Унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагчтай харилцан тохиролцоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-04 17:25 GMT+8

Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компанийн зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнийг бүртгэж ажилладаг. Одоогоор  585 даатгалын бүтээгдэхүүн  бүртгэжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан. Энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг зааж өгсөн. Унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдэлээс даатгуулахдаа, зөвхөн унаач хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч талууд харилцан тохиролцоно. Даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогддог. Даатгалын хураамжийн хэмжээг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл зэрэг томоохон эрсдэл үүсгэж болзошгүй болохыг нийт наадамчид, уяачид, даатгуулагчдад анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүний бүртгэл болон бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй даатгалын компаниудын салбар, төлөөлөгч, зуучлагчтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://frc.mn/daatgal  хаягаас авах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 270 санал өгсөн байна.

Дээшээ