Австрали улсын 430 сая төгрөгийн санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-15 13:15 GMT+8

Австрали улсын элчин сайдын яамнаас зарладаг “Бичил төслийн хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгогдсон найман байгууллага өнөөдөр төслийн үр дүнгээ өчигдөр танилцууллаа. 

Нийт 240 мянган австрали долларын санхүүжилттэй уг төслүүд эрүүл мэнд, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудын хөгжлийг дэмжих гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжсэн юм. Хэрэгжүүлсэн найман төслөөс доор дурдвал:

Сум дундын эмнэлэгт 15-16 төрлийн хагалгаа хийх боломжтой болжээ

АШУҮИС-ийн харьяа Мэс Засал, Яаралтай Тусламжийг Чадавхижуулах Төвөөс Өмнөговь аймгийн Ханбогдын сумын сум дундын Эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сургасан байна. Ийнхүү эмч нарын ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлснээр 15-16 төрлийн хагалгааг сумын эмнэлэгт хийх бололцоотой болжээ. Төслийн нэг жилийн хугацаанд нийт 41 мэс засал хийсэн байна.

АШУҮИХ-ийн дэргэдэх ДЭМБ-ын Мэс засал, Яаралтай тусламжийг зохицуулах төвийн дарга О.Сэргэлэн “Энэхүү сургалт нь Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн 85 оронд зохион байгуулагддаг. Мөн Америкийн мэс засалчдын нийгэмлэгийн тусгай эрхтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгай сертификаттай сургагч багш нар заадгаараа онцлог юм” хэмээв. 

“Гал унтраах сайн дурын бүлгийн оролцоо нэмэгдсэн”

Онцгой Байдлын Ерөнхий Газар Сэлэнгэ, Хэнтийн аймгийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулсан байна. Түймэр унтраахад шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангаж, сургалтад хамруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Төслийг Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр сумуудад хэрэгжүүлсэн байна. Тухайн сумуудад сүүлийн 5 жилийн хугацаанд 66 ой, хээрийн түймэр гарч, байгаль, экологид 87.37 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Тендерийн материалд заасан гал унтраах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авч, төсөл хэрэгжүүлсэн. Нийт 27,4 мянган австрали долларын санхүүжилтээр гал түймэр унтраах багаж хэрэгсэл авч хүлээлгэн өгсөн. Төсөл хэрэгжсэнээр хоёр аймгийн гал унтраах сайн дурын бүлгийн оролцоо нэмэгдсэн” гэв.

Мөн “ЛГБТ Төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулах”, “хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 ангийн сурах бичиг, үлгэрийн номыг баррель-кирил хослуулан хэвлэх” зэрэг төслүүдийн хэрэгжилтийг танилцуулсан юм.

Австралийн элчин сайдын яам нийт 240 мянган австрали долларын санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр”-ийг жил бүр хэрэгжүүлдэг. 2003 оноос Монгол улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 138 төсөл хэрэгжүүлжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ