Гэрийн экспорт майхны импортыг давжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-07-05 09:35 GMT+8

2017 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХИЛИЙН ЧАНАД РУУ АЧСАН МОНГОЛ ГЭРИЙН ТОО 2018 ОНД 70 ХУВИАР ДЭЭШИЛЖ, 2500-Д ХҮРСНИЙГ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛД ДУРДЖЭЭ

Монголчууд монгол гэрээ экспортлоод жилд таван тэрбум орчим төгрөг олж байна. Нүүрс, зэс зэрэг гарын таван хуруунд багтах эрдэс түүхий эдээс өөр олон улсад борлуулах бараа ховор манай улс сүүлийн жилүүдэд гэр хэмээх экспортын “шинэ” бүтээгдэхүүнтэй болж байна. Санаанд оромгүй бүтээгдэхүүн Монгол Улсад валютын орлого авчирч байгаа нь энэ. Бас болоогүй, монгол түмний уламжлалт сууцыг худалдан авагчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр буй аж.

2017 онтой харьцуулахад хилийн чанадыг чиглэсэн монгол гэрийн тоо 2018 онд 70 хувиар дээшилж, 2500-д хүрснийг статистикийн мэдээлэлд дурджээ.  Хамгийн сонирхолтой нь, тоо ширхэг нь өссөн ч экспортын орлого нь өнгөрсөн онд ялимгүй буурсан байгаа юм. Хоёр жилийн өмнө 1500 гэр экспортлоод 1.87 сая ам.доллар олж байсан Монгол Улс өнгөрсөн онд үүнээс 1000-аар илүү уламжлалт сууцыг 1.84 сая ам.доллараар борлуулжээ.

Гадаад зах зээлийг чиглэх гэрийн экспорт нэмэгдсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулалтын шинэ суваг нээв. Уламжлалт гэрийг монгол хүн хамгийн олноор суурьшсан АНУ, Япон, БНСУ, Австри, Их Британи зэрэг улсаас худалдан авдаг байна. Мөн ӨМӨЗО болон Европын зарим орны иргэд монгол гэр худалдан авах нь түгээмэл байдгийг дотоодын үйлдвэрлэгчид онцолж байна.

Үндэсний зарим үйлдвэрлэгчид нийт борлуулалтынхаа 20-40 хувийг экспортолж байна. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орноо их санадаг гэдэг. Тэд хашаандаа монгол гэр барьж, дулааны улиралд амьдрах сонирхолтой байдаг учир худалдан авдаг хэмээн үйлдвэрлэгчид хэлж байсан. Жирийн монгол гэр хагас тонн ачаа болдог учраас хилийн чанад  руу тээвэрлэхэд зардал өндөр. Тиймээс экспортын бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгаж, 75-  95 килограммын жинтэй аяны гэр бүтээсэн үйлдвэрлэгчид ч байна.

Санаанд оромгүй бүтээгдэхүүн Монгол Улсад валютын орлого авчирч байна

“Аяны асар” компани дотоодын хэрэглэгчдэд зориулсан Prius загварын автомашины тээшинд багтах гэр үйлдвэрлээд удаагүй аж. Монголчуудын дунд Prius-ийн хэрэглээ өндөр байдаг учраас уг загварын автомашины тээшинд ачиж, аялах боломжтой гэр бүтээжээ. “Жирийн гэр суудлын машины тээшинд багтана гэхээр олон хүн итгэдэггүй. Манай бүтээгдэхүүн энгийн монгол гэртэй адил. Хамгийн гол нь унь, тооно, хана зэрэг бүх эд хэрэглэл нь эвлүүлдэг тоглоом шиг задарч, эвхэгддэг хэмээн “Аяны асар” компанийн гүйцэтгэх захирал Б.Тулгаа ярилаа.

Түүнчлэн хүүхдэд зориулсан жижиг гэр худалдан авах эцэг эхчүүдийн тоо сүүлийн үед өсөж эхэлжээ. Аяны зориулалт бүхий 3.5-5 метрийн диаметртэй гэрүүд нь төрөл, хэмжээнээсээ хамааран 0.6-1.9 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

Төв Азийн нүүдэлчдийн олон мянган жилийн тэртээгээс амьдран сууж ирсэн уламжлалт сууц орчин цагийн Монголын орлогын нэг эх үүсвэр болж эхэллээ. Сонирхолтой нь, монголчуудын гэрийн экспортоос олдог орлого хилийн чанадаас авдаг саравч, майхны импортыг давав. Гэрээ гадаадад борлуулаад жилд таван тэрбум орчим төгрөг олдог монголчууд хоёр тэрбум орчим төгрөгөөр саравч, майхан хилийн чанадаас худалдан авдаг байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буйгаас майхан, саравчны эрэлт өсжээ. Ялангуяа, 2017 оноос илт сэргэсэн байна. тодруулбал, майхан, саравчны импорт 2017 онд 2016 оныхоос хоёр дахин нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд ч өсөлтөө хадгалжээ.

Импортын өсөлттэй зэрэгцээд дотоодын үйлдвэр хөгжиж байна. Улсын хэмжээнд 20 орчим иргэн, аж ахуйн нэгж майхан үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болж. Тэдний дийлэнх нь хилийн чанадаас бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг худалдан авдаг. Тухайлбал, “Амар  асар” компани асар, майханд шаардлагатай төмөр хийцийг энэ төрлийн бүтээгдэхүүн импортолдог иргэдээс авдаг байна. Харин даавуун материалаа урд хөршөөс худалдан авдаг аж. Гэхдээ нано технологийн даавууг дотооддоо үйлдвэрлэхээр ажиллаж буйг тус компанийн үүсгэн байгуулагч Б.Бадраа мэдээлсэн юм.

Цаашлаад найман хүний, чанартай материалаар хийсэн, аяны иж бүрэн хэрэгсэлтэй, импортын майхан 1.5-1.8 сая төгрөгийн хооронд байх жишээтэй. Импортын бүтээгдэхүүний ийм өргөн сонголт худалдан авагчдыг хүлээж байна.

Хэдийгээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт өссөөр буй ч үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс өндөр байна. Интернэтээр болон худалдааны төвүүд, задгай талбайд борлуулж буй хэдийгээр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт өссөөр буй ч үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс өндөр байна. Интернэтээр болон худалдааны төвүүд, задгай талбайд борлуулж буй импортын майхны доод үнэ 90 мянган төгрөгөөс эхэлж байна. Дөрвөн хүний багтаамжтай, дундаж чанарын майхан 350-500 мянган төгрөгийн үнэтэй. Цаашлаад найман хүний, чанартай материалаар хийсэн, аяны иж бүрэн хэрэгсэлтэй, импортын майхан 1.5-1.8 сая төгрөгийн хооронд байх жишээтэй. Импортын бүтээгдэхүүний ийм өргөн сонголт худалдан авагчдыг хүлээж байна.

Харин дотоодын чанар сайтай майхан 500 мянган төгрөгөөс эхлэх аж. Үндэсний үйлдвэрлэгчид нэг, хоёр жил болоод бэхэлгээ төмөр нь хугарч, хэрэглээнээс гарчихдаггүй, монгол хүний хэрэглээ, хэрэгцээний онцлог, цаг агаарын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьдгоо учирласан юм. Цаашлаад түүхий эдээ хилийн чанадаас худалдан авдаг учир үнэ, өртгийг бууруулах боломж хомс буйг учирлалаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай иргэд хямд майхан олон удаа худалдан авч, нэмэлт зардал гаргахаас илүү нэг удаа чанартай сайн майхан сонгохыг илүүд үздэг болсон гэж бизнес эрхлэгчид хэлж байна.

Ер нь энэ чиглэлийн үйлдвэрлэл солонго адил олон бүтээгдэхүүнээр төрөлжиж буй. Тухайлбал, майхан асраас гадна зөөврийн гарааш, сүүдрэвч, хүүхэд, уяачид, малчдад зориулсан аяны хэрэгсэл, цэргийн палатки зэргээр бүтээгдэхүүний нэр төрөл, зориулалт олширч байгаа. Дийлэнх үйлдвэрлэгчид жил бүрийн 3-5 дугаар сард бүтээгдэхүүний бэлдэц эсгүүрээ хийж, 5-10 дугаар сар хүртэл захиалга авч ажилладаг.

Гадаад болон дотоодын эрэлтээр дэмжигдсэн гэр, сууцны зах зээл Монгол Улсад эрчтэй хөгжиж байна. Ялангуяа, монгол гэрийн экспорт санаанд оромгүйгээр нэмэгдэж, чамлахааргүй орлогыг авчирч байгаа нь дэлхийн ховорхон нүүдлийн соёл иргэншлийн ололт, үнэ цэнийн нэг тод илрэл гэлтэй. Нөгөө талаас, майхан болон саравч, цаашлаад түүхий эд, материал дагасан валютын урсгалыг дотоодод тогтоохын тулд энэ чиглэлээр суурь үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Голдуу жижиг, дунд аж  ахуйн нэгжээс бүрддэг энэ зах зээлийн үйлдвэрлэгчдэд үйл ажиллагаагаа тэлэх шаардлага бий. Гэхдээ тэдэн шиг жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ус, агаар мэт хэрэгтэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл тэр бүр олдоод байдаггүй. Энэ жилээс жинхэнэ эздэдээ хүрэх байх гэж найдаж буйгаа тэд хэлсэн юм.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ