT+8

Австралийн засаг захиргаа Adani группийн нэлээд зөрчил дагуулсан нүүрсний шинэ орд ашиглах төсөлд зөвшөөрөл олгосон нь нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгч энэ улсыг хатуу түлшний хэрэглээг багасгах олон улсын хүсэл эрмэлзэлтэй сөргөлдөхөд хүргэв. Кармайклын нүүрсний ордыг ашиглах талаар 2010 онд ярьж эхэлснээс хойш байгаль хамгаалагчдын байнгын эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Гэвч Куинсланд мужийн захиргаа гүний усыг ашиглах төлөвлөгөөг баталсан нь зохицуулалтын сүүлийн саадыг давсан хэрэг юм.

Ийм шийдвэр гарснаар Adani 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй анхан шатны ажлаа эхлүүлэх боломж бүрдлээ. Энэтхэгт төвтэй тус компани Галилейн бүсийг эргийн боомттой төмөр замаар холбож, нүүрс экспортлох дэд бүтцийг шийдэх аж. Компанийн захирал Лукас Доу “Энэ шийдвэр барилгын ажил эхлэх замыг заслаа” хэмээн мэдэгдэв. Ойрын өдрүүдэд бэлтгэл ажил эхэлж, уурхайн талбайд барилгын ажил гүйцэтгэх үүд хаалгыг нээх юм байна.

Ордыг бүрэн хэмжээгээр ашиглахад Австралийн нүүрсний экспорт хоёр дахин өсөх тул Ерөнхий сайд Скотт Моррисон тэргүүтэй улстөрчид төслийг дэмжиж, Азийн зах зээлд гаргах замаар эдийн засгийг эрчимжүүлнэ хэмээн найдаж буй. АНУ, Европт нүүрсний хэрэглээ багасаж байгаа боловч Азийн орнуудад эрчим хүч үйлдвэрлэлийн гол эх сурвалж хэвээр байгаа. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр 2023 он хүртэл нүүрсний эрэлт тогтмол хэвээр байх агаад гол төлөв Энэтхэг, Хятадын хэрэглээгээр дэмжигдэх аж.

TWD Invest фирмийн шинжээч Абби Макниш “АНУ, Европ, Австралид эрэлт багасаж байгаа талаар ихээхэн ярьж буй хэдий ч дэлхийн бусад улсад нүүрсний эрэлт өндөр хэвээр төдийгүй нэмэгдсээр. Цахилгаан үйлдвэрлэлийн гол сурвалж хэвээр байгаа” хэмээн дүгнэв. Гэвч нүүрс боловсруулалтын төсөлд зээл авахад улам бүр төвөгтэй болж, банкууд ногоон шалгуур тавьдаг болсон. Adani гадаад хөрөнгө оруулалт хайгаад амжилтад хүрээгүй учир Кармайклын уурхайг өөрөө санхүүжүүлэхийн тулд төслийн анхны өртгийг танасан байна.

Ноён Макниш хэлэхдээ TWD Invest нүүрсний төсөлд зарим нэг хувь эзэмшдэг боловч Австралийн санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигчид нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхийг шаардсан хэмээн тэмдэглэв. Glencore PLC нүүрсний гарцаа одоогийн түвшинд барих үүрэг хүлээсэн бол Rio Tinto аль хэдийн  нүүрсний салбараас гарсан. Харин сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөгжин цэцэглэж байна.

Нүүрс бол Австралийн экспортын хоёр дахь гол таваар бөгөөд тавдугаар сарын сонгуулийн үеэр Adani-ийн төслийн талаар сонгогчдын санал хуваагдсан. Сөрөг Лейбор нам уурхайгаас гол ажлын байраа бүрдүүлдэг Куинсланд муж улсад суудал авч чадаагүй байна. Харин нүүрсийг дэмждэг эрх баригч эвсэл дахин сонгогдоход тус муж улсын санал мэдэгдэхүйц нөлөө үзүүлснийг хүлээн зөвшөөрөв. Ийнхүү Австралийн удирдлага Кармайклын уурхайг дэмжих нөхцөл бүрдсэн авч дэлхий ертөнц цэвэр эрчим хүч рүү чиглэж буй үед Adani-ийн төсөл санхүүгийн хувьд тогтвортой байж чадах эсэх нь эргэлзээтэй юм.

Жеймс Торнхил

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ