"Эмнэлгүүдийн ариутгалыг сайжруулвал В, С вирүсийн тархалтыг 2 дахин бууруулах боломжтой"

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-06-29 14:40 GMT+8

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн 2017 оны тайланд Монголын 10000 хүн тутамд 0.3 хурц HCV халдвар бүртгэгджээ (зураг 1).

Энэ нь Тайвань болон ОХУ-ын тоотой харьцуулахад 2 дахин их байна (зураг 2, 3).

Яагаад С вирүсийн халдвар тархалт бусад харьцуулахуйц улсуудаас хоёр дахин их байгааг хоёр шалтгаанд үндэслэн тайлбарлаж болно гэж бодож байна. 

Зураг 1.

Эхнийх нь, Монголчууд эм ууснаас тариа, дусал хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг гэж боддог. Аляскагийн Их Сургуулийн Кобей нарын 2011 оны энэ талаар хийсэн судалгаанаас харахад "Монгол хүн дэлхийн дунджаас 12 дахин их тариа тариулах магадлалтай байдаг" гэсэн байна. Энэ их хатгалт, эмчилгээгээр дамжиж Монголчууд төрөл бүрийн халдвар авах эрсдэлд орж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Монгол хүн дэлхийн дунджаас 12 дахин их тариа тариулах магадлалтай байдаг

Хоёрдугаарх нь, асуудал нь манай эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хамгаалалтын асуудал юм. Дээрх статистикаас харахад Монголын халдвар хамгаалалтын байдал хангалтгүй байна (HCV халдвар нь Монголын нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тархалтын тохиромжтой үзүүлэлт болно гэж бодож байна. Яагаад гэвэл зөвхөн цус, цусан бүтээгдэхүүнээр дамждаг, Монголд судсаар хар тамхи тарьж хэрэглэдэг хүмүүс маш цөөхөн байдаг, энэ вирүс нь ахуйн замаар тардаггүй).

ЭМХҮТ-ийн 2017 оны Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн тайланд хурц гепатитын шалтгаануудыг дурдсан байна: ХӨСҮТ-д нийт хурц гепатит С 91 тохиолдол бүртгэгдсэнээс дараах асуумжтай байна:

  • 11 нь шүдний эмчилгээ хийлгэсэн,
  • 11 нь эмнэлэгт хэвтсэн,
  • 5 нь мэс засал хийлгэсэн,
  • 2 нь гэмтэл аваад оёдол тавиулсан

Хурц гепатит В-ийн шалтгаан мөн дээрхтэй адил байна: 304 хурц хурц гепатит В бүртгэгдсэнээс 82-ийнх нь шалтгааныг авч үзэхэд:

  • 21 нь шүдний эмчид үзүүлсэн,
  • 11 нь эмнэлэгт хэвтсэн,
  • 9 нь мэс засал хийлгэсэн,
  • 4 нь цусан бүтээгдэхүүн хийлгэсэн,
  • 2 нь аборт хийлгэсэн гэсэн асуумжтай байна.

Өөрөөр хэлбэл шүдний эмчилгээ, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, мэс засал, эмэгтэйчүүдийн эмнэлгүүд халдвар тараагчид болж байна.

Шинж тэмдэгт хурц гепатит хэлбэрээр илэрч байгаа нь дээрх тоогоор илэрхийлэгдэх хэдэн зуун хүн. Гэтэл шинж тэмдэггүйгээр өвчилж байгаа хурц халдвар хэр их байгаа бол?

Мэдээж гоо сайханд орсон, шивээс хийлгэсэн, гэрээр дусал хийлгэсэн, гэр бүлд халдвартай хүн байгаа гэсэн асуумжтай хүмүүс байна. Гэхдээ тоогоор харьцангуй цөөн байх аж. Дийлэнх нь эрүүл мэндийн байгуулгатай холбоотой халдварын асуумжтай байгаа нь анхаарал татаж байна. Шинж тэмдэгт хурц гепатит хэлбэрээр илэрч байгаа нь дээрх тоогоор илэрхийлэгдэх хэдэн зуун хүн. Гэтэл шинж тэмдэггүйгээр өвчилж байгаа хурц халдвар хэр их байгаа бол? Энэ талаар баримт байхгүй. Асуумжийн аргаар халдвар тархалтыг судлахаас өөр боломж одоогоор Монголд алга.

Үүнд зөвхөн мэргэжлийнхэн анхаараад зогсохгүй, бас бодлого боловсруулагчид, төсөв батлагчид анхаарахгүй бол C вирүс устахгүйгээр барахгүй өөр вирүсууд тархах эрсдэл үүсч байна. 

Зураг 2. 2017 онд 23 сая хүн амтай Тайванд нийт 327 хурц HCV халдвар бүртгэгдсэн нь 10000 хүн тутамд 0.14 тохиолдол юм. 2013 онд гарсан халдварын огцом өсөлт нь тоолох аргачлал өөрчлөгдсөнтөй холбоотой.

Зураг 3. Эх сурвалж: https://medvestnik.ru/content/news/Ekspert-realnoe-kolichestvo-nositelei-gepatita-v-tri-raza-vyshe-oficialnyh-dannyh.html

Асепсис, стерилизацын дүрмүүд хаана ч адил байдаг, эмнэлгээс халдвар авахгүй байх нь их хэмжээний хөрөнгө мөнгө, нарийн, үнэтэй тоног төхөөрөмж ч шаардана, түүнийг нь ажиллуулж байгаа хүмүүсийн сургалт, сахилга бат, мэргэжлийн хандлага, ажлын ёс зүй ч мөн чухал. 

Халдвар тараад байгаагийн цаана хэдхэн том шалтгаан гэхээс илүү олон жижиг, тэр бүр санаанд оромгүй дутагдлууд байдаг байна. Үүнийг Монголд олон жилийн туршид хийгдэж ирсэн гадаадын олон судалгааны багуудын дүгнэлт, тайлангууд харуулж байна. Жишээлбэл, 2016 онд Тайваний Тайпей хотын ахмад дайчдын эмнэлгийн Проф. Ву эмч тэргүүтэй судлаачид Монголын эмнэлгүүдийн ажиллагаатай танилцсан бөгөөд халдвар хамгаалалтын талаар тайлан гаргаж тэдэнд тааралдсан алдаануудын зургийг авсан байна (зураг 4-6). Үүнээс хархад манай халдвар хамгаалалтын асуудалд тогтолцооны, сургалтын, хандлагын түвшинд их ажил хийх шаардлагатай байна.

Эмнэлгүүд мөнгөгүйгээс болж гар угаах шингэн саван, арчих цаас, ариутгах бодисын хангамж хүрэлцээгүй байна. Сувилагчид нь бээлий хүрэлцээгүйгээс нүцгэн гараараа цустай ажиллаж байна. Төвлөрсөн угаалга байхгүйгээс ажлын хувцсаа ахуйн угаалгын машинд угааж байна. 

Зураг 4. Ариутгалаас ирсэн багажны уут цоорсон байсныг анзааралгүй, хэрэглэх гэж байв.

Зураг 5. Гар угаах угаалтуур, саван байгаа боловч гар арчих цаас байхгүй байна

Зураг 6. Цустай ажиллаж байж бээлий, маск байхгүй байна.

Дараагийн судалгааг Проф. Попп тэргүүтэй ХБНГУ-ын Эссэн хотын эмнэлэг, яаралтай тусламж, их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж байна. Энэ баг Герман, Монголын ЭМЯ-ын хамтын ажилгааны хүрээнд 2011 оноос жил болгон олон удаа ирж тогтмол хот, хөдөөгийн эмнэлгүүдийн халдвар хамгаалалт, ариутгалыг судлан баримтжуулж, сайжруулах саналуудыг гаргасаар байгаа аж (http://meshhp.mn/).

Энэ мэт олон жижиг алдаануудын нийлбэр нь  гепатитын вирүсийн халдвар эмнэлэгүүдээр дамжиж тархах шалтгаан болж байна гэж хэлж болно. 

Тэдний сүүлийн тайланд дурдсанаар, 2011 онтой харьцуулахад халдвар хамгаалалтын байдал сайжирч байгаа ч тогтолцоо, хандлага, мэдээллийн дутагдалтай холбоотой асуудлууд байсаар байна. Тухайлбал, Азийн Хөгжлийн Банкны "Эрүүл мэндийн салбарын хөгжил 5" төслийн хүрээнд орон нутгийн эмнэлгүүдийн маш хуучин автоклавуудыг шинэчилж байгаа ч ажиллуулах хүмүүсийн сургалт, ажлын журам, төсөв хангалтгүй байна гэж дүгнэжээ. Үүнээс гадна мэс заслын, шүдний болон эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдийн автоклавууд нэгхэн ажлын циклтэй, усны шугам нь хуванцар учир нянгийн гялтан үүсэх эрсдэлтэй, шүдний ломбоны материалаа том савнаас хүнд хэрэглэж байгаа багажаараа салгаж авдаг гэх мэтийг бичсэн байна.

Энэ дундаас, миний бодлоор, хамгийн чухал дутагдлууд нь зарим нэг шүдний эмнэлгүүд нь усны соруул, өрөм зэрэг гарт байдаг багажнуудыг ариутгалгүй спиртээр арчсан эсвэл хэт ягаан туяагаар шарсан, хэрэглэсний дараа дотуур хоолойнуудыг нь усаар зайлдаггүй, хэрэглэсэн ус нь шүүгдсэн эсэх нь тодорхойгүй гэх мэт зүйлүүд анзаарагдсан байна. Энэ мэт олон жижиг алдаануудын нийлбэр нь  гепатитын вирүсийн халдвар эмнэлгүүдээр дамжиж тархах шалтгаан болж байна гэж хэлж болно. 

Эмнэлгийн халдвар хамгаалалт, ариутгал нь маш том, цогц сэдэв учир энд өөрийн хэмжээнд нэг, хоёр асуудлын талаар бичлээ. Цаашид бид дор бүрнээ өөрсдийн алдааг ухамсарлаж, дор бүрнээ хичээхгүй бол бусдыг хохироосоор байх учиртайг ойлгох хэрэгтэй.

Улс төрчид нь мэргэжлийн салбарыг мэргэжлийн удирдлагад нь өгөх хэрэгтэй, сангийн яам нь хэрэгтэй төсвийг нь батлах хэрэгтэй, эмнэлэгийн захирал нь бодис, бээлий, савангийн мөнгийг нь танахгүй байх хэрэгтэй, шүдний эмнэлгийн эзэн нь ариутгалын бодис дээр хэмнэхгүй байх хэрэгтэй, ариутгалын техникч угаахаасаа залхууралгүй угаах хэрэгтэй, сувилагч нь бээлий өмсөөд ажлаа хийж сурах хэрэгтэй. Яарч байсан ч аппаратаа бүрэн угааж дуусаад дараагийн хүнээ диализын аппаратанд оруулах хэрэгтэй, дурангийн эмч нь ариутгалынхаа бодисыг цаг тухайд нь солих хэрэгтэй. Асуудал тодорхой байна, хийгдэх ёстой ажил тодорхой байна, хийгдэх ажлын үр дүнгийн үнэлгээний арга нь ч тодорхой байна.

Хэрэв бүх талаас чармайгаад, нэг нэгнээ буруутгахаа хойш тавиад ажиллавал 5 жилийн дараа гэхэд Монголд хурц С, В вирүсийн гепатитуудын тоог 2 дахин буулгах бололцоотой. 

Г.Анар 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ