“Эмчид 150-500 мянган төгрөгийг бэлэг болгон өгдөг ёс тогтчихсон”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-18 14:35 GMT+8

Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Тус үнэлгээг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор хийжээ.

Үнэлгээнд улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар гэсэн эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагыг хамруулсан байна. Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн ТББ-уудтай хамтран зохион байгуулжээ.

ХАГАЛГААНЫ ПРОЦЕССОД ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ ШАН ХАРАМЖ, БЭЛЭГ ӨГӨХ БАЙДАЛ ХАВТГАЙРСАН

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын 2-р эмнэлэгт авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа хийсэн “Статистик судалгаа шинжилгээний ТББ”-ын тэргүүн Г.Эрдэнэ “Бид иргэдээс авсан судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт гаргасан. Ингэх үед тухайн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, төсвийн тайлагнал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх процессод ашиг сонирхлын зөрчил, эмчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд илэрсэн. Тухайлбал эмч нар нь уур бухимдалтай байдаг, үйлчлүүлэгчдийгээ загнадаг, шинжилгээнүүдийг заавал гаднын байгууллагаар хийлгэхийг тулгадаг. Иргэн тухайн үйлчилгээг авахын тулд дунджаар нэг сар шаардлагатай болдог.

Мөн хагалгааны процессод эмч сувилагч нарт шан харамж, бэлэг өгөх байдал хавтгайрсан. Нэг төрлийн ёс заншлын хэмжээнд хүрчихсэн байдал ажиглагдсан. Дунджаар нэг эмчид 150-500 мянган төгрөг өгдөг ханш тогтчихсон байдал ажиглагдсан. Тоног төхөөрөмж худалдан авах ажлын мэдээлэл бүрэн хангагдаагүй, хэрхэн тендер зарлаж худалдан авах байгууллагаа сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, зарим мэдээллээ нуудаг байдал гарсан” гэв.

Үнэлгээний явцад тогтоогдсон авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлуудыг арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан, тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Бэлэг өгдөг тогтчихсон ёсыг эвдэх хэрэгтэй

Авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа хийсэн “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир “Авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчил хоёр нь ялгаатай. Үйлчлүүлэгч сайн дураараа өгсөн бэлгийг эмнэлгийн ажилтан авбал эмчийн ёс зүйн дүрмээ зөрчсөн үйлдэл. Ийм ёс зүйн зөрчил их байгаа учраас эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэл их байхад нөлөөлж байна. Гэхдээ энэ нь эмнэлгийн ажилтнуудаас шаарддаг гэхээс илүү үйлчлүүлэгчдээс өгдөг уламжлалт зан үйл маягийн зүйл. Энэ нь эргээд нөгөө эмчийгээ эвгүй байдал, ёс зүйн зөрчилд оруулж байгаа юм. Тус эмнэлгүүдийн үйлчилгээ нь төрөөс явуулж буй үйлчилгээ тул бэлэг өгдөг тогтчихсон ёсыг эвдэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

ЭМЧ НАРТ БЭЛЭГ ӨГДӨГ АСУУДАЛ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ ЯРИГДАЖ БАЙГАА

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний талаар эмнэлгийн төлөөллөөс асуухад: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал П.Мөнхсайхан “Өдөрт 1000, сард 25 мянга гаруй хүн манайхаар үйлчлүүлдэг. Тэдгээрт шөнийн ээлжтэйгээ нийлээд 8 эмч, 16 сувилагч үйлчилдэг. Ингээд нэг эмчид ногдох үйлчлүүлэгчдийн тоог авч үзвэл өндөр ачаалалтай байна. Жишээ нь нэг сувилагч 10-15 хүнд үйлчилж байна. Ачааллаас үзвэл эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай. Шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн хангахуйц төсөв манайд байхгүй. Эмч нарт бэлэг өгдөг асуудал олон жилийн турш яригдаж байгаа. Манай эмнэлгийн хувьд үйлчлүүлэгчээс бэлэг авахтай холбоотой гомдол санал багассан гэж ойлгож байна. Манай чанар, дотоод хяналтын алба энэ тал дээр байнга хяналт тавьж ажиллаж байна” гэж ярьлаа.

Нөгөө талаас Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр “Нийтэд ил харагдаж буй нь хүлээлгэж, мөнгө авч буй явдлууд болохоос биш цаана нь өөр асуудлууд бий. Эмнэлгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийсэн энэ судалгаа 4-5 сар үргэлжилсэн. Дараагийн ээлжид бид эдгээр асуудлыг хэрхэн засаж залруулах вэ гэдэг дээр хамтран ажиллана” гэв.

 
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ