Төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн аваргууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-18 13:30 GMT+8

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол түмний хүсэн хүлээдэг, онцгой баяр нь наадам бөгөөд наадмын гол чимэг нь бөхийн барилдаан байдаг. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой, баталгаат тоо баримттай мэдээллүүдийг уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Ардын хувьсгалын жилүүдийн наадмуудаас 24 аварга төрөн гарчээ. Эдгээр аваргууд төрийн их баяр наадамд 1-12 удаа түрүүлсэн байна.

Дархан аварга Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ /12 түрүү/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-1990, 1992-1999 онуудын улсын их баяр наадам, 1990 онд зохион байгуулсан, улсын цол чимэг олгосон даншиг наадамд тус тус түрүүлж, монгол төрийн их баяр наадмыг 12 удаа магнайлжээ. Түүний 12 түрүү болон найман жил дараалан түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх юм.

Дархан аварга Хорлоогийн БАЯНМӨНХ /10 түрүү/

Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх 1968, 1971-1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 оны улсын их баяр наадамд өвдөг шороогүй түрүүлж, монгол төрийн их баяр наадамд түрүү хүртсэн тоог анх удаа хоёр оронтой болгосон байна.

Дархан аварга Бадамдоргийн ТҮВДЭНДОРЖ /7 түрүү/

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1952-1954 оны улсын их баяр наадамд түрүүлжээ. Тэрээр ардын хувьсгалаас хойш төрсөн анхны дархан аварга юм.

Дархан аварга Жигжидийн МӨНХБАТ /6 түрүү/

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат 1963-1967 болон 1974 оны төрийн их наадамд түрүүлжээ.

Дархан аварга Дарийн ДАМДИН /5 түрүү/

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин 1956-1960 оны улсын их баяр наадамд түрүүлсэн байна. Тэрээр циркийн урлагт хүч тамирын үзүүлбэр үзүүлж, гавьяат жүжигчин цол хүртсэн бөгөөд монгол төрийн наадамд таван жил дараалан түрүүлсэн анхны бөх юм.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ