Я.Янжинсүрэн: Хүүхэлдэйгээ хийхдээ найзыгаа "бүтээж" байна гэж сэтгэлээ шингээн урладаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-29 13:20 GMT+8

ГАРААНЫ БИЗНЕС

“Манай урлан чинь их жижигхэн шүү дээ. Зураг авч багтах юм болов уу. Бид ингээд л ажилладаг юм” хэмээн санаа зовнингуй угтсан энэ бүсгүйг Я.Янжинсүрэн гэдэг. 

Жижигхэн хэр нь жигтэйхэн цэвэрхэн, гараа гарган чимэглэсэн хонгилын давхарын өрөө түүний хувьд ямар ч том, ганган оффисоос илүү сэтгэлийг нь татдаг. Учир нь шинэхэн бизнес эрхлэгч түүнд СӨХ-ийн дарга нь дэмжлэг үзүүлэн хэсэгтээ түрээсийн мөнгө авахгүй гэдгээ хэлсэн учраас тэр. 

Технологийн багш мэргэжилтэй тэрбээр арав гаруй жил Нэгдүгээр сургуульд багшилсан. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, төрсний дараах амралтынхаа хугацаанд зүгээр сууж чадалгүй хүүхдэд ээлтэй даавуун хүүхэлдэй, олон төрлийн бүтээгдэхүүн урладаг “Янзагын найзууд” урлангаа ажиллуулж байгаа юм. 

Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, төрсний дараах амралтынхаа хугацаанд зүгээр сууж чадалгүй даавуун хүүхэлдэй урлаж байна

“Дотроос нэг юм хатгаад...”, “Интернэтээс хайж байгаад...” гэх түүний үгнүүд нээрээ л ямар нэг зүйлийн төлөөх тэмүүлэл, түүнийг бодит болгох гэсэн хөдөлмөрийг нь илэрхийлэх мэт. 

Даруухан инээмсэглэх, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэж яваа, бүтээл бүрээ өөрийн найзыг урлаж байна хэмээн сэтгэлээ шингээн суугаа бүсгүйг ГАРААНЫ БИЗНЕС буландаа урин ярилцсанаа хүргэж байна. 

-”Янзагын найзууд” урлан хэрхэн эхэлсэн талаар яриагаа эхэлье.
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн сургалтанд хамрагдаж эхэлсэн. Интернэтээс хайж байгаад үнэгүй сургалтууд болдог юм байна гэдгийг мэдсэн л дээ. Ингээд арваннэгдүгээр сарын дундуур Тэрри Жонес гэж хүний сургалт /уулзалт/ хийх талаар зар уншаад очсон. Маш хэрэгтэй мэдээллүүдээр өөрийгөө цэнэглэсний үр дүнд бизнес эрхэлж болох юм байна гээд сургалтуудад тогтмол хамрагдах болсон. Ингэж явтал энэ оны нэгдүгээр сард дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдах төслийн уралдаан зарлагдсан. Миний чадварын хүрээнд хүүхдэд хэрэгтэй, ээлтэй юу хийж болох билээ гэж бодсоны эцэст даавуун хүүхэлдэй хийх санаа төрөөд, төслийн уралдаанд оролцож, инкубатор хөтөлбөрийн санхүүжилт авахаар сонгогдсон доо. 

-Өөрийн чадварын хүрээнд сонгосон гэхээр таны мэргэжилтэй холбоотой байх нь ээ.
-Би технологийн багш мэргэжилтэй. Одоо хүүхэд харах чөлөөтэй байгаа. Хэдийгээр гэртээ хүүхдээ харах нь зүй ёсны дээр нь сайхан ч энэ хугацаанд нэг тийм зогсонги байдалд орчихсон юм шиг, дотроос нэг юм шаардаад байсан. Багын л хүүхдэд хайртай, хүүхдэд хэрэгтэй ямар нэг зүйл хийх юм сан гэж боддог байсан. Үүнийгээ бодит болгон хэрэгжүүлэх боломж нь гарсан нь энэ. 

-Анхны бүтээгдэхүүн хэзээ гарч байв. Одоо хэдэн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
-Төсөлд орохдоо анхны санаатайгаар оролцож, загвар бүтээгдэхүүн нэгийг хийсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмжөө авах хүртэл туршилтын бүтээгдэхүүнээ хийсээр л байсан. Хийх тусам чанаржиж, гуравдугаар сараас бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Цаашдаа хөгжүүлэх зүйл олон байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүний нөөц тоног төхөөрөмжөө олшруулж, улам олон хүүхдийг даавуун хүүхэлдэй, даавуун бүтээгдэхүүнээр хангаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд нэлээд томоор харж байна 

Улам олон хүүхдийг даавуун хүүхэлдэй, даавуун бүтээгдэхүүнээр хангаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зорьж байна

Хүүхдэд зориулсан даавуун бүтээгдэхүүн юу байж болох вэ, тэр бүгдийг л хийхийг зорьдог. Одоогоор арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Жишээ нь, цэвэр даавуун материалтай хүүхдийг мөргөх, унахаас хамгаалсан толгойн хамгаалалт, нялх хүүхдийн орны ком, үсийг нь самнаж сүлжиж, хувцасыг нь сольж өмсгөх боломжтой хүүхэлдэй мөн хүүхэддээ хүүхэлдэйтэй нь адилхан хувцас хослуулан хийлгэж болох төрөл бүрийн хувцаснууд багтаж байна. 

Анхны бүтээгдэхүүн гарснаас хойш дөчөөд хүүхэлдэй хийсэн. Онлайнаар захиалгаа авч, хүргэдэг. Эцэг эхчүүд, хүүхдүүдийн хүсэл, сонирхолд нийцүүлэн загвараа гаргадаг. 

-Гар ажиллагаа шаардсан бүтээгдэхүүн байна, хэдүүлээ ажиллаж байгаа вэ?

-Манай урланд надаас гадна Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн гуравдугаар курсын оюутан ажилладаг. Одоогоор зуны амралтаараа ажилладаг юм. Цаашид хүний нөөцөө нэмэгдүүлж, хэд хэдэн хүнийг тогтмол ажлын байраар хангах төлөвлөгөөтэй. 

-Шонтгор хамартай, ягаан хацартай энэ хүүхэлдэйн загварыг хэрхэн гаргав?
-Би 2012 онд Япон явахдаа хүмүүст бэлэг дурсгалын зүйлс авах болоод нэг монгол хатан авсан л даа. Японд очоод тээшээ задалтал модон хүүхэлдэй нь хугарчихсан, шилэн зүйлс нь хагарчихсан байсан. Үүнийг ажиглаад нэг хөгжүүлэх юм сан гэж бодсоор явсан нь гар ажиллагаанд эвдэрч сүйрээд байхааргүй хүүхэд тоглоход аюулгүй ийм хүүхэлдэй хийхэд хүргэсэн байх.

Хүүхдийн толгойн хамгаалалт
Мөргөх болон унахаас хамгаалах ирмэг бүхий нярай хүүхдийн ор дэрний иж бүрдэл
Хийх ажлын хуваарь гаргасан байгаа нь

Интернэтээр загварын санаа нэлээн хайсан. Оросын хүүхэлдэй хийдэг технологиос санаа аваад түүн дээрээ Монгол хэв шинжийг бүрдүүлэхийг хичээсэн. Эхний загвар маань хамаргүй байсан л даа. Тэгээд сайжруулахдаа хамар хийсэн нь их эгдүүтэй болгосон. Ер нь улам л сайжраад байдаг юм байна. Яваандаа монголжингоо төрхтэй хүүхэлдэй хийхээр төлөвлөж байна. Үндэстэн ястан бүрээр нь хийх зорилготой судлаж байгаа. Гол нь бидний хийх хүүхэлдэй үзмэр, сувинер бус хүүхдийн өдөр тутамд тоглодог, хэрэглээ даахуйц байх ёстой гэж бодож байна.

Хүүхэлдэйн хувцсыг солих, үсийг нь самнах боломжтойгоос гадна хамгийн чухал нь даавуугаар хийсэн

-Хүүхэлдэйний үс их таалагдлаа. Хүүхдийн гарын ая даахаар юм уу гэж бодогдож байна. Давуу талуудыг нь танилцуулбал?
-Хүүхэлдэйн хувцсыг солих, үсийг нь самнах боломжтойгоос гадна хамгийн чухал нь даавуугаар хийсэн. Хүүхдэд сөрөг нөлөөгүй гэсэн үг. Төсөл эхлэхэд л хуванцар хэрэглээнээс татгалзах санаагаа түлхүү оруулж өгсөн. Өнгөрсөн хавар үсний найрны үеэр нэлээд хэдэн захиалга ирсэн. Үс нь хиймэл үсэнд зориулагдсан материалаар хийгдсэн учраас хүний биед нөлөөлөх хоргүй. Монголд түүхий эдийн сонголт маш хомс. Материалын сонголтонд нэлээд хугацааг зарцуулсан. Энэ материалыг сонгох гэж тав зургаан өөр төрлийн материал туршиж үзээд сонгосон. Тэгээд нүд хийх, дотор талын дүүргэлт гэдэг ч юм уу гаднах хувцасыг нь хийх материалыг олон газраар хайж судалсан. 

-Энэ бүтээгдэхүүн их сонирхол татаж байна. Хүүхэд хөлд орохын өмнө их хэцүү байдаг шүү дээ. Арагш савж уначих гээд. Бага хүүхдээ өсгөх явцдаа санааг нь гаргасан уу.
-Яг тийм. Хүүхэд маань хөлд ороод арагшаа савж унах эрсдэл их тохиолдож байсан. Ингээд интернэтээс хайтал энэ төрлийн бүтээгдэхүүн байдаг юм байна лээ. Гэхдээ тэр бүтээгдэхүүнээс худалдаж авсан боловч хүүхдийн толгойг хөлөргөөд, өөрт нь ч тээртэй байсан. Тиймээс илүү чанартай даавуун материалаар хийж өгье гэж шийдээд урлатал маш үр дүнтэй байсан тул илүү олон хүүхдэд хүргэе гээд Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн Инкубаторын харилцагч Анар-Эрдэнэ найзтайгаа хамтарч хийсэн. Цэвэр даавуугаар хийсэн учраас хөлөргөхгүй, хөнгөхөн учраас хүүхэд төвөгшөөхгүй, өөрийн хүүхэд дээрээ туршилт хийсэн бүтээгдэхүүн байгаа юм. 

Хөлд орж буй хүүхдийг арагш савж унахаас хамгаалсан бүтээгдэхүүн хийсэн

-Сургалтад сууж эхлэснээс хойш төслийн уралдаанд шалгарсан гээд бараг хагас жил гаруй номын дуу сонссон юм байна. Бага насны хүүхэдтэй хүнд их хугацаа шүү.
-Өвлийн улирал таарсан. Хүүхэддээ тавих анхаарал маань мэдэгдэхүйц суларсан. Энэ хугацаанд хүүхэд өвдөх түүнээс болоод сэтгэлээр унах гээд янз бүрийн бэрхшээл байсан боловч цагийн менежмент гэгч зүйлийг их чухалчилсан нь надад маш том үр дүн авчирсан. Хүүхэддээ анхаарал тавих нь жигдэрч, ажлаа ч бас сайн хийх болсон. Өмнө нь амжихгүй байна л гээд гүйгээд байсан юм билээ. 

Цагийн менежмент гэдэг чинь ерөөсөө төлөвлөгөө юм билээ. Бүх зүйлээ төлөвлөөд л хийх ёстой хугацаандаа ажлаа хийж, амрах үедээ амрах хэрэгтэй юм байна лээ. Заримдаа өөрийгөө арав хуваачих юмсан ч гэж бодоход хүрдэг. Үүнийг зохицуулж байгаа чухал хүчин зүйл нь цагийн менежмент. Манай төвийн ментор Э.Мөнхсүх багшийн зөвлөснөөр цагийн менежментэд суралцсан. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст сайн хамтрагч яалт ч үгүй маш чухал байдаг юм билээ. Заримдаа хийж байгаа зүйлдээ эргэлзэх, шантрах үе гарна. Энэ үед нөхөртэйгөө ярилцана. Дээрээс нь төвийн маань багш нар тусална. Инкубатор хөтөлбөрт хамрагдсан охидтойгоо нэг баг болж ажиллаж байгаа нь их дэм болдог. Багийхантайгаа уулзахад мэдэхгүй, тулгамдсан асуудлаа хэлэлцэж зөвлөгөө авч, дутуугаа нөхдөг. Хэвлэлийн олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг Х.Оюунтуяа, даавуун бүтээгдэхүүн, гэр ахуйн чимэглэл хийдэг Э.Анар-Эрдэнэ, Жөмбөөлөй номын зохиолч, зураач Ч.Тунгалагтуяа, цаас даавуу хоёрыг нийлүүлэн шинэ төрлийн дахин боловсруулсан цаас гаргаж байгаа П.Мөнхзолбоо, эсгий урлалын тансаг хэрэгслүүд хийдэг Б.Номин-Эрдэнэ бид нэгэн баг болж ажиллаж байгаа. Зөвхөн энэ зургаагаар хязгаарлагдахгүй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв дээр очихоор төрөл бүрийн зүйл хийдэг, маш гоё хүмүүстэй танилцдаг. Түүнийхээ хүрээнд тэдэнтэй хамтарч ажиллах боломж гардаг. 

-Арав гаруй жил багшаар ажилласан хүн шинээр бизнес эрхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс олон байсан байх.

-Бизнесийн талаар ямар ч ойлголтгүй үедээ Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн сургалтад хамрагдсан. Санхүүгийн талаас Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн  төвийн Г. Болорцэцэг багш, бизнесийн төлөвлөгөө гаргах талаар Э. Бат-Орших захирал, Э.Туул багш маань зөвлөж байлаа. Төв дээрээ очихоор гэртээ ирж байгаа юм шиг халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чаддаг Төвийн менежер, Н. Эрдэнэчимэг эгчдээ баярлаж явдаг. Ментор, зөвлөхүүд маань бизнест тохиолдох бэрхшээлүүдийн талаар хэрхэн даван туулах тухай жишээ татан зөвлөгөө өгдөг. Хамгийн гол нь үүнийг шингээж авах нь маш чухал. Азийн сан, КОЙКА, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТанхимын зөвлөх багш нар болон Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд элгэмсгээр тусалж чаддаг. Инкубатор гэдэг утга учрыг бүрэн утгаар нь мэдрүүлдэг. 

Эцэг эхчүүд ном унш гээд шахаж шаардахаас гадна номын булан байгуулаад өөрсдөө ном уншаад хэвшчих юм бол хүүхэд нь тэднээс суралцана

-Хэдий сайн бүтээгдэхүүн байлаа гээд сурталчилгаа байхгүй бол хэцүү. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Одоогоор фэйсбүүкээр дамжуулан борлуулалтаа хийж байна. Хүүхэдтэйгээ агаарт гарахдаа байгалийн сайханд ямар зураглалыг гаргаж болох уу, гэрийн нөхцөлд хэрхэн сайн зураг авах вэ гээд л сайн судлаж, зураг авалт хийхэд их анхаардаг. Хүүхэлдэйнийхээ зургийг жижиг гэрэлтүүлэгтэй хайрцаг хийж байгаад авдаг. Фэйсбүүк дээр пост оруулахаас гадна харилцагч бүрд мэдээлэл өгч, асуултад нь хариулж байх нь чухал. Дээр нь анхны бүтээлийг худалдаж авсан хүүхдүүдэд эрхийн бичиг өгсөн. Тэр нь борлуулалтын дараах үйлчилгээ л дээ. Үүгээрээ хувцас нь урагдах, шинээр хувцас хийлгэхийг хүссэн хэрэглэгчдэд үнэгүй үйлчлэх юм. Үүнийг BloombergTV-ээр нэг компани нөгөө компанитайгаа үнээр өрсөлдөж чадахгүй, борлуулалтын дараах үйлчилгээгээр өрсөлдөнө гэж ярьж байхыг сонсоод хэрэгжүүлсэн. 

-Хөтөлбөрийн давуу тал нь мэдлэг мэдээлэл олгохоос гадна бас санхүүжилт олгодог шүү дээ. Санхүүжилтээрээ урландаа юу нэмэв?
-Дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрийн хүрээнд оюуны маш том хөрөнгө оруулалт авч байгаа. Үүнийг үнэлэшгүй их хөрөнгө оруулалт гэж бодож явдаг. Капитал санхүүжилт гэвэл 4,5 сая төгрөгийн үнийн дүнтэй тоног төхөөрөмж авсан. Үүнд автомат тохиргоотой, энгийн мотортой шулуун оёдлын машин, хэрээсний машин, эсгүүрийн машин, жижиг туслах багажууд бүгд багтсан. Өмнө нь гараараа оёдог байхад нэр төрөл маань цөөн, бүтээмж бага байсан бол одоо хүссэнээ л оёж байна. Миний бүтээмж хэд дахин нэмэгдсэн шүү. 

Хүүхэлдэй загвараасаа шалтгаалаад 35000-50000 төгрөг

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
-Хөтөлбөрийн зургаан гишүүнтэйгээ нийлээд номын булан тохижуулах төсөлд хамтарч ажиллаж байна. Бид нэгнийхээ давуу тал дээр суурилж энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, би өрөөний тохижилтод нь үндэслээд хөөрхөн хүүхэлдэй хийгээд, харин эсгийгээр урлал хийдэг Номин-Эрдэнэ ном уншаад суухад зориулсан эсгий ширдэг хийнэ гэх мэтчилэн. Эцэг эхчүүд ном унш гээд шахаж шаардахаас гадна номын булан байгуулаад өөрсдөө ном уншаад хэвшчих юм бол хүүхэд нь тэднээс суралцана гэсэн үг. Тиймээс хүүхдэд тохирсон орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн учраас энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Мөн ойрын хугацаанд хүний нөөцөө нэмэгдүүлнэ гэж бодож байна. Хүний нөөцөө нэмэхийн хэрээр ажлын байраа томосгох шаардлага нэн тэргүүнд бий. Цаашлаад үйл ажиллагаа өргөжөөд ирэхээр шинэ тоног төхөөрөмж авах, санхүүжилт босгох гэсэн төлөвлөгөө байна. Загвараа бас сайжруулъя гэж бодож байна. Үүний тулд судалгаа маш чухал юм билээ. Судалгаан дээр үндэслээд хэрэгтэй зүйлсээ тодорхойлбол илүү чанартай болох юм шиг санагддаг. Тиймээс судалгаагаа л оновчтой, зөв асуулгаар авах хэрэгтэй юм байна лээ. 

Таван төл нэртэй чихмэл тоглоомынхоо загвар дээр ажиллаж байна. Одоо зурагаа гаргасан. Бэлэн зурагаа эхний ээлжинд футболкан дээр хэвлэж байна. 

-Үнийг танилцуулбал?
-Хүүхэлдэй загвараасаа шалтгаалаад 35000-50000 төгрөгийн хооронд, ор хөнжлийн даавуу нь хүүхдийн манежинд зориулсан бөгөөд 94000 төгрөг, хүүхдийг унаж, мөргөхөөс хамгаалсан хамгаалалт, хөнжил нь хонины ноосон материал болон синтефон хөнжил гэсэн сонголттойгоор нэмж захиалах боломжтой. Харин хүүхдийг унахаас хамгаалсан хамгаалалт 12000 төгрөг. 

-Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье ээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд талархлын үг хэлэх гэсэн юм. Манай ментороор Петровис компаний байгууллага хариуцсан ерөнхий менежер Э. Мөнхсүх, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн багш нар, Хөгжлийн Шийдэл ТББ, КОЙКА, Азийн сан, МҮХАҮТ болон Голомт банкны санхүүгийн зөвлөгч нартаа баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. 

Та "Янзагын найзууд"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ