Соёлоо таниулбал ноолуураар ноёлох боломжтой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-18 17:10 GMT+8

НООЛУУРАА БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙГЭЭР БЭЛТГЭЖ, ТҮҮНИЙГЭЭ БАТЛАХГҮЙ БОЛ ХУДАЛДАН АВАГЧИД ОЛДОХГҮЙ НЬ

Ирэх зуу, зуун жилд үйлдвэрлэлээ үл таслахыг хүссэн үйлдвэрлэгчид таваарын зах зээлийг эргүүлэх нь. Өнөө маргаашийн ашиг хайсан үйлдвэрлэл алсдаа түүхий эдийн хомсдолд орох, бизнесийг нь хүндрэлд хөтлөх эрсдэлтэйг ойлгосон хувцас үйлдвэрлэгчид тогтвортой хөгжилд санаа зовниж байна. Мөн орчин үеийн хэрэглэгчдийн шаардлага өндөрсөж, өөрт нь таалагдсан хувцсаа сонгохын зэрэгцээ хүрээлэн буй орчинд халтай эсэхийг харгалзах болсон нь үйлдвэрлэгчдийг хүссэн хүсээгүй тогтвортой хөгжлийн замаар алхахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм. Мөн амьтан хамгаалах олон улсын байгууллагууд ч бизнес эрхлэгчдийн амар заяаг үзүүлэхгүй давшилж байгаа. Тиймээс үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үе шат бүрээ байгаль хийгээд ан амьтанд ээлтэй байлгахаар зорьж эхэллээ.

Амьтны эрхийг хамгаалах People for the Ethical Treatment of Animals олон улсын байгууллагаас ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь амьтны эрхийг зөрчдөг хэмээн мэдэгдлээ. Цаашлаад ямааны тоо ихэссэнээс үүдэн Азийн орнуудад бэлчээрийн доройтол нэмэгдсэнийг ч олон улсын байгууллагын цөөнгүй судалгаа баталжээ. Тиймээс ирээдүйг чиглэсэн үйлдвэрлэл эрхлэхийн тулд түүхий эдийн нийлүүлэлт, түүний хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг эргэн харж, гарал үүсэлд ул суурьтай хандаж эхлэв. Бэлэн хувцасны үйлдвэрлэлээр дэлхийд гуравт жагсдаг H&M брэнд байгаль орчин болон ан амьтанд халгүй үйлдвэрлэл эрхлэхээ мэдэгдлээ. Энэ санаачилгад нь Kering SA, Gucci, Stella McCartney, Patagonia зэрэг брэнд нэгджээ.

Цаашлаад ямааны тоо ихэссэнээс үүдэн Азийн орнуудад бэлчээрийн доройтол нэмэгдсэнийг ч олон улсын байгууллагын цөөнгүй судалгаа баталжээ.

Дэлхийн брэндүүдийн энэ санаачилга түүхий ноолуурын нийт нийлүүлэлтийн бараг тэн хагасыг бүрдүүлдэг Монгол Улсын нийлүүлэлтийг хөндөж, байгаль болон амьтанд ээлтэй байлгахыг шаардав. Монгол Улс нийт самнасан ноолуурынхаа дийлэнх хувийг Итали, АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй оронд экспортолдог. Гэтэл бид ноолуураа байгальд ээлтэйгээр бэлтгэн нийлүүлж, түүнийгээ батлахгүй бол бизнес эрхлэгчид монгол ноолуурыг худалдан авахаас татгалзаж мэдэх нь.

Дайран дээр давс гэгчээр амьтан хамгаалах зарим байгууллага бүдү үлгээр ямаа самнаж буй дүрс бичлэг цацсан нь яах аргагүй хувцас үйлдвэрлэгч, ноолуур бэлтгэгчдийг гарц шийдэл хайхад хүргэж байна. H&M брэндийн ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү “Монгол Улс ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал нь эрүүл, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн гэдгээ баталчихвал өндөр үнээр авахад бэлэн” хэмээн өгүүлсэн.

Гэтэл монголчуулын мал маллах арга ухаан онцгой бөгөөд олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй. Энэ нь бидний ахуй соёл, уламжлалын нэг хэсэг. Иймд бидний соёл уламжлалыг ч харгалзахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр, “Ямааны ноолуурыг самнах нь малдаа массаж хийж буй нэг хэлбэр. Ноолуур нь хөөрчихсөн ямаа зун халууцдаг. Ноолуураас нь салгаснаар сэрүүхэн сайхан зусахад нь тус болдог тул амьтны ая тухтай байлгахад чиглэсэн алхам” хэмээн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлж байна. Хэрэв энэ талаас нь ноолуур самнах үйл явцыг амьтны эрхийн төлөө байгууллагуудад эсэргүүцэх бус харин ч дэмжих учиртай аж.

Харин хамгийн гол нь монголчууд өөрийн зан заншил, соёл уламжлалаа дэлхий нийтэд зөвөөр таниулж ойлгуулах нь чухал. Бид өөрсдийгөө бүрэн таниулж, дэлхийд хосгүй нүүдлийн мал аж ахуй, малч монгол ухаанаа таниулаагүйгээс гадаадынханд буруугаар ойлгогдох, янз бүрийн эрх ашиг бүхий байгууллагуудад амархан олзлогдоход хүрээд байна. Энэ нь цаашлаад  Монгол Улсын уул уурхайн бус үйлдвэрлэлийн нэрийн хуудас болсон ноолуурын салбарыг сүүдэрлэж, түнш хамрагчдаа алдахад хүргэх эрсдэлтэй.

Иймд өөрөө өөрсдийгөө зөвөөр таниулах шаардлага тулгарлаа. Хэрэв ноолуурын бэлтгэлийн тогтолцоогоо илүү сайжруулж,байгаль орчин болон ан амьтанд ээлтэй байдлаар зохицуулж, үүнийгээ дэлхий нийтэд баталж, бас ойлгуулж чадвал түүхий эдийн үнээ илүү ч өсгөж, дэлхийн зах зээлд жинхэнэ утгаар нь монгол ноолуур ноёлох боломж байна. Ингэж чадвал өдгөө бидэнд тулгараад буй сорилт ирээдүйд боломж болох юм.

МОНГОЛ УЛС ШАТ ДАМЖЛАГА БҮРТ ҮНЭ ЦЭНЭЭ ТОДОТГОХ ХЭРЭГТЭЙ

Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөх боломжийн талаар Kering группийн Байгаль орчинд ээлтэй  ноолуур үйлдвэрлэлийн захирал Хелен Кроулитай ярилцлаа.

-Олон улсын компаниуд монгол ноолуурыг хэрхэн үнэлдэг вэ?
-Манай компани Монголоос олон жил ноолуурын эх үүсвэрээ хангаж байна. Сүүлийн таван жилийн турш бид ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч буй. Энэ хүрээнд ноолуурын нийлүүлэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг малчин өрхийн өгөөжийг нэмэгдүүлэхэд голлон анхаарлаа. Дотоодын мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагатай хамтран ноолуур хэмээх амин чухал түүхий эдийг байгальд сөрөг нөлөөгүй, амьтанд халгүй, малчдад өгөөжтэй татан авахыг судалсан. Хэдийгээр бид хувийн компани хэдий ч даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулахаар зорьж буй.

Хэдийгээр бид хувийн компани хэдий ч даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулахаар зорьж буй. 

Манай компани 2025 он гэхэд компанийнхаа байгальд орчин үзүүлэх сөрөг нөлөөг “0” хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэх ерөнхий төлөвлөгөөгөө ч бэлэн болгосон. Нийлүүлэлтийн гинжин хэлхээнд анхаарч байгаа юм. Монголын нөхцөл байдлыг судлахад маш өндөр боломж харагддаг.

Тогтвортой, байгальд ээлтэй зарчмаар ноолуур нийлүүлж буй Монголын мал аж ахуйн салбарт түүхий эдийн чанараа сайжруулах бололцоо бий. Монголын мал аж ахуйн салбарын боломж бололцоог судлах тусам илүү өргөн боломж буйг ойлгож байна. Үүний тулд бэлчээрт нөхөн төлжих, сэргэх боломж олгохын зэрэгцээ хөдөлмөрөөрөө хангалттай сайхан амьдрах санхүүгийн боломж, бодитой үнийг малчдад санал болгох нь чухал. Мөн малын эрүүл мэнд, арчилгааг ч мартаж болохгүй.

-Монгол Улсын ноолуур нийлүүлэлтийн хүчин чадлыг хэрхэн тооцож байна вэ?
-Монгол Улс ноолуурын дэлхийн хэмжээний нийлүүлэгч. Мөн Монгол Улсад тал нутгийн тогтоц, аж амьдралд нийцсэн гайхам соёлын түүх бий. Энэ уламжлалд тулгуурлан монгол ноолуурын чанарыг сайжруулах боломжтой. Ингээд зогсохгүй Монгол Улс шат дамжлага бүрт үнэ цэнээ тодотгох хэрэгтэй. Зөвхөн сайн чанарын ноолуур бэлтгээд зогсохгүй үүнийг бэлтгэхэд хосгүй түүх уламжлал, амьтдад ээлтэй арга барил ашигласнаа баталж харуулах хэрэгтэй байна.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ