Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-26 11:15 GMT+8

2030 ОН ХҮРТЭЛ ЖИЛД 300 МЯНГАН ТОНН АРМАТУР ХИЛИЙН ЧАНАДААС ХУДАЛДАН АВНА

Манай улс 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна. Монгол Улс дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь.

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ ийнхүү хилийн чанадаас импортолж суух ч гэж. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар жинхнээсээ “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас ялангуяа, хоёр хөршөөсөө худалдан авч байна.

Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.

Учир нь Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг л дотоодоос нийлүүлж, зах зээлийнхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Манай улсад одоогоор 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нийлээд 80 мянган тоннд хүрэх аж. Гэтэл бидний эрэлт хэдийн 300 мянган тонныг давжээ.

Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. 

Улаанбаатарт сүндэрлэх барилгын тоо өсөж, бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр арматурын эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд өсөж эхэлсэн байна. Гэтэл он гарсаар үнэ ханш нь мэдэгдэхүйц өсөөд буй төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жилд тасралтгүй унаснаас үүдэн үйлдвэрлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулчихсан. Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. Бүтээгдэхүүний үнэ болон барилгын салбарын удаашралаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид цөөнгүй жилийг хүндхэн өнгөрөөсөн аж.

Гэтэл орчин цагийн Монголд хотжилтын хүрээг тэлж, хүн амаа орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх тусам барилгын салбарын дутууг дүүргэх арматурын импорт өссөн байна. Ирэх жилүүдэд ч барилгын багана болсон арматурын хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, арматурын эрэлт 2030 он гэхэд 454 мянга орчим тоннд хүрэх төлөвтэй.

Гэвч манай арматурын зах зээл өнөө хэр гадаадын үйлдвэрлэгчдийн атганд байсаар. Ялангуяа, арматур нь барилга байгууламжийн голлох түүхий эдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл царцсанаас нийт эрэлтийн голыг импортын бүтээгдэхүүнээр  хангаж байна” хэмээн “Барилга. мн” төвийн захирал Г.Батсүх өгүүлсэн юм. 

Энэ хэрээр барилгын салбарын гол түүхий эд валютын ханшийн савалгаа, гадаад зах зээлээс  шууд хамаарах нь. Өнгөрсөн онд ч арматурын нийлүүлэлт нэг бус удаа тасалдсанаас манай дотоодын зах зээлд үнэ ханш нь огцом өсөж, барилгын салбарынханд багагүй дарамт болсон юм.

• Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авдаг.
• Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.
• Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.

Цаашлаад арматурын ханшийн өсөлт өнөө хэр иргэдийн худалдан авах чадвараас давсан хэвээр байгаа нь барилга, орон сууцны үнийг өдөөх эрсдэл болжээ. Гэтэл Улаанбаатарын утааг бууруулахын тулд хүн амаа барилга орон сууцаар хангах хэрэгцээ шаардлага Монгол Улсад байсаар. Харин энэ зорилгыг биелүүлэхэд арматурын үнэ ханш басаж болохгүй сорилт болж мэдэх нь. Арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн.

Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. Tэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Дайран дээр давс гэгчээр дотоодын эрэлт өсөхийн хэрээр айлаас арматур худалдан авдаг бидний хилийн чанад руу урсгах валютын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.

Иймд ирээдүйд их хэмжээний валютын урсгалыг гадагшаа алдахгүйн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, арматурын зах зээлийг өөрсдийн атгандаа оруулах шаардлага тулгарсаар байна. Ингэснээр дотоодын чанартай түүхий эдээр барилгын салбараа хангаад зогсохгүй валютын гадагшлах урсгалыг улсдаа шингээж, төгрөгийн ханшийг хамгаална. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн хэрээр ажлын байр бий болгож, үйлдвэржилтийн үр шимийг дотооддоо шингээх боломж бүрдэх юм.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийн хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгалыг багасгаж байгаа. Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. Tэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой. Ялангуяа, “барилгын яс” болдог арматурын үйлдвэрлэл улсын хөгжлөөс эхлээд хүн амын амьжиргаа, улаанбаатарын утаанд хүртэл нөлөөлөх учиртай юм. Улсын ирээдүйд чухал үүрэгтэй энэ салбарыг өөрөө хөгжихийг хүлээж, цаг алдах бус бодлого, зохицуулалтын таатай нөхцөлөөр хангаж, тууштай дэмжих нь чухал байна.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 539 санал өгсөн байна.

Дээшээ