Олон улсад залуучуудын дундах хүчирхийллээс ИНГЭЖ сэргийлдэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-07-02 11:00 GMT+8

Зуны дэлгэр цагт хүүхэд залуус гадаа тоглож наадан, амарч зугаалан, чөлөөт цагаа гэрээс гадна орчинд өнгөрүүлж, шинэ танил, найз нөхөдтэй болдог билээ.

Нөгөөтэйгүүр хүүхэд залуусын дунд гудамж талбай, олон нийтийн газар, цахим орчинд үе тэнгийн хүчирхийлэл оршсоор байна. Залуучуудын дундах хүчирхийлэлд 10-29 насныхныг авч үздэг бөгөөд тэд бие биеэ сэтгэл санаагаар дарамтлах, цохих, алгадах, бүлэглэн зодох зэрэг хүчирхийлэл үйлддэг ба энэ нь бие махбод, сэтгэл санааны ихээхэн хохирол учруулдаг гэсэн судалгааны дүн байна.

Монгол Улсад  нийт нийт 1.02 сая орчим 10-29 насныхан амьдарч байгаа бөгөөд нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байна. /Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 2019 он/

Залуучуудын дундах хүчирхийлэл гэдэгт гэрээс гаднах орчинд тохиолдсон, хоорондоо гэр бүл, төрөл садны, мөн дотно харилцаагүй, танил болон танил бус хүмүүс хоорондын хүчирхийллийн үйлдлийг багтааж үздэг гэжээ.

Дэлхий дахинд 10-29 насны залуучуудын дунд жилд 200 мянга гаруй хүн амины хэрэг гардаг бөгөөд тус асуудал нь энэ насныхны дундах нас баралтын шалтгааны дөрөвт жагсаж байна.

ЖИШЭЭ 1
Хүнгүй, зэлүүд газар 50-60 залуу цугларч бүлэглэсэн зодоон хийх дөхжээ. Үүнд 14 настай хүү оролцсон байна.
Шалтгаан: 14 настай хүү найзуудтайгаа сагс тоглож байхад нь өөр хорооныхон машинтай ирж хамт тоглосон. Нөгөө тал нь хожигдсондоо уурлаад, муудалцаж байх үед өөр нэг найз нь ирсэн. Муудалцаж байсан хүмүүсийн дунд өмнө нь найзыг нь зодож толгойг нь хагалж, хөлийг нь гэмтээсэн хүн байжээ. Өнгөрсөн энэ явдал сөхөгдөж, талууд маргааш нь уулзаж учраа олохоор тохиролцоод гурван талаасаа хашаатай, зугтах боломжгүй, хүнгүй зэлүүд газрыг товлосон байна.
Товлосон өдөр нь 50-60 залуу цугласан ба нэг тал нь тоогоор илүү боловч хүүхдүүд, нөгөө талд нь цөөн боловч сургууль төгссөн, ажил хийдэг залуучууд цугларсан байна. Зодолдох гэсэн боловч хоёр талын нэртэй атаманууд хоорондоо танил байж таарсан учир болсон явдлыг яриулж тодруулан, цус гаргахгүй байхаар тохирч эвлэрэхээр шийдсэн.
Авсан арга хэмжээ: Энэ явдлыг насанд хүрсэн бусад хүмүүст мэдэгдэлгүй, нууцлаад өнгөрсөн байна.
Үр дагавар: Хэдийгээр энэ тохиолдолд зодоон болоогүй, ноцтой шууд хор уршиг гараагүй ч олноор цугларч асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх оролдлого, энэ байдлыг хоёр талын “атаман” ярьж тохирон шийдэж өгч байгаа байдал, хохирлыг барагдуулах үүднээс оролцогчдын хувьд шударга юм шиг харагдах ч хүчирхийллийн арга хэрэглэж байгаа зэрэг нь анхаарал татаж байна. Энэ нь нэг талаас атаман болж бусдад эрх мэдлээ харуулах сэдэл болох, нөгөө талаас шударга бус явдлыг хүчирхийллээр шийдэх аргад сургаж байгаагаараа ноцтой. Хүүхдүүд “энэ байдаг л зүйл шүү дээ” гэж хандаж байгаа, энэ үйл явдалд оролцсоноороо бахархаж байгаа байдал ажиглагдсан.


Манай улсад хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар:

  • Дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг
  • Сургууль дээрээ хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 30 хувь нь энэ талаараа хэнд ч хэлээгүй гэсэн судалгаа байдаг.
  • 6-11-р ангийн ангийн сурагчдын 98,6 хувь нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг ба үйлдэж буй гол субъект нь юуны өмнө үе тэнгийнхэн нь байдаг

18-24 насны 140 залууг оролцуулан хийсэн судалгаанд:

  • 31,4 хувь нь бие махбодийн хүчирхийлэлд,
  • 38,8 хувь нь сэтгэл зүйн хүчирхийлэлд,
  • 21.5 хувь нь бэлгийн хүчирхийлэлд сургууль болон ажлын байрандаа өртөж байжээ.

ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛД ХҮРГЭЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛС

ЖИШЭЭ 2
МСҮТ-ийн хөвгүүдийн дунд атаман гэж нэрлэгддэг 21 настай залуу нэг сургуульд сурдаг хамаатны дүүгээ өмөөрч хүүхэд зодсон.
Шалтгаан: Хамаатны 14 настай дүү нь сагс тоглож байхдаа хөл дээр нь гишгэсний улмаас 3-р курсын хүүхдэд зодуулсан. Дүүгээ өмөөрч очсон ба зодсон хүүхэд “Танай дүү чинь томроод байсан...” гэхээр нь хэд хэдэн удаа алгадсан байна. Энэ үед багш ирж зодооныг зогсоожээ.
Авсан арга хэмжээ: Дүүгээ өмөөрч хүн зодсон залууд сургуулийн зүгээс сануулах арга хэмжээ авсан. Гурван удаа сануулах хуудас авбал сургуулиас хөөгддөг тул тэрээр асуудал гаргалгүй төгсөхийг хичээж байгаа /үүнээс өмнө хэн нэгнийг дээрэлхэж байгаагүй гэж өөрөө хэлж байв/ Дүүг нь зодсон хүүхдэд сургуулийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Үр дагавар: Энэ явдлаас хойш дүүг нь өөр хүн дээрэлхээгүй бөгөөд сургуульдаа сурч байгаа. Залуугийн хувьд зодсон хүүхэдтэйгээ дахиж муудалцаагүй. Харин дүүг нь дахин хүн дээрэлхвэл дахиад ингэхээс буцахгүй гэсэн хандлагатай байгаа нь асуудал бүрэн шийдвэрлэгдээгүйг харуулж байна.


ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮД

ХҮЧИРХИЙЛЛИЙН УРШИГ

Хүн амины нэг хэргийн цаана дээрэм, танхайн халдлагын үеэр авсан ноцтой гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлэгт хандсан 20-40 тохиолдол байна гэсэн тооцоо бий.

Сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар

Бага байхдаа хүчирхийлэлд өртсөн юм уу үйлдсэн бол насанд хүрсэн амьдралынхаа туршид хүчирхийлэл үйлдэх магадлал нь гурав дахин их байдаг

Хүчирхийлэлд өртөх нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд насан туршид нь нөлөөлдөг. Өсвөр насандаа үе тэнгийнхний хүчирхийлэлд өртсөнөөс болж гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл гутрал, айдсын эмгэг, сэтгэл зүйн хэвийн үйл ажиллагаа алдагдах олон үр дагавар үүсдэг.

Сургуульд байхдаа дээрэлхүүлж хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс 7-36 жилийн дараа сэтгэл гутралд орох магадлал бусдаас 30-50 хувиар илүү байдгийг тогтоожээ.

Бага, өсвөр насандаа хүчирхийлэлтэй тулгарч байсан хүүхэд өсөж том болохын хэрээр хүчирхийллийн өөр хэлбэр болох залуучуудын дундах хүчирхийлэл, хүүхэдтэй зүй бус харьцах, бэлгийн харилцагчийн хүчирхийлэл зэрэгт холбогдох магадлалтай байдаг. Бага байхдаа хүчирхийлэлд өртсөн юм уу үйлдсэн бол насанд хүрсэн амьдралынхаа туршид хүчирхийлэл үйлдэх магадлал нь гурав дахин их байдаг бөгөөд эцэг эх нь хүчирхийлэл үйлдэж байгааг харсан хүүхдийн өсвөр болон идэр насандаа өөрөө хүчирхийлэл үйлдэх магадлал нь бусдаас илүү байдаг байна.

Гэр бүл найз нөхдөд үзүүлэх нөлөө

Хохирогчийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй түүний гэр бүл, найз нөхдөд нөлөөлдөг. Хүчирхийллийн хохирогч болсон залуу хүний хамаатан садан, ойрын найзуудад сэтгэл гутралын шинж тэмдгүүд илрэхээс гадна дүрэм журам зөрчих, биеийн хүчээр түрэмгийлэх, нийтийн болон бусдын эд хөрөнгийг сүйтгэн танхайрах зэргээр нийгмийн хэв журмын эсрэг зан үйл гаргах, мансууруулах бодис архи хэрэглэх нь нэмэгдэх зэрэг эрсдэл өндөр байдаг байна.

Сурлагаар хоцрох

Залуу хүн хүчирхийлэл үйлдэх түүнд өртөх нь сурлагаар хоцрох явдалтай холбоотой байна. Хүчирхийлэлд оролцдог залуус хичээл сурлагаар тааруу, хичээлээ таслах, сургууль завсардах өндөр эрсдэлтэй байдаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ /Гадны улс орнуудын жишиг/

  • Гэрээр зөвлөгөө өгөх хөтөлбөр

Гэрээр зөвлөгөө өгөх хөтөлбөрүүд нь хүүхэдтэй зүй бус харьцах өндөр эрсдэлтэй гэр бүлүүдэд /маш залуу ээжтэй эсвэл нэн ядуу гэр бүл/ чиглэдэг ба мэргэжлийн сувилагч, асрагч, эрүүл мэндийн ажилтнууд, бэлтгэгдсэн хүмүүс хэрэгжүүлдэг.

Ингэснээр хүүхэдтэй зүй бус харьцах явдал багасах, эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжруулах, хүүхдийн бага насны өсөлт, хөгжил эрчимжих зэрэг шууд өгөөж нэлээд ихтэйн дээр өсвөр насандаа гэмт хэрэг зөрчил хүчирхийлэлд холбогдохоос хамгаалах гэх мэт 10-15 жилийн дараа мэдрэгдэх урт хугацааны үр нөлөөтэй.

  • Эцэг эхийн боловсролын хөтөлбөр

Эцэг эхийн боловсролын хөтөлбөр нь хүүхдийн хөгжлийн талаар эцэг эхийн мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой тэдний чадварыг дээшлүүлэх, эцэг эх хүүхдийн холбоог сайжруулах, хүүхдийн зан үйлийг эерэг, нийгмийн харилцаанд нь тустай байдлаар хянан шийдэх аргуудад эцэг эхийг сургах зорилготой.

Энэ хөтөлбөр нь хүүхэдтэй зүй бус харьцах явдал, хүүхдийн хүмүүжлийн зөрчлийг бууруулдаг. Хүүхэдтэй зүй бус харьцах нь өсвөр болон залуу насандаа хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэлтэй холбоотой өндөр эрсдэлтэй зан үйлтэй болоход нөлөөлдөг байна.

Зан үйлийн зөрчил түрэмгий зан ааш гаргадаг, эсэргүүцэл байнга үзүүлдэг хүүхэд өсвөр болон идэр насандаа хүчирхийлэлд холбогдох илүү өндөр магадлалтай.

  • Амьдрах ухааны болон нийгмийн харилцааны ур чадвар хөгжүүлэх хөтөлбөр

ДЭМБ амьдрах ухааны үндсэн ур чадваруудыг тодорхойлоод байгаа бөгөөд

  • Асуудал шийдвэрлэх чадвар
  • Шүүмжлэлт сэтгэлгээ
  • Үр дүнтэй харилцаа
  • Шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээ
  • Хүмүүс хоорондын харилцааны чадвар
  • Өөрийгөө ойлгож мэдрэх
  • Бусдыг энэрэх сэтгэл
  • Стресс ба сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэрэг багтжээ.

Амьдрах ухааны болон нийгмийн харилцааны ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд нь хүүхэд залуучуудад өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө ойлгон хянаж сурахад тусалдаг. Мөн эерэг харилцаа үүсгэж түүнийгээ хадгалахад туслахын зэрэгцээ бусдын байр суурь, сэтгэл хөдлөлийг ойлгоход сургадаг байна. Ийм ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд нь өдөр тутмын амьдралд тохиолддог янз бүрийн асуудал дарамт стресс үүсгэгч зүйлс харилцаанд гардаг зөрчил зэргийг бүтээлчээр хүлээж авах хандлагыг залуу хүмүүст төлөвшүүлэх зорилготой.

  • Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх хөтөлбөр

Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт гэдэг нь төрсөн ах дүү, болзож байгаа хүн зэрэг ойр дотно холбоо байхгүй хүн юм уу бүлэг залуусын зүгээс гарах түрэмгий зан үйл бөгөөд бодит юм уу төсөөлөгдсөн хүч тэнцвэргүй байдлаас үүдэлтэй энэ үйлдэл нь давтамжтай эсвэл давтагдах өндөр магадлалтай байх онцлогтой.

Болзооны харилцаан дахь хүчирхийлэл гэж болзож байгаа хүмүүсийн дунд бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, сэтгэл зүйн хүчирхийлэл гарахыг хэлнэ. Болзооны үеийн хүчирхийллийг урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь залуу хүмүүст эрүүл хүчирхийлэлгүй харилцаа бий болгох мэдлэг чадварыг эзэмшүүлж, хурцадмал байдлыг даван туулах эерэг аргууд, зөрчилдөөнийг хүчирхийлэлгүй шийдэх арга хандлагыг төлөвшүүлэх зорилготой. 12-16 насны сурагчдыг хамруулдаг.

  • Үе тэнгийн зөвлөгчийн хөтөлбөр 

Үе тэнгийн зуучлалын хөтөлбөр голдуу сургуулиар дамжин хэрэгждэг. Үе тэнгийн зуучлагчийг анги хамт олноороо нэр дэвшүүлэн, жендерийн тэгш байдлыг хангасан баг сонгон бүрдүүлдэг.

Үе тэнгийн зуучлагчид зөрчлийг таньж зохицуулалт хийх, зөвлөгчийн хувьд тэдний гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлага, мөн зөрчлийг өөрсдөө зохицуулж чадахгүй бол тусламж хэрхэн авах талаар 20-25 цагийн сургалтад хамрагдана. Ихэнх хөтөлбөр зөрчлийг зохицуулах ур чадварыг сургалтыг бүх сурагчдад хүргэх зорилгоор үндсэн хичээлүүдийн агуулгад оруулдаг.

  • Хичээлээс гадуур хөтөлбөр, чөлөөт цагийн зохион байгуулалттай бусад үйл ажиллагаа

Хичээлээс гадуур хөтөлбөр, чөлөөт цагийн зохион байгуулалттай бусад арга хэмжээ нь өсвөр насны хүүхэд залуучуудад үе тэнгийн залуустай харилцах, тэднээс төрөл бүрийн ур чадвар сурч авах боломж олгодог. Голдуу хичээлийн дараа үдээс хойш, эсвэл сургуулийн амралтаар зуны цагт хэрэгждэг ийм үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцдог. Хичээлийн бус цагийн үйл ажиллагаа нь хүчирхийлэлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсийг гурван арга замаар бууруулдаг гэж үздэг.

  • Өдрийн хамгийн эгзэгтэй цагуудад хүүхдэд тавих хараа хяналт нэмэгддэг.
  • Хүүхдүүд сургуульдаа татагдаж, илүү дуртай болдог
  • Залуу хүмүүст хүчирхийлэлт зан үйл гаргахаас зайлсхийж сурахад шаардлагатай ур чадвар олгодог байна.
  • Чөлөөт цагийн хөтөлбөрүүдэд ихэвчлэн амьдрах ухааны болон нийгмийн харилцааны ур чадвар олгох сургалтууд багтдаг.

ХҮЧИРХИЙЛЭЛ ЗАЛУУ ХҮНИЙ УГИЙН МӨН ЧАНАР БИШ

Өсвөр насныхан, залуус үе тэнгийнхэндээ бие даасан, эрх мэдэлтэй, хүчтэй байгаагаа харуулах нь чухал болж ирдэг ба үүнийгээ батлахын тулд хүчирхийлэл үйлдэх магадлалтай. Хүчирхийлэл гарч байгаа нь өнөөгийн залуус хүмүүжилгүй болсонтой холбоотой бус харин амьдралд нь тохиолдож байгаа зөрчил, асуудлыг шийдэх арга зам хайж байгаа хэрэг юм.

Хүчирхийллийн эрэгтэй, эмэгтэй хохирогчид бие махбод, сэтгэл санааны уршигт олон үр дагаврыг насан туршдаа амссаар байдаг хэрнээ ийм явдал болсон нь албан ёсны мэдээ статистикт тусахгүй өнгөрч байна.

Хүчирхийлэл хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бий болдог, төлөвшдөг хандлага, зан үйл юм. Тиймээс хэвшсэн зан үйлийг өөрчилж болохоос гадна сөрөг зан үйлийг хэвшихээс нь өмнө урьдчилан сэргийлж болдог гэж үздэг байна.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

  • Залуучуудын дундах хүчирхийлэл. Хотын захын дүүрэгт хийсэн кейс судалгааны тайлан
  • Залуучуудын дундах хүчирхийлэл. Хотын захын дүүрэгт хийсэн кейс
  • Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 456 санал өгсөн байна.

Дээшээ