Г.Лхагваа: Хүний хэвлийн тойрог бага байх тусам урт наслах магадлал ихэснэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-06-22 13:15 GMT+8

- Харсан бол идсэнд тооц, амссан бол цадсанд тооц -

Сүүлийн жилүүдэд монголчуудын зарим нь цагаан хоолны хэрэглээг эрхэмлэх болсон. Эрт дээр үеэс ч монголчууд халуун дулааны цагт хоол хүнсэндээ махны хэрэглээг багасгадаг уламжлалтай байсан билээ.

Цагаан хоолны хэрэглээ болон зуны цагт ходоодоо хэрхэн амраах талаар бид техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваатай ярилцлаа. Тэрээр “Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь” бүтээлээр  Монгол улсын зохиогчийн гэрчилгээ, “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга”-ыг  олж Герман улсын патент хүртэж байжээ. 

-Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай манайд цагаан хоолтой байх нь тохиромжгүй гэж зарим хүн ярьдаг. Энэ талаарх таны бодол?
-Цагаан хоол таарна, таарахгүй гэдэг нь тухайн хүний үзэл бодол л төдий зүйл юм шүү дээ.  Яг “дуртай хоол, дургүй хоол” гэдэг шиг л... Тэр байтугай манай монголчууд эрт дээр үеэсээ, хэдэн зууны турш цагаан хоолтой байсан. Би энэ талаар сайтар судалсан. Намайг багад өвлийн улиралд жаахан махан хоолтой, харин зундаа тараг сүү, цагаан идээ гээд цагаан хоолтой байсан.

Чингис хааны үед 60 настай цэргүүд дэлхийн талыг довтолгож явсан. Харин одоо 60 настайдаа тэтгэвэрт гарч байна шүү дээ.

Монголчуудын энэхүү заншил бүр хэдэн зууны турш уламжлагдаад ирсэн юм байна лээ. Италийн П.Карпини, Францийн В.Рубрук нарын тэргүүтэй арав гаруй тагнуул 13-р зуунд Мөнх хааны үед Монголд тус тусдаа ирсэн байдаг юм. Тэдний аль алиных нь бичиж тэмдэглэснээр “Монголчууд зундаа ан авлаагүй л бол цагаан идээ иддэг, маш их малтай хэр нь өлөн зөлмөн амьдардаг юм байна” гэж тэмдэглэсэн байдаг. Үүний цаана өнөө цагийнхтай зүйрлэхийн аргагүй, 900 жилийн өмнөх монголчуудын шинжлэх ухаан байжээ.  Тухайн үед монголчууд хоногт 500 ккал буюу тэр үеийн европчуудыг бодоход үндэстнийхээ хэмжээнд 5-6 дахин бага хооллож байсан юм билээ. Ер нь хүний бие эрхтхэн тогтолцоо ч гэсэн ургамал ногоо идэхэд зориулагдсан бүтэцтэй юм шүү дээ. 

-Махчин идэштнүүд бүгд урт соёотой байдаг. Харин хүнд тэдэнд байдаг шиг урт соёо байдаггүй шүү дээ. 
-Яг тийм. Хүний гэдэсний хэмжээ, шүд амны байрлал зэрэг нь ургамал, ногоон хоол идэхэд зориулагдсан гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнэ нотолчихсон. Гэтэл хүмүүс бид өөрсдийгөө маханд дуртай гээд үүнийг үгүйсгэчихдэг юм. Энэ шинжлэх ухааныг монголчууд эртнээс сайн мэдэж байжээ. Маш бага хооллохоос гадна амтнаас зайлсхийж явах ёстой юм байна гэдгийг тэд маш сайн мэддэг байсан. 

-Амт...?
-Хэрэв аливаа сайхан зүйлийн амт толгойд орохын цагт ухамсар ходоодонд орж байрлал нь солигдоно гэдгийг маш сайн ойлгосон цорын ганц ард түмэн бол монголчууд юм шүү дээ. Тэдний бага хооллох арга барил нь үндсэн дөрвөн ач холбогдолтой байжээ. Үүнд эрүүл мэнд, туулах чадвар, хүч чадал, оюун ухааны чадвар. Чингис хааны үед 60 настай цэргүүд дэлхийн талыг довтолгож явсан. Харин одоо 60 настайдаа тэтгэвэрт гарч байна шүү дээ. Бид Чингис хаан л гээд байдаг болохоос биш эрт дээр үеийн монголчууд бүгд л эрүүл чийрэг биетэй байдаг байсан.

Тэр байтугай 120 настай хүнийг төрийн эрхэм өтгөс хэмээн өргөмжилж байжээ. П.Карпини, В.Рубрук нарын тэмдэглэлд “Монголчууд 1-2 хоног олигтой юм идэж уугаагүй мөртлөө тэдэнд өлссөн шинж огт ажиглагддаггүй, маш тэсвэр тэвчээртэй ард түмэн юм. Буудаллахаар төвхнөхөд нь “За одоо сайхан хооллох байх даа” гэхээр л ус буцалгаад хурууны үзүүрээр борц чимхэж хийн уугаад болчихдог” хэмээн бичсэн байдаг. 

Ихэнх өвчний шалтгааны 90 хувь нь хоолноос үүдэлтэй байдаг

Дээр үеийн бөхчүүд туранхай хэрзийсэн хэр нь шөрмөслөг байсан нь тэр юм шүү дээ. Буур Н.Жамъяан, Намхай аварга нарыг бүгд мэдэх байх. Барилдааны үеэр боловсруулаагүй ширээр хийсэн, шөрмөсөөр оёсон гуталны хоншоороос нэг нь бариад автал нөгөө нь тийрэхэд дундуур нь тас татсан хүчтэй байсан гээд бод. Одооны бүх бөх талцаад татсан ч тасдаж чадахгүй байх. Тийм л хүч тэнхээтэй байж шүү дээ. Альфа махбодьтой хүмүүсийн эсийнх нь мембран шингэн бөгөөд халуун төлөвтэй байдаг. Ийм хүмүүс оюуны маш өндөр потенциалтай байдаг юм. 

-Бид тэрхүү хооллолтын хэв маягаа одоо алдсан гэхэд болно. Хэрэв эрт дээрх үеийнх шиг бага хооллобол бидэнд оюун болоод бие махбодийн хувьд илүү давуу тал гарах нь ээ?
-Байгалийн энергиэр буюу нар, агаар зэргээр хооллож  өөрийн бие махбодийн хэрэгцээг хангадаг хүмүүс дэлхий дээр 30 мянга гаруй бий. Дээр үеийн монголчууд шиг бага хооллолтынхоо ачаар агуу хөгжлийн түвшинд хүрсэн үндэстэн дэлхий дээр байхгүй. Жак Уэтерфордын "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис Хаан" номд түүний агуу их старатеги, түүхийг нэгд нэгэнгүй бичсэн хэр нь хамгийн сүүлийн хуудаст “Бичиг үсэггүй, бүдүүлэг ард түмэн соёлт их гүрнүүдийг хэрхэн эзэлснийг бид тайлбарлаж чадахгүй нь” гэсэн байдаг. Түүний нууц нь ердөө л бага хоолны програм юм шүү дээ. 

-Зуны халуун дулаан цагт ходоодоо хэрхэн амраавал зохистой вэ?
Махан хоол бол ургамал ногоог бодоход 6-8 дахин удаан шингэцтэй, маш өндөр молекульт уураг агуулсан, түүнийг задлахын тулд маш идэвхтэй ферментүүд ажилладаг. Уг ферментүүд зүгээр нэг уураг задлахаас гадна гэдэсний салст бүрхэвчийг гэмтээдэг. Бидний багад өдөржин тараг л иддэг байлаа. Хааяа нэг зочин гийчин ирсэн үед борцтой хоол, ан гөрөө хийсэн үед тарваганы мах иддэг байлаа шүү дээ.  

Хүний идсэн хоолны 15 хувь шингэж үлдсэн нь гэдсэн дотроо чулуужиж үлддэг

Аль болох л махан хоол иддэггүй байсан. АНУ-ы эрдэмтдийн хийсэн судалгаагаар махаар хооллодог 25 үндэстнээс 19-д хавдрын өвчлөл их байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин нэг ч тохиолдол ажиглагдаагүй, зүрх судасны өвчлөлийн эрсдэл байгаагүй байна.  Мөн цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараар 5 дахин илүү байжээ. Тэгэхээр зундаа аль болох л махан хоолноос татгалзвал зүгээр.

-Тэгэхээр эрт дээр үеэс бага л хоол идэх нь эрүүл мэндэд тустай байжээ. 
-Бага хоол идэх нь бидний бие махбодь хордох магадлал буурна гэсэн үг юм. Орчин үеийн судалгаагаар хүний идсэн хоолны дунджаар 15 хувь нь л шингэдэг. Чанасан мах, талх гурилан бүтээгдэхүүн, шар айраг гэхэд 30-35 хувийн шингэцтэй байдаг бол архи, утсан хиам зэрэг нь 5 хувийн шингэцтэй байдаг. Тэгэхээр үлдсэн хэсэг нь боловсрогдолгүй, хүний биеэс өтгөн болж гадагшилж, зарим нь дотроо чулуужиж үлддэг. Нэг үгээр биднийг хордуулж байдаг зүйл гэдэсний хөндийд бий болдог гэсэн үг. Тэгэхээр бид хоолоо ядаж 85 хувь хүртэл бууруулах шаардлагатай байгаа юм. Өдгөө эрдэмтдийн нотолсон энэ судалгаанууд эрт дээр үеийн монголчуудын хооллох арга барилтай таардаг. Эрт дээр үед бид зөв хооллодог байсан. 

Ж.Шагж докторын онолоор урт наслахын тулд гурван үзүүлэлт чухал гэсэн байдаг. Нэгдүгээрт, хээл тээх хугацаа удаан байх тусам урт наслах магадлалтай. Дээр үед хүүхдийг 10 сар тээдэг байсан бол одоо 9 сар болж буурсан. Энэ нь хүн төрөлхтөний дундаж наслалт богиносож байгааг илтгэнэ. 

Хоёрдугаарт биеийн жинд тархины эзлэх хэмжээ их байвал урт насална. Тэгэхээр тархины хэмжээ хүний биед хэдийд их байх вэ, мэдээж таргалахгүй байх нөхцөлд юм. Эрт дээр үеийн лам нар номыг боть ботиор нь цээжилж байсан нь тархины хэмжээтэй нь холбоотой. Хүн хэдий чинээ таргална төдий чинээ тархины хэмжээ багасч наслах магадлал буурна гэсэн үг. 

Одоо бид хоолыг кетчупгүй идэж чадахгүй, кофегүй бол байж чадахгүй болжээ

Гуравдугаарт, хүний биеийн жинд хэвлийн тойргийн эзлэх хэмжээ бага байвал урт наслах магадлал ихэснэ гэсэн байдаг. Тэр дундаа бүдүүн гэдэсний хэмжээ. Тэгэхээр бага хооллох тусам гэдэсний хэмжээ, хэвлийн тойрог бага л байна шүү дээ. Дээр дурдсан шингээгүй хоолны 85 хувь нь чулуужиж тэрхүү гэдсийг дүүргэдэг. 

Монголчууд эрт дээр үед их идэхээс, ухамсрыг урвуулчихна хэмээж олон төрлийн амт амтлахаас зайлсхийдэг байсан. Одоо бол хоолыг кетчупгүй идэж чадахгүй, кофегүй бол байж чадахгүй, нэг үгээр амтны боол болсон. Яг ийм зүйл болох вий гэдгийг мэдэж байсан юм шиг тэд байгалийн юманд ам хүрдэггүй байсан. 2000-аад оны эхэн хүртэл жимс, самар, сонгиныг түүдэггүй байсан цаг. Гэтэл одоо бие биетэйгээ уралдаад л түүхийгээр нь түүж байна. 

-Манайхан янз бүрийн мацаг барих болжээ. Энэ нь хэр сайн бэ?
-Сайнаар барахгүй. Гайхамшигтай зүйл шүү дээ. Хоногийн ганц хоолтой эртний монголчуудыг мацагтан байсан гэхэд болно. Дээр үед лам нар дүйчин дөрвөн өдөр орон даяараа мацаг барьдаг байсан нь буддизмаас эхлэлтэй байж болох юм. 

Мацаг барих, цагаан хоол идэх нь нэг ёсондоо оюун санааны хоолонд ойртож байгаа юм. Тэдгээр өдрүүдэд бид бие махбодь, оюун санааг цэвэрлэх үйл явц хийгдэж байна гэсэн үг юм. Ихэнх өвчний 90 хувь нь хоолноос үүдэлтэй гэж судлаачид үздэг.

Үмх талх ч хүний биед нөлөөлж чадах бүхэл бүтэн нэг систем юм.

Тэгэхээр үүнийг эсрэгээр нь өөрчилбөл эрүүлжих хамгийн сайн арга нь мацаг юм шүү дээ. Жишээлбэл, өлсөж дасахад хүний бие махбодь их иддэг байсан өмнөх үеэ мартаад шинээр эрүүлжиж эхэлдэг. Ингэж хоолны төрөл,  хэмжээгээ өөрчлөх нь эмчилгээний нэг том арга болдог. Тэгэхээр бага л хоолло, бас дахин бага хоолло.

Эрт дээр үед монголчууд харсан бол идсэнд тооц, амссан бол цадсанд тооц. Цаг цагаар нэг цадна, цагаан сарын шинийн 1-нд цадна, үе үе нэг цадна үхэр муулахад нэг цадна. Шүдний махаар хооллож, шүлсээр ундаална гэдэг нь үлгэр домог шиг зүгээр нэг үгс ч биш монголчуудын бий болгосон шинжлэх ухаан юм. 

Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Уг онолоор бол сайн муу хоол гэж байхгүй, үмх талх ч хүний биед нөлөөлж чадах бүхэл бүтэн нэг систем юм. Бидний идэж байгаа хоол хүнсэн дэх уураг, өөх тос, нүүрс ус бидний биед байгаа олон тэрбум эсийн мемраныг өөрчилж байдаг. Тэгэхээр юуг хэрхэн идэж уухаас хамаарч хүний биеийн эд эс өөрчлөгдөж байдаг юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 735 санал өгсөн байна.

Дээшээ