А.Уранбилэг: “Legend” шоунд уран нугаралт ямар түвшинд явааг мэдрүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-26 11:35 GMT+8

Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа залуу уран нугараач А.Уранбилэгтэй ярилцлаа. Тэрээр “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг наймд шалгарч байсан юм.

-“Авяъаслаг монголчуудад ямар үзүүлбэрээр оролцож байлаа?

-Уран нугаралтыг тайзны хэлбэртэй холбож байсан юм.  Агаарын цагираг, даавуутай мөн оролцож байсан. Би циркийнхээ чиглэлээс агаарын цагираг, агаарын даавуу , уран нугаралт, уран нугаралтан дотроо тэнцвэрийн үзүүлбэр хийдэг.

-Хэзээнээс нугарч эхэлсэн бэ?

-Би анх Монгол улсын циркт зургаан настайдаа Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн гуайн удирдлаган доор шалгуулаад тэнцсэн. Ингэж уран нугараач болох суурь маань тавигдаж байлаа. Бага байхаасаа л циркт дуртай, хайртай байсан учраас  тэнцэх үедээ маш их баярласан. Циркийн манежанд гарах циркчдийн жүжиглэлт, хийж байгаа элементүүд, ер бүх юм нь гайхамшигтай байсан. Циркчид бол амь насыг гартаа атгаж явдаг хүмүүс. Д. Мажигсүрэн багшийнхаа шавь нь болж ороод, циркийн урлагт хөл тавьснаасаа хойш 20 дахь жилдээ уран нугаралтаараа хичээллээд явж байна.

-Дэлхийн хэчнээн улсад монгол уран нугаралтын гайхамшгийг мэдрүүлэв?

-Дэлхийн 25 гаруй улсад аялан тоглолт хийсэн. Соло тоглолт, хоёр, гурав, дөрвөн хос, агаарын үзүүлбэр гээд маш олон төрлүүдээр ажиллаж байлаа.  Олон улсын циркчдийн дунд Монголынхоо нэрийг гаргаад, үзүүлбэр дуусахад хүмүүсийн алга таших чимээ хамгийн гайхамшигтай байдаг. Би Улаанбаатар циркт харьяалалтай. Олон орноор байнгын ирэн, очин тоглолтоо хийдэг. Ганцаарчилсан буюу сологоор нугаралтаа түлхүү үзүүлдэг. Цирк хувьчлагдсанаас хойш нийслэлийн харьяат Улаанбааатар циркт жүжигчин болсон. Гадны том циркүүдээс гэвэл Нарны циркийн дараа ордог “Cirque Dreams”-т ажиллаж байсан. Том, том орнуудын тоглолтод их орсон. Нэрлэвэл их байгаа. Циркээс гадна Монголд “Сарны чулуу дуу бүжгийн чуулга”-т нугараачаар ажиллаж байсан.

-Гадаадын циркүүд, манай циркээс ямар ялгаатай байдаг вэ? Илүү давуу тал нь юу байв?

-Гадаадын циркт ажиллаж байхад таалагддаг байсан нэг зүйл нь маш сайн зохион байгуулалт. Жил гаруйн  өмнөөс бүх төлөвлөгөөгөө гаргаад, түүнийхээ дагуу явдаг нь их таалагддаг. Би өөрөө цагаа барих дуртай хүн. Монголд бол хааяа “Үдээс өмнө, үдээс хойш” гэдэг хоёр цагтай болчхоод байдаг болохоор надад бага зэрэг хэцүү байдаг. Мөн олон орны жүжигчидтэй туршлага солилцоод дэлхийн тавцанд “Монголын уран нугараач” гэж явдаг нь надад их гоё санагддаг.

-Багшийнхаа тухай дурсаач?

Уран нугаралтын хувьд Монголд гурван том хүн байдаг. Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу гэж гурван их хүн бий. Д.Мажигсүрэн нь миний багш. Багш маань аман дээр тогтох үзүүлбэрийг дэлхийд анх  зохиосон хүн. Цэцгэн дээр тогтдог бүсгүй гээд айл болгонд зураг нь байдаг гэж ярьдаг даа.

-Таныг ирэх сард наадмаар болох “Legend” шоунд оролцоно гэж сонслоо. Энэ шоунд ямар үзүүлбэр үзүүлэх вэ?

-“Legend” шоундаа есөн хүүхэдтэй цуг шинэ хэв маягийг бий болгож, уран нугаралтаа арай өөр хэв маягаар гаргахыг хичээж ажиллаж байна. Уран нугаралтын хувьд эрт үеэс зөвхөн ширээн дээр баригдсан, хүн бүрийн толгойд нэгэн хэвийн хэв маяг суучихсан байдаг. Уран нугаралт гэхээр л цагаан суваргаа тавиад, поозоо барьж байгаад ширээн дээрээ тоглоно гэсэн ойлголт байдаг. “Авьяаслаг Монголчууд 1” шоунд оролцож байхад хүмүүс “Чамайг нугардаг гэдгийг мэднэ. Гэхдээ ингэж нугардаг гэж мэдээгүй” гэсэн сэтгэгдэл сонсоод гайхаж байсан шүү. Ямартай ч  “Legend” шоугаар уран нугаралт хэдийгээр хэв маягаа алдаагүй ч гэсэн яг ийм түвшинд яваа шүү гэдгийг харуулна. “Legend” шоунд орох саналыг анх тавихад надад маш их таалагдсан. Ардын урлаг болон одоогийн шинэ үеийн XXI зууны хөгжил гээд бүх зүйлийг хамтатгаад урлаг болгоны салбараас нийлүүлсэн ийм том шоунд оролцоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.

-Та дан ганц уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэггүй, их олон сонирхолтой төрлүүдтэй хослуулдаг. Ийм шинэ санаа хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө нэгэн хэвийн эсвэл, хүмүүсийн хийдэг л зүйлийг хийх сонирхолгүй. Шинэ юм хаана, юу байна, дандаа эрэлхийлж явдаг. Дандаа шинэ санааг хайж, юуг хийвэл илүү урт удаан нугарах уу, яавал илүү гоёоор харагдах уу гээд боддог. Анх 2012 оноос уран нугаралтаа бүжигтэй хослуулж эхэлсэн. Ширээнд баригдаж болохгүй юм байна гээд өөрийн уян хатан байдлыг бүжигтэй хослуулаад номерууд гаргаж эхэлсэн.

-Уран нугаралт гэдэг хүн бүрийн оролдож үзээд, шууд чадчихдаг урлаг биш. Таны хувьд энэ хугацаанд ямар, ямар бэрхшээлүүд тулгарч байв? Шантрах үе их гарч байсан байх, тийм үү?

-Шантрах үе их гарч байсан. Гэхдээ зорилго маань шантралаас илүү том байсан. Тэр ч утгаараа би нэг ч удаа больё гэж бодож байгаагүй. Хэцүү санагдах үе маш их байсан. Цирк маш хүнд урлаг. Циркт бол циркт дурласан хүн л байж чаддаг. Хэд хоног бэлтгэлээ хийхгүй байхад л биеэ дийлэхээ больдог. Биеэ дийлэхээ болиод тайзан дээр гарлаа гэж бодоход хүнд бэртэл, гэмтэл авах аюултай байдаг учраас байнгын бэлтгэл, сургуулилт шаардагддаг. Нэг  тийм хүнд бөгөөд маш сайхан үзэсгэлэнтэй гоё урлаг.

-Дөрвөн дүүтэй гэж сонссон. Танай дүү нар өөртэй чинь адил нугардаг, эсвэл урлагийн авьяастай юу?

-Манайх айлаас тавуулаа. Айлын том охин. Дөрвөн дүүтэй. Хүн болгон надаас “Танай дүү нар чинь чамтай адилхан нугардаг уу” гэж асуудаг. Нугардаг, эсвэл урлагийн хүн байдаггүй. Тэгээд би бодохдоо манай аав, ээж хоёр намайг Уранбилэг гэж нэрлээд надад хамаг уян, өөр юу байдаг тэр бүгдийг нь л надад өгчихсөн юм болов уу гэж боддог. Уг нь олон хүүхэдтэй айлын хүүхдүүд хоорондоо адилхан нэртэй байдаг даа. Гэтэл манайх Уранбилэг, Сарангэрэл, Уянга, Марал, Бадрах гээд өөр, өөр нэртэй. Ааваас яагаад адилхан нэр өгөөгүй юм бэ гэж асуухад “Хүн бүрийн нэр өөрсдийн утга учиртай, явах зам нь хүртэл ондоо”гэж хэлж байсан. Тэгээд одоо бодоход Уранбилэг гэж нэр өгөөд хамаг уран, уян хатанг нь надад өгчихсөн юм шиг.Нэрэнд их утга учир байдаг юм шиг байна. Тайзан дээр гараад л “Уран нугараач Уранбилэг” гэж зарлагдахад их сайхан мэдрэмж төрдөг.

Б.Амина

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ