ФОТО: Архивд байсан тамга, тэмдгүүдээр үзэсгэлэн гаргажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-01 17:15 GMT+8

Жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг “Тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг. Тэгвэл эл өдөрт зориулан тагнуулын байгууллагын тусгай архивд хадгалагдаж буй тамга тэмдгүүдээр төрөлжсөн үзэсгэлэн гаргажээ.

Тамга, тэмдгүүдийг олон нийтэд таниулах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой уг үзэсгэлэн энэ сарын 1-15-ныг дуустал, өдөр бүр 09:00 цагаас 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

60 гаруй тамга тэмдэг, 10 орчим бичиг баримт байна.

Эдгээр тамга, тэмдгүүдийг ихэвчлэн зэс, гууль, мөнгө, ган, төмөр, модоор урлан бүтээсэн ба 1923 оноос 1980-аад оныг хүртэлх үеийн 60 гаруй тамга тэмдэг, 10 орчим бичиг баримт байгаа юм.

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын судлаач Н.Батболд “1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан. Энэ үед олон байгууллага бий болсноос тамга солих, шинэ тамга хэрэглэх зэрэг будлиантай зүйлс гарч ирсэн. Үүнийг арилгахын тулд тамга, тэмдэг зөвөөр хэрэглэх, зөвшөөрөлгүй тамга тэмдэг хэрэглэсэн хүнийг шийтгэх зэрэг дүрэм заавруудыг Дотоодыг хамгаалах газраас гарган хариуцаж байсан юм” гэв.

Өнгөрсөн жил тус өдрийг тохиолдуулан Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан жилээс буюу 1922-2012 он хүртэлх Тагнуулын байгууллагын түүхийг үзэсгэлэн болгож гаргаж байжээ.

Дотоодыг хамгаалах газар нь 2000 оноос хойш Тагнуулын ерөнхий газар нэртэй болсон бөгөөд үүнээс өмнө 7 удаа нэр, үүрэг нь өөрчлөгдөж байсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ