ЦЕГ, "Оюу Толгой", Мобиком Корпораци замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн томоохон төсөл хэрэгжүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-17 14:51 GMT+8

Улаанбаатар хот, Монгол – Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд үйлдэгдэж байгаа осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг санаачлан, “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК-тай хамтран аяны хэрэгжилтийг хангаж, санхүүжүүлэх тухай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг  “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК хамтран 280 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд 2019 онд Монгол орон даяар замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах нөлөөллийн аян зохион байгуулах юм.   

“Оюу толгой” компани “Тэг осол зөрчил” уриан доор нэгдэн, аюулгүй ажиллагааг үнэт зүйл, тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уурхайн цогцолбортоо тусгай стандартаар зохицуулж, аюулгүй ажиллагааны жишиг соёлыг хэвшүүлсэн. Энэ соёлоосоо олон нийтэд хуваалцаж Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2018 оноос эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудад олон удаагийн сургалтууд зохион байгуулсан юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийг дэмжсэн тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар сургуульд цахилгаан шат барьж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг төсөл” хэрэгжүүлсэн, 186-р цэцэрлэгт аутизмтай хүүхдийн анги тохижуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амардаг “Хөдөлмөр” зусланд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авч суурилуулах зэргийг дурдаж болно. Эдгээр төслүүдийн дотроос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөлдөө бид онцгой ач холбогдол өгдөг. Иймд ЦЕГ болон Мобиком Корпорацитай хамтран хэрэгжүүлэх төслөөрөө дамжуулан олон Монгол хүний амийг аврахын төлөө ажиллах болно” хэмээн хэллээ.

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада : Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан яаралтай тусламжийн утас 108, ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж зэрэг олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, цаашлаад авто замын хөдөлгөөнд оролцогч иргэдэд мэдлэг олгох энэхүү аяныг Оюу Толгой компанитай хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна’’ гэж хэллээ.

Гуравхан сая хүн амтай Монгол Улс автомашины ослоор жилд дунджаар 500 хүнээ алддаг бөгөөд үүний 10 орчим хувь нь хүүхдүүд байдаг. Мөн олон мянган хүн автомашины ослоос үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж байна. Ослын дийлэнх нь хувь хүний буруутай үйлдлээс улбаатай тул жолооч бүр хариуцлагаа нэмэгдүүлж эдгээр ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ослоос үүдэх нас баралтын дийлэнх хувь нь хөдөө, орон нутгийн замд харин бэртэл гэмтлийн олонх нь нийслэл хотод тохиолддог.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд явах замд хурд хэмжигч камер суурилуулна. Энэ орчмын замд хүмүүс хурд хэтрүүлэх нь түгээмэл байдаг бөгөөд нас баралтын хувь өндөр байсаар байна. Жишиг байдлаар иж бүрэн камер суурилуулснаар хурд хэтрүүлж, осол аваар гарах тохиолдол буурах юм. Монгол Улс 2020 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй амь нас алдах явдлыг 50% хүртэл бууруулах үүрэг амлалт авсан. Амлалтаа хэрэгжүүлэхэд энэхүү төсөл хувь нэмрээ оруулах юм.

Төр, хувийн хэвшлийн уялдаа сайжирч, хамтран ажилласнаар нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломж байгааг энэхүү хамтарсан төслөөс мөн харах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ