Хурц арслан Шаравын Ванчинхүүгийн амьдралын түүх ба дурсамж

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-17 16:30 GMT+8

Энэ сарын 23-нд болох Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит Наадмын сорилго барилдааныг тохилдуулан Төр нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч, Монгол улсын хурц арслан Шаравын Ванчинхүүгийн амьдралын түүх ба дурсамжаас хүргэж байна.

Шаравын Ванчинхүү 1909 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Хар ус нуурын хөвөө, Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар Ч.Шаравын ес дэх хүү болон мэндэлжээ. Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллаж, монгол бичиг, түвд ном заалгаж Буянт сумын нутаг Хар Цохио багийн Гүн худгийн дацанд шавилан суудаг байжээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы аав Д.Лосол, Ш.Ванчинхүүгийн аав Ч.Шарав, Ш.Нинзэн арслангийн өвөө Г.Гончигжав нар төрсөн ах дүүгийн хүүхдүүд байсан бөгөөд нас биед хүрсэн Ш.Ванчинхүү сургуульд сурахаар авга ах БНМАУлсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганыг даган Улаанбаатар хот явж эрдэм номд суралцсан. Тэрээр 1930-аад оны эхээр Улаан-Үүд хотын монгол, буриад залуучуудыг дээд сургуульд бэлтгэдэг Рабфак сургуульд манай нам төрийн удирдагч, маршал Ю.Цэдэнбалтай хамт 2 жил орчим математик, физик, химийн шинжлэх ухааныг заалган суралцаж суурь боловсролыг эзэмшсэн бөгөөд түүний дараа нам, улсын хариуцлагатны курст орж суралцан төгсчээ.

Тэрээр орос, казак хэлний өргөн мэдлэгтэй, өөрийн сурч мэдсэнээ бүтээлчээр ашиглаж эх орон ард түмнийхээ түүхэн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, өөрийн амьдралаа чин үнэнчээр зориулсан монголын сэхээтнүүдийн нэг байсан юм. Ш.Ванчинхүү арслангийн Монгол бөхийн барилдаанд гаргасан амжилтыг товч дурьдва, Ш.Ванчинхүү арслан 1926 оны зуны тэргүүн сарын эхээр Буянт сумын Таван хайрханы “Сатуй” овооны наадамд 17 настайдаа 3 давснаар бөхийн замналаа эхэлсэн байдаг. Тэрээр орон нутагт намын өндөр албан тушаал хашиж байсан тул улсын баяр наадамд олон удаа барилдаагүй бөгөөд 5 удаа барилдсанаас 3 шөвгөрч 1 түрүүлсэн байдаг.

Тэрээр булчинлаг биетэй түргэн шуурхай барилдаантай, ялангуяа хөлөөр өлгөх, хавирах, хутгах, зайлж бусгах, хөл авах, гар ачих мэхүүдийг чадамгай хийдэг, хараа овсгоо сайтай  уран барилдаант, саруул шаламгай улсын арслан билээ.

Улс хувьсгалын 1932 оны баяр наадамд аймгийн арслан цолтой барилдаж 1024 бөхөөс 7 давж улсын заан цол хүртсэн, 1936 онд 1024 бөхөөс 8 давж Дорнодын “Хумбан бор” хэмээх Т.Балсан арсланд өвдөг шороодож “өсөх идэр” чимэг нэмж, 1938 онд 1024 бөхөөс 6 давж улсын заан Жамъяаншаравт өвдөг шороодон “Чинзоригт” хэмээх чимэг нэмж, 1940 онд 31 насандаа Ардын хувьсгалын 19 жилийн ойн их баяр наадамд 512 бөх барилдсанаас 4-ийн даваанд Булган аймгийн улсын заан Ц.Бат-Очирыг, 5-ын даваанд Архангай аймгийн улсын арслан Шагжийн Төмөрбаатарыг, 6-ын даваанд Сэлэнгэ аймгийн улсын заан Төмөрийг, 7-ийн даваанд Дорнод аймгийн улсын заан Х.Өлзийсайханыг, 8-ын даваанд Өвөрхангай аймгийн улсын арслан Ц.Банди, 9-ын даваанд Дорнод аймгийн “Гулзгай” хэмээх У.Дамчаа арсланг орхиж түрүүлэн “БНМАУ-ын Уран хүчит, саруул шаламгай арслан” цол хүртсэн юм.

Тэрээр 1939 оны улсын баяр наадамд нэгийн даваанд Өвөрхангай аймгийн харъяат малчин залууд унасан гэдэг бөгөөд 1945 оны улсын баяр наадамд 5 давж шөвгөрсөн. Ш.Ванчинхүү улсын заан цолыг хүртэхдээ 4 заан цолтой бөхийг, улсын арслан цолыг хүртэхдээ 4 арслан цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг нь сонин тохиолдол болжээ. Мөн Хэнтий аймгийн баяр наадамд 1930 онд, Сэлэнгэ аймгийн Хараа, Загдал суманд болсон наадамд 1931 онд, Дорноговь аймгийн Баянмөнх суманд 6 сум нийлж хийсэн наадамд 1933 онд, Ховд аймгийн наадамд 1934, 1936, 1950 онд, Увс аймгийн баяр наадамд 1936 онд, Баян-Өлгийн аймгийн наадамд 1945 онд тус тус түрүүлж, Ховд аймгийн наадамд 1932 онд, Хэнтий аймгийн наадамд 1938 онд үзүүрлэж, Увс аймгийн наадамд 1935, 1937 онд 4-т үлдсэн байдаг.

Тэрээр монхордуу хамартай, шар царайтай, жижгэвтэр их яргай булчинлаг биетэй түргэн шуурхай барилдаантай, олон хувилбар угсраа мэхтэй, ялангуяа хөлөөр өлгөх, хавирах, хутгах, зайлж бусгах, хөл авах, гар ачих мэхүүдийг чадамгай хийдэг, хараа овсгоо сайтай өсөх идэр, саруул сайжрах, уран барилдаант, саруул шаламгай улсын арслан билээ. Ш.Ванчинхүү нь “Би гуч орчим мэхийг хийж, хариулж чаддаг” хэмээн нэг удаа өгүүлж байсан гэдэг.

Түүний бичсэн “Монгол бөхийн зарим мэх” хэмээх ном нь уншигч олноос ихээхэн өндөр үнэлгээ авсан байдаг. Энэ номондоо монгол бөхийн барилдааны зуун мэхийг барьцгүй хаях мэх, цэрвүү барьцны мэх, лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг болгон хувааж, мэх тус бүрийг яаж хийх, хэрхэн хариулахыг оновчтой тайлбарлаж, өөрийн шавь улсын заан Д.Мягмар, улсын начин Ч.Өвгөнхүү, н.Дашдаваа нарын гэрэл зургаар мэх хийж байгааг харуулан 1978 онд хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байдаг төдийгүй тус ном нь өнөөдөр хойч үеийн бөхчүүдийг үндэсний бөхийн барилдаанд суралцах гарын авлага, ширээний ном болсон үнэтэй бүтээл болжээ. 

Бөх хүн гэдэг эелдэг зөөлөн зан авиртай, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, хэнийг боловч хүндэтгэн үздэг байх ёстой

Тэр үеийн ахмад бөхчүүд түүнийг даруу төлөв, шударга зантай бөх байсан тухай дурсамж өнөөгийн залуу бөхчүүдэд тэрхүү ёс зүй, шудрага байх зарчмыг үлгэрлэл болгохыг дурсан ярьсаар байна. Тухайлбал1940 оны Улсын баяр наадамд үзүүр түрүүнд Дорнодын гулзгай хэмээх У.Дамчаа арслантай барилдан хэн хаясан нь тодорхойгүй хамт унасан байдаг. Тэгтэл Ш.Ванчинхүү арслан "та давсан" гэхэд У.Дамчаа арслан үгүй ээ та давсан гэжээ. Тухайн үед Ховд аймгийн харъяат улсын заан хадагт хар Д.Рэнцэндорж Ш.Ванчинхүү арсланг засаж байжээ. Ингээд бөхийн засуулууд маршал Х.Чойбалсангаас хоёр бөх ингээд байна гэж асуухад маршал "Тэд алс холын аймгаас ирж барилдаж байгаа болохоор дахин барилдуул" гэжээ. Дахин барилдахад Ш.Ванчинхүү арслан өрсөлдөгчийнхөө хөлд дамжиж ороод хаясан гэдэг.

Тэрээр “Биеийн тамирын олон төрөл үндэсний бөх, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, даам тоглох, цана тэшүүрээр гулгах, сур шагай харвах, урт өндрийн харайлт, гүйлт зэргээр хичээллэж тэмцээн уралдаанд байнга оролцож байсны үр дүнд би үндэсний бөхөөр энэ амжилтанд хүрсэн юм” хэмээн дурсан ярьдаг байжээ.

Өвгөн арслан маань хойч үеийн бөхчүүддээ хандан “Бөх хүн гэдэг эелдэг зөөлөн зан авиртай, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, хэнийг боловч хүндэтгэн үздэг байх ёстой. Бөх хүн хүч чадалтай байхаас гадна ухаан самбаа гарган уран мэх хийж түргэн шуурхай барилддаг байх, өрсөлдөгч бөхөө унагахын төлөө чармайх боловч бөх нөхрөө хайрлахгүй байж болохгүй....” гэх мэтчилэн захидаг байсан. 

Өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хөдөө гарч төрөлх нутаг Буянт сумандаа жороо адууны торгон сүрэг бий болгохоор адуучин болж 1971 он гэхэд олон тооны жороо морьд бий болгож нэгдэлдээ бэлэглэсэн байдаг. 

Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн авга талаас аймгийн арслан Шийлэгийн Нинзэн, Лааганы Найдан, нагац талаас аймгийн арслан Чинсүрэнгийн Магван, Загджавын Соёмбо, аймгийн заан Д.Чинсүрэн, Ч.Дашзэвэг, аймгийн начин П.Дамдинсүрэн, Монгол улсын харцага Оргихын Хангай зэрэг алдар цолтой олон бөхчүүд төрөн гарч нутгийн ард түмэн, төрөлх нутаг усныхаа нэрийг дуудуулан баясгаж явна. 

Ш.Ванчинхүү арслангийн тухай дурсамж яриануудаас товч дурьдвал: 

-Түүний гэргий Г.Шархүү: “Манай Ванчин 1939 оны улсын наадмаар нэгийн даваанд нэг залууд гутал хальтраад гуд татуулчихлаа. Дараа жил даагаа нэхэж, улсад түрүүлэх бэлтгэлээ одооноос эхлэн хийнээ гээд хээв нэг тоосон шинжгүй хөхөрч суусан нь санаанаас гардаггүй юм” гэж дурсан ярьсан байдаг. 

- Монгол улсын хурц арслан, Соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тайлбарлагч Ц.Бадамсэрээжид гуай 2000 онд Монголын радиогоор, 2014 онд Монголын үндэсний телевизээр “Манай улсад бөхийн тайлбарыг анх арслан Ш.Ванчинхүү хийж байсан, тэрээр үндэсний бөхийн барилдааныг ухаалаг цэцэн үгээр, уран хошин тайлбарладаг тул наадамчдын сонирхолыг ихэд татдаг байлаа” гэж дурсан ярьж байлаа. 

- Булган аймгийн харъяат, залуудаа сайн барилддаг байсан Ядамжав (хожим Сэлэнгэ аймгийн Орхон суманд амьдарч байсан): “Би залуудаа овоо барилддаг байлаа. Манай нутгийнхан бөх сайтай. 1944 оны үед нутгийн хэсэг залуу бөхчүүд улсын наадамд очиж барилдахаар явах гэж байтал, олон бөхчүүд улсын наадамд явж аймагт цөөхөн бөх барилдах нь гэсэн яриа аймгийн намын хорооны даргын сонорт хүрчээ. Тэр үед манай аймгийн намын хорооны дарга Ш.Ванчинхүү гэж хүн байсан юм. Тэр хүн “Улсын наадамд явах бөхчүүдийг маргааш орой, ажил тарсны дараа 17 цагт зодог шуудагтайгаа намын хороон дээр цуглар” гэж зарлуулжээ.

Одоо бодоход Баажаа маань хурдан морь, бөх болох хүүхдийг багаас нь сайн шинжиж таньдаг  хүн байж дээ. 

Биднийг товлосон цагт намын хороон дээр очиход намын хорооны машин “полу”, даргын машин газ-67 хоёрт хувааж суулгаад дарга дагуулан аймгийн төвөөс зайдуу газар очиж бууцгаав. Дарга “За та нар улсын наадамд явах гэж байгаа гэнэ. Тэр ч зөв. Та нарыг шалгана. Би ч бас улсад тоосоо өргөж л явсан хүн. Та нар надтай барилдаад намайг хаясан нь улсад яв. Надад унасан нь эндээ барилд” гээд барилдахад нэг ч бөх даргыг хаяж чадаагүй юм. Дарга хэдэн бөхийг сонгоод хооронд нь барилдуулан мэх зааж өгөөд та нар улсын наадамд очиж барилд, бусад нь аймгийнхаа наадамд барилд, барилдахгүй байж болохгүй шүү гэж байсан” тухай хүүрнэн ярьсан байдаг.

- Худалдааны сургууль төгссөн залуу Ванчинхүү 1932 онд Дорноговь аймагт томилогдон очив. Давжаахан биетэй энэ залууг улсын заан гэдгийг нутгийнхан бараг мэдэхгүй байжээ. Хөдөөгийн залуучууд, нягтлан бодогч залуу 150 кг заг мод үүрч саахалтын хэртэй газар хүргэнэ гэж Цэгмэд гуайтай мөрийцсэн гэдгийг сонсоод сонирхохоор иржээ. Залуу ч мөрийцсөн ёсоор ачаагаа үүрч товлосон газраа хүргэж, залуучууд бишрэн гайхав гэнэ. Сарын цалин тавихад зааны цалингаас 150 кг загийн үнийг суутгаагүй, гэсэн атлаа санхүүгийн баланс яв цав нийлж байгааг хараад Цэгмэд гуайг дуудаж – Та надаас загийн үнийг суутгаагүй байна гэхэд Цэгмид гуай, үгүй яаж болох вэ, эр хүний ам байна, Муу ах нь толгой буурал, чадал нь харьсан боловч эр хүн шүү. Чамайг үүрч чадвал үнийг нь төлнө гээ биз дээ. Эрийг бүү бас, Далайг бүү янд гэдэг үг үнэн байжээ гэсэн дурсамж яриаг С.Төмөрбаатар 1992 онд хэвлэгдэн гарсан “Бөх бөхөөрөө төрдөггүй” номонд бичсэн байдаг билээ.

-Зууны манлай заан Д.Мягмар: Намайг 5 дугаар ангид байхад Баажаа манай ангид хичээл орсон юм. Тэр өдөр намайг дуудаад чи хэний хүүхэд вэ гэж асуулаа. Би аавынхаа нэрийг хэлтэл чи Д.Батаа, Д.Насангийн дүү юм уу. Энэ 10 сард бөхийн дугуйлан хичээллэж эхэлнэ чи түүнд яваарай гэж билээ. Тэгээд 8-р ангид байхад маршал Ю.Цэдэнбал дарга Ховд аймагт ажиллаж, манай сургууль дээр ирэхэд бөхийн дугуйлангийн хүүхдүүд Баажаатай хамт байсан юм. Ю.Цэдэнбал дарга та ч сайн бөх хүн танай аймгаас сайн бөхчүүд төрөн гарахгүй байна та сайн бөх төрүүлээч гэхэд Баажаа 8-р ангийн сурагч намайг заахад, дарга хүүхэд биш том бөх гээд инээж байсан юм. Тэгэхэд л намайг улсын цолонд хүрч сайн барилдан гэдгийг шинжиж мэдсэн байж дээ. Одоо бодоход Баажаа маань хурдан морь, бөх болох хүүхдийг багаас нь сайн шинжиж таньдаг их ухаантай хүн байж дээ. 

Ш.Ванчинхүү арслангийн төр түмнийхээ төлөө ажиллаж байсан ажлын талаар товч дурьдвал:

Тэрээр Улаанбаатар хотод нягтлан бодогчийн нэг жилийн курст суралцаж төгсөөд улс орныхоо аль хэрэгцээтэй газарт томилогдон Дорноговь аймгийн Хоршоодын холбооны ерөнхий нягтлан бодогчийн туслахаар 1932-1934 он, Ховд аймгийн Мянгад сумын анхны хоршооны нягтлан бодогчоор 1934-1936 он, Хэнтий аймгийн Хоршоодын холбоонд сургагч нягтлан бодогчоор 1937-1940 онд тус тус ажиллаж, тус салбарыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан, тухайн үед шинэ тутам хөгжиж буй санхүүч мэргэжлийн сургагч багш болсон байдаг. 

Намын шинэ хүчний дээд сургуульд 1941-1943 он суралцаж төгсөөд, Баян-Өлгий аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар 1943-1944 он, Булган аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаар 1944-1945 он, МАХН-ын Төв хороонд лектороор 1945-1947 он, МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонины редактораар 1947-1950 онд тус тус ажиллаж байсан. 

Баян-Өлгий аймаг дахь Цагаан-Нуурын дамжлага баазын даргаар 1954-1955 он, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргаар 1956-1959 он, Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар 1950-1953 он,1961-1969 он, Улаанбаатар хотын Худалдааны Техникумын багшаар 1959-1961 онд тус тус ажиллаж байсан. Ховд аймгийн

Буянт сумын 90 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Буянт сумын нутгийн зөвлөл, Буянт сумын Засаг даргын тамгын газар, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, шавь нартай нь хамтран 2009 онд Ш.Ванчинхүүгийн арслангийн нэрэмжит 128 бөхийн барилдааныг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл, Буянт сумын нутгийн зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Буянт сумын Засаг даргын тамгын газар хамтран 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр монгол бөхийн өргөөнд Ш.Ванчинхүү /Баажаа/ арслангийн 110 насны ойн тэмдэглэн өнгөрүүлж Наадмын их сорилго барилдааныг зохион байгуулах гэж байгаад үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан бид нар туйлын их баяртай байна.

Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

Намтар, дурсамж яриаг сийрүүлэн бичсэн: Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн хурц арслан Л.Найдангийн хүү Н.Бямбадорж Улсын арслан Ш.Ванчинхүүгийн зээ охин З.Адууч 

Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ