2019.06.25 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-25 18:10 GMT+8

ХҮНСНИЙ 20-ЫН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯ ТӨГРӨГӨӨР ШИНЭЧИЛЛЭЭ

Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригджээ. Өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засжээ. Нэг сарын турш үргэлжилсэн засварыг "Элит" констракшн гардан хийжээ.

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ СУЛЛАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ

Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна. Яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна.

"ЭЛЭГНИЙ В, D ВИРУСИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ"

“Элэгний B, D вирусийн эсрэг эмчилгээний олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт өнөөдөр боллоо. Сургалтад B, D вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ эм “Myrcludex”-ийг бүтээсэн эрдэмтэн элэгний өвчлөлийн талаар илтгэл тавсан юм.

Тус “Myrcludex” эмийг бүтээсэн судалгааны багийн ахлагч ХБНГУ-ын Хейделбергийн их сургуулийн эрдэмтэн Стефан Урбан “Миний хийсэн эм гепатит B, D вируст зориулагдсан бөгөөд вирусийн элэгний эсрэг ажиллагааг хориглох үйлчилгээтэй. Одоогийн байдлаар гаж нөлөө илрээгүй, бид вирусийн халдвараас сэргийлэх боломжтой болгохоор ажиллаж байна. Тус эм нь В вирусийг бүрэн эмчилж чадах эсэхийг харахын тулд бидэнд хугацаа хэрэгтэй. Одоохондоо D вирус давхар үйлчлэхээс сэргийлж байна. “Myrcludex” эмийг дэлхий дээр албан ёсоор хэрэглэж эхлээгүй, батлагдах шатандаа явж буй. Хэрэв клиникийн туршилтууд амжилттай болбол удахгүй дэлхийн улсуудад хэрэглэгдэх ба Монголд ч нэвтрэх боломжтой юм” хэмээв.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТАВАН АЛБАН ТУШААЛТАН ШҮҮХЭЭР ЯЛ ШИЙТГҮҮЛЖЭЭ

АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, зургаадугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлжээ.  2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

О.МАГНАЙ: 70 КГ БАЙТУГАЙ 7 ГР ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ САЛБАРЫН САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

О.Магнай өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийллээ. Гэхдээ АН-ын зүгээс санхүүжүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв. Тухайлбал, хариуцсан ажилтнууд нь 70 кг хар тамхины хэрэгт холбогдоод байхад салбарын сайд нь ажлаа өгөхгүй байна гэв. Тэрбээр "Д.Цогтбаатарыг уг нь ёс зүйтэй хүн гэж бодож байсан юм. Дипломат ажилчид нь 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт холбогдвол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэвч тэгсэнгүй. Эрүүл мэндийн сайд мөн л хариуцлагагүй мэдэгдэл хийж жуулчдын тоог буурууллаа. Хууль зүйн сайд ч мөн л удаа дараа хариуцлагагүй байгаа тул иргэд эсэргүүцэж байгаа нь зүйн хэрэг" гэсэн юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ