Х.Бадамгэрэл: Хүн бүрт дахин давтагдашгүй онцлог байдаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-06-17 13:00 GMT+8

Зөв цэгцтэй алхаж сурах нь бие галбир, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой байдаг. Үүнтэй холбоотойгоор “Андра” загварын академиас зөв алхаа гишгээ, гоо зүйн чиглэлээр мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өнгө өнгийн гоёмсог шүр сувдаар чимэглэсэн үндэсний  дээлтэй үзэсгэлэнт моделиуд загварын шоу үзүүлсэн нь оролцогчдын  нүдийг хужирлаж байлаа. Өдөрлөгт 80 гаруй хүн ирсэн бөгөөд бүгд өсгийтэй гутал болон биеийн галбирыг тодотгох бариу хувцас өмсчээ.

“Андра” академийн гүйцэтгэх захирал, мисс, топ модель Х.Бадамгэрэл өдөрлөгийг нээж “Хүн бүр хүссэндээ хүрч, өөрийгөө хөгжүүлж чадна. Тиймээс өөрийгөө хөгжүүлж өөрчлөгдөхийн төлөө өдөр бүр хичээх хэрэгтэй” гэж уриаллаа. Тэрээр  6-11, 13-21, 22-оос дээш насны ангиллаас тус бүр нэг хүн сонгож загварын алхаагаар алхуулж, тэдэнд өөрийн туршлагаасаа хуваалцан алдаа дутагдлыг нь тэр дор нь тайлбарлаж өгөв.

Гоо зүй гэдэг олон зүйлийг багтаасан ойлголт. Хүмүүс ганцхан гоё сайхан байх гэж өнгөц ойлгодог.

Мөн өөрийн бие галбирын онцлогт тохируулан зөв зохистой хувцаслах, өндөр өсгийтэй гутал дээр өөртөө хэрхэн итгэлтэй алхах, зурган дээр мэдрэмжтэй гарах талаар охид, бүсгүйчүүдэд зөвлөгөө өгснөөс гадна хөлний майга засах, өндөр болох, нурууны бөгтөр засах дасгалыг зааж өгсөн юм. Өдөрлөгт оролцсоноор охид, бүсгүйчүүд харилцаа болон хандлагыг хэрхэн эерэг болгох талаар ойлголттой болох боломжийг бүрдүүлжээ.

Х.Бадамгэрэл “Улиралд нэг удаа ийм өдөрлөгийг заавал зохион байгуулдаг. Зуныг үр дүнтэй, өөртөө хэрэгтэй, өөрийгөө эерэгээр өөрчилж өнгөрүүлээсэй гэсэн зорилгоор зохион байгуулсан. Энэ үеэр гоо зүйн талаар охид, бүсгүйчүүдтэйгээ чөлөөтэй ярилцахыг хүссэн.

Гоо зүй гэдэг олон зүйлийг багтаасан ойлголт. Хүмүүс ганцхан гоё сайхан байх гэж өнгөц ойлгодог. Гэтэл энэ нь өөртөө итгэлтэй болохоос эхлээд өөрийнхөө давуу талыг мэддэг болох, түүнийгээ бусдад таниулахын тулд хөдөлмөрлөх ухамсрыг суулгаж өгдөг юм. Хүн бүрт дахин давтагдашгүй онцлог байдаг. Түүнийгээ ойлгох нь гоо зүй гэсэн ойлголтод багтаж байгаа юм” гэж зөвлөлөө. Хэн илүү тууштай хөдөлмөрлөж сэтгэлийн тэнхээтэй байна тэр энэ салбарт амжилттай ажиллах боломжтой.

Хатуу үгийг дааж, өөрийгөө өөрчлөхөд бэлэн, ялалт ялагдлыг хүлээн зөвшөөрч чаддаг байх нь чухал ажээ. Өдөрлөгт ирсэн долоон настай бяцхан модель Б.Энхмэнд “Өхөөрдөм гоёо” гээд загварын их наадамд оролцож байсан. Тайзан дээр алхах надад гоё санагддаг. Алхаа гишгээгээ янзлаад, гоё хувцас өмсөөд хүмүүст харуулах нь надад таалагддаг” гэсэн юм. Харин Б.Энхмэнд охины ээж Г.Болормаа “Охиноо заавал загварын хүн болгох нь гол биш. Олонтой зөв харьцдаг, биеэ зөв авч явдаг болгохыг хүсдэг. Мөн багаар ажиллах чадвар, ялалт ялагдлыг ойлгож эерэгээр хүлээж авах сэтгэл зүйн чадварт ч суралцах боломжтой. Энэ өдөрлөгт оролцсоноор загварын мэдээллээс гадна хүмүүжил төлөвшлийн талаар мэдээлэл хүргэх учраас охиноо оролцуулахыг хүссэн” хэмээн ярьж байлаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ