Монголбанк: Инфляци энэ оны эцэст 7.2 хувь байх төлөвтэй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-07-01 11:30 GMT+8

Инфляци 2019 оны эцэст 7.2 хувь, 2020 оны эцэст 7.8 хувь байх төсөөллийг Монголбанк танилцууллаа. Энэ оны тавдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 7.9 хувь Улаанбаатар хотын хэмжээнд 8.8 хувь байна. 

Улаанбаатарын инфляцид мах, шатахууны үнийн нөлөө нэмэгдсэнээр инфляцийн 45 хувь буюу дөрвөн нэгж хувийг гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Зургаадугаар сард шинээр гаргасан инфляцийн төлөв байдлын тайланд дурдсанаар төсөөллийг бууруулахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал, хэрэглээний зээлийн жилийн өсөлт саарч, оны эхнээс зээлийн үлдэгдэл буурч байгаа нь ханшийн сулрах дарамтыг бууруулахын зэрэгцээ цалингийн өсөлтийн инфляцийг нэмэгдүүлэх нөлөөг сааруулж байна гэжээ.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын зардлууд хойшилж, төгрөгийн ханш БНХАУ-ын юанийн эсрэг чангарсан нь нөлөөлсөн байна. Харин төсвийн хөрөнгийн зардлын өсөлт, түүний дам нөлөө нь цаашид буюу 2020 онд инфляцийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Хэдий тийм боловч нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур саарч, нийт инфляци төсөөллийн хугацаанд зорилтот түвшний орчимд хадгалагдахаар байна гэcэн байна.

Төсвийн төлөв сонгуулийн жилд хүлээлтээс давж суларвал эрэлтийн шинжтэй инфляцийн нэмэлт дарамтыг бий болгох эрсдэлтэй гэж үзсэн байна. Мөн “Худалдааны дайн”-аас үүдэж түүхий эдийн үнэ буурч, төгрөгийн ханш сулрах дарамтыг нэмэгдүүлэн импортын барааны үнийг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Б.Бямбасүрэн

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ