Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
судлаач Судлаач проф. Олхонуд Баярхүү "Засгийн газрын мэдээ" сонин

2019-07-05 08:10 GMT+8

Бичих сэдэв мундсандаа, эсвэл мухардсандаа ийм өгүүлэл бичих гээгүй. Манайхны аяглаж байгааг ажваас ийм аймшгийн өмнө тулж ирэхгүй гэх баталгаа алга. Популизм 30 жил Монголоор тэнүүчлэн, хүн ардын сэтгэлийг эзэмдлээ. Соёлжиж гэгээрсэн нийгмээ гээсээр л, мухар сүсэг, харанхуй бүдүүлэг нь ердийн үзэгдэл болоод ч байх. Боловсрол мэдлэгтэй, төлөв томоотой, ариун шударга, нэр төртэй хүн цөөдөөд ч байх шиг. Ер нь намайг болон монголчуудыг хатгаад болдоггүй ээ. Энэ өнцгөөс бичлээ. Бас Африкийн нэгэн алдарт дарангуйлагчтай хоёронтоо уулзаж байсных энэ тивийг гайгүй судалсан гэдгээ нотлоод хамт авахуулсан зургаа залчихлаа. Энэ бол Зимбабве гэдэг улсыг амьдын там болгож хувиргасан үхэшгүй мөнхийн Роберт Мугабе гэгч.

Иргэншсэн ертөнцийн хувьд Африкийг сонирхох сонирхол дэс дараалан буурсаар өнөө үеийг хүргэсэн. Эхний үе буюу Родезын үе ч гэж нэрлэж болох XIX зууны 1880-аад оноос дэлхийн нэгдүгээр дайн хүртлэх хооронд Африкийн их баялаг европчуудын сайн сайхныг хангана гэх үзэл их дэлгэрсэн байв. Нэгдүгээр дайны дараа 1920-иод он гэхэд энэ үзэл алга болж, II дайнаас хойш 1960-аад оны дунд үе хүртэл буюу колонийн систем задран тусгаар тогтносон улсууд үүсч эхлэхэд ирээдүйн бие даасан хөгжилтэй шинэ тив, бүс нутаг үүслээ гэх үзэл, сонирхол нэн хүчтэй давамгайлжээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав

Тэр давалгааг тухайн цагийн БНМАУ хэрдээ туулалцсан түүхээс дурдъя. Манайхан санаж байж мэдэх нэгэн алдартай зурагт хуудас бий. Морьтой монгол малчин төрийн далбаагаа хийсгэн манарган давхиж явна. Тэрбээр феодалын нийгмийг бэлгэдсэн шар талбайгаас капитализмын тас хар хөндлөн зурвасыг алгасан харайж коммунизмын бэлэг тэмдэг болсон улаан талбай руу дүүлэн орж байна. Энэ зураг чухам 1960-аад оны африкт зориулсан бүтээл байлаа. 1960-аад он бол Ази–Африкийн орнууд nation-state болох их хөдөлгөөний үе. Европын колоничлогч гүрнүүд өөрийн колонитой байх нь ёс суртахууны төдийгүй эдийн засгийн хохиролтой болохыг ойлгон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтнол бэлэглэх кампанит уралдаан өрнүүлжээ. Гэнэтийн энэ бэлгэнд бялуурсан африк тив олон жил иргэний дайн, төрийн эргэлт, социализм коммунизмын элдэв туршилт, угсаатан хоорондын тулалдаанд идэгдэж, үүний үр дагавар болсон ядуурал өлсгөлөнд нэрвэгджээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав. Тусгаар тогтносон даруйдаа Монголд айлчлав. Африк социализмын энэ цуутай хувьсгалчтай туршлагаа хуваалцахаар Монгол шийдэв. Ингээд африкийн төвд оршдог таньж мэдэхгүй, онцын ач холбогдолгүй энэ оронд 1960 онд Монгол Улсын элчин сайдын яамыг нээв. Нэгэнт социализм байгуулахаар шийдсэн бол энэ үйлсэд нь туслахын тулд ЭСЯ ажиллана. Тэнд Монголын тусламжаар эмнэлэг барьж өгөхөөр болов.

Эмнэлгийн мөнгө босгохын тулд баахан машин Москвагаас ачиж очсон боловч бүгдийг нь Гвинейн сайд нар худалдаад, мөнгийг нь өгөлгүй тэр чигт нь гулруулжээ. Хөрш Мали нь капитализмыг алгасаад социализмд орчих санаатай гэдгээ илтгэн 1964 онд Малийн Ерөнхийлөгч Модибо Kэйта Улаанбаатарт морилов. Мали орон социализм байгуулахаар шийдсэн тухай Ерөнхийлөгчийн өөрийнх нь амнаас сонсоход тэр үеийн манай дарга нарт нэн таатай байлаа. Ингээд мал аж ахуйн салбарт хамтран ажиллахын бэлэг тэмдэг болгон түүнд сарлагийн нэлээн хэдэн тугал бэлэглэжээ.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг “туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа.

Далайн түвшнээс таван мянган метр өндөрт амьдардаг хүйтэн бүсийн энэ амьтныг сүүлд нь Монголын тал бүх зардлыг нь даан эквадор дахь халуун африкт аваачиж өгсөн билээ. Ингээд Малийн нийслэл Бамакод Монголын элчин сайдын яамыг нээхээр шийдлээ. Бүр сүүлдээ АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг (төрийн тэргүүн) Малид айлчлуулах боллоо. Гээд аз дутахад ийм айлчлал хэрэгжсэнгүй. Удалгүй Модибо Кэйтаг Мали  улсыг заавал капитализм дундуур туучуулна гэсэн бодолтой өөр нэг түрүүч цэргийн эргэлтээр авч хаяад, Ерөнхийлөгчийнх нь суудлыг эзлэв. Элчин сайдын яам золоор нээгдээгүй байлаа. Харин Гвиней дэх ЭСЯ зовлон амсаж, ихэнхи дипломатчид нь халуун орны хумхаа өвчнөөр нас барцгаажээ.

Үндэсний ардчилсан хувьсгалын дээд шат болсон хөгжлийн социалист чиг баримжааг барьж улс орноо хөгжүүлж буй орнуудыг (Алжир, Гвиней, Конго, Гвиней Биссау, Сомали, Бенин, Танзани, Этиоп, Мозамбик) цаашид дэмжих чиглэл удирдлага болгон, африкт социализмыг жинхэнэ зөв эхлэлээр байгуулах замд орж буй ангол улсыг дэмжиж луандад элчин сайдын яам нээх тушаал тогтоол 1977 онд манай дээд байгууллагаас гарч байжээ. Африк, Латин Америк, Азид буй Монголын элчин сайдын яамдын хамгийн гол ажлын нэг нь тэдгээр болон хөрш оронд нь буй коммунист болон тэр хэлбэрийн намынхантай уулзаж төлөөлөгчдийг нь таван жилд нэг удаа болдог МАХН-ын их хуралд урьж авчрах явдал байлаа.

1990 он хүртэл хөгжүүлж байсан манай гадаад харилцааны бодлогын зарим түүхээс дээр цухас дурдлаа. Африкт мөн их анхаарч байсан байгаа биз?

Гэтэл тэр Африк нь яасан гээч? Африкийн орнууд дахь социализмын бүтэлгүй туршилтууд, бусад увайгүй бүтэшгүй үйл явдлууд 1970-аад оны үед хэвийн үзэгдэл болов. Энэ тивийг дэлхий үл тоох хэмжээнд очжээ. Социализм байгуулж байгаа хэмээн сэтгэлээ бид эндээ хуурч байсан ганц 1980 оныг жишээлье. Википедиа дээр байж байгаа жагсаалт: Суданнэг намын сонгууль. Тунистөрийн эргэлт хийх оролдлого. Марокко-полисарын дайн. Алжир-Зөвлөлтийн тусламжаар хүнд үйлдвэржих төлөвлөгөө нурав. Этиоп-Зөвлөлтийн нисдэг тэргийг нутгийн амхаар биш үндэстнүүдийн эсрэг хэрэглэв.

Кубын 20 мянган цэрэг этиопчуудтай хамтран эритрэй, Сомалид байлдаж байна, дүрвэгсэдийн тоо саяас хол давав. Сомали-дүрвэгсдийн тоо 1.5 сая хүрэв. Танзани-Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Нерьерэ ганцаараа өрсөлдөж ялав, өлсгөлөн. Занзибар-төрийн эргэлт. Уганд -орж ирж эзэлсэн Танзанийн армийн 20 мянга ба өөрийнх нь 6000 цэргийг тэжээхэд улсын төсвийн 37 хувийг зарцуулав. Нийслэл Кампалад нэг долоо хоногт улс төрийн 50 орчим аллага, өлсгөлөн. Гана-инфляц 114 хувьтай, их сургуулиудаа хаав. Нигериа-төрийн эргэлт хийх ээлжит оролдлого, 1000 хүн алагдав. Гамби-сөрөг хүчнийг хааж бүгдийг нь баривчлав. Либэриатөрийн эргэлт, иргэний дайн. Сенегал-25 жил дарангуйлсан Сэнгора унав. Мавритани-төрийн эргэлт. Мали-бослого, улсын эдийн засгийг бүрэн хямарсан гэж дүгнэв. Гвинэй–Биссауд гарсан төрийн эргэлтийг Малигаас санхүүжүүлэв. Зааны ясан эрэгнэг намын сонгууль. Бурундихристосын 52 миссионэрийг нутгаасаа хөөж гаргав.

Тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй

Мавритани-уржнан Оулд Салакийг түлхэж төрийн эрхийг авсан оулд даддыг ноднин Оулд Жолдук унагасан бол өөрийг нь энэ жил оулд хардалл зайлуулж Ерөнхийлөгч болов. Экваторын гвинэй-дарангуйлагч Мациасыг түлхэн унагав. Дээд вольттөрийн эргэлт. Нигер-ливийн санхүүжүүлсэн партизанууд бослого өдөөв. Камэрун-Чадаас ирсэн дүрвэгсдээс болж эдийн засаг хямрав. Чад-иргэний дайн, ливийн өдөөн хатгалга. Заир Ерөнхийлөгч Мобуту “амьд байгаа цагтаа өөр нам оршихыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэв. Гадаад худалдаанаас олсон мөнгөнийхөө 38 хувийг өрөнд эргүүлж өгч байна. Тав хүртлэх насны хүүхдийн 42 хувь нь өлсгөлөнгийн байдалд. Гвинэй Биссау-төрийн эргэлт. Сан Томэ-Анголын 1000, Кубын 100 цэрэг довтлов. Ангол-иргэний дайн. Замби-төрийн эргэлт хийх оролдлого. лесото-“лесотогийн чөлөөлөх арми” довтлов. Намиби -иргэний дайн. өмнөд африкпартизаны дайн!

Энэ бол капитализмыг алгасан социалист чиг баримжаагаар замнаж явсан тэрхүү африкт зөвхөн ганц онд тохиолдсон “хачин сонин” үйл явдлын жагсаалт ба энэ нь 1979, 1981 оныхоосоо ерөнхий дүнгээрээ юугаараа ч ялгагдахгүй. Түүнээс хойш 40 жил өнгөрөөд байгаа ч өнөөдөр тэгтлээ дээрдэж дээшилсэн юмгүй. Харин ч шашин–угсаатан хоорондын дайнд нэрвэгдэж, Судан, Мали улсууд дундуураа, Сомали нь хэд хэд хуваагдчихаад, ийм хуваагдал Нигериад нүүрлээд байна. Энэ асар том тивийн ихэнхи хэсэг нь улс төрийн мөнхийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын намагт шигдсэн тул олон улсын интеграцаас тусдаа ертөнц болжээ. Өөрөөр хэлбэл мартагдсан ертөнц!

Африк эхнээсээ ардчиллыг сонгоогүй. Гэхдээ Азийн “бар” орнууд шиг дарангуйллын замаар улс терийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангаж чадсан нь нэгээхэн ч үгүй. Танзанийн Ерөнхийлөгч Нерьерэ өөрийн улсад нэг намын систем тогтоож буйгаа “гуйланчлал, өвчин зовлонтой хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид гадны үзэл суртал манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь африкийн хэвшмэл хэллэг байсан билээ. Тэрбээр Индонезийн Сукарногоос сурсан ганц юм гэвэл дотоодын тогтворгүй байдлыг гаднаас дайсан эрж олох замаар шийдэх арга байв.

Өмнөд Африк, Өмнөд Родез, португалын колони орнуудыг өөрийн дайсан гэж зарлаад тэмцэгчийн дүр эсгэн “Манай орон дайны байдалд орлоо гэж тунхаглаж байв. Нерьерэ танзанид 30 гаруй жил нийгмийн инженер зүйн хэдэн арван болхи туршилт хийж үзжээ. Ленинизм, Бандунгийн тунхаглал, гитлеризм, апартеид, расизм, аймаглан устгах бодлого зэргийн хольц холион бантан болсон онол, уриа, туршилт, хүчирхийлэл нь олон арван мянга түмэн хүний амиар хэмжигджээ. Колонийн систем задарсны дараа африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм. Гадны юм болгоноос сэжиглэж, хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээнд хүртэл оржээ. Эдүгээ танзани хөгжлөөрөө тивдээ сүүл баригчдын нэг. Овойж оцойсон юмгүй, ДНБ-ээсээ хүн амдаа оноох үзүүлэлтээр дэлхийд 156-р яваа даржин орон.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг.

Социализмын зам сонголоо хэмээн манийгаа хангалттай хуурсан Зимбабвейн түүхээс сөхье. Мөн л нуль драм. Ерөнхийлөгч Роберт Мугабетэй би хоёр ч удаа гар барилцаж зургаа татуулж байсных тэр дарагуйлагчийг гайгүй судалсан. 1980 оноос 2017 онд халаагүй засаглажээ. Тэрбээр ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин дур зоргоороо авирлажээ. Тусгаар тогтнолынхоо төлөө хамтран тэмцэж явсан Жошуа Нкомог хөөж явуулаад Запу намыг нь Хойд Солонгосынхны бэлтгэсэн десантчаар цус урсан даруулаад өөрийн ЗАНУ намыг хуульчилж, өөрөө хязгааргүй дарангуйлагч нь болсон. Үндэсний эрх чөлөөний төлөө хамтран тэмцсэн ЗАНУ, ЗАПУ хоёр намын өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн 20 мянган хүний амь авч одов. 1982-1988 онд байлдаж туйлдаад 1989 оноос хамтарсан нэг нам болж төлөвшсөн. «Зимбабвейн африк үндэсний холбоо-эх оронч фронт» гэх лут нэртэй. Иргэний дайн, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн улмаас түм бумаараа хөрш орнууд руугаа дүрвэсэн, дүрвэсээр ч байна.

Нийт газрын 70 хувь цөөн тоот цагаан арьст фермерүүдийн мэдэлд байхад тэр улсад өлсгөлөн нүүрлэж байсангүй. Харин социалист туршилт болох газрын реформ хийхдээ цагаан арьстан фермерүүдийн газрыг хурааж, өмчид халдаж дарамталснаас тэдний 90 хувь нь Зимбабвээс дүрвэж, үлдэх нь гянданд хоригдсон буюу ядуурсан. Улс орны хүнсний үйлдвэрлэл нурсан ба үр дүнд нь ОУВС санхүүгийн дэмжлэгээ зогсоосон. Тус улсыг Их Британийн хамтын нөхөрлөлөөс хассан.

Европын холбоо хориг тавьсан, тус орон ядуурсан, гиперинфляцаар дэлхийн рекорд тогтоосон. Тэрбум тэрбумын дэвсгэрт хэвлэж гүйлгээнд гаргасан ба төдөн тэрбум зимбабве доллараар ганц талх гэх дээрээ тулсан. Хүн амын 80 хувь ажилгүй, юмны үнэ нь улсаа сүйртэл өссөн нэгэн улс Мугабейн өнгөн дээри Зимбабве болж хувирчээ.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Улсын өр нь ДНБ-ийхээ 131 хувь, инфляц нь 231 сая хувь, ДНБ-ий уналт 17.76 хувь гээд 10 жилийн өмнөх үзүүлэлтээр дурайна. Ажиллаж байгаа хүн амын 10 хувь аж үйлдвэрт, тэр нь ДНБ-ийхээ 21 хувь болдог. Бүтээдэг нь нэхмэл, тамхи, хөдөө аж ахуйн боловсруулалт. Байгалийн баялаг арвинтай. Төмөр, алт, чулуун нүүрс, мөнгө, никель, алмаз. Алт, алмазны олборлолт явуулдаг ч эдийн засагтаа нэмэргүй. Хөдөө аж ахуйд хүн амын 66 хувь нь ажилладаг ба тэд нь ДНБ-ийхээ 16.7 хувийг гаргадаг. Тамхины тариалангийн экспортоор дэлхийд гуравт яваа. Хөвөн, цай, чихрийн нишэнгэ гэсгээд цаашаа тариалдаг нь байхгүй. Улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй.

Энэ улс өрнөдийн түншүүддээ итгэхгүй, социализм нь нурсан, СССР байхгүй гэдгээр шалтаглан 2006 онд «Look East» буюу дорныг тольдох бодлого гэгчээ тунхаглаж, Хятад, Энэтхэг, Иран, Индонез, Хойд Солонгосыг баримжаалах болжээ. Гэм нь нийгмийн байгуулал нь урагш явсангүй.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг “туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа. Бүх бурууг Мугабед тохож түүнийг огцрохыг дэлхий даяараа шахаж шаардаж байсныг мань хүн 10-аад жил нүд анин өнгөрүүлсэн. Бүр гаднаас хөрш орнууд нь хамтран цэрэглэн халдаж, түүнийг засгийн эрхнээс унагах өдий өдий төлөвлөгөө дуулдаж байлаа. Гадаадаас элдэв санкц тавиулаад гадаадад айлчлах зорчих эрхгүй төрийн дээд түшмэд 200-д хүрч, тус улсын 40 компанийн активыг Европын холбооны орнуудад царцаагаад байлаа.

Сөрөг хүчний Морган Цвангираи тэр хоёр үхэх сэхэхээ үзэн тэмцэлдээд үр дүнгүй. Дэлхий нийт цэл залуу Цвангираиг дэмжээд байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 90 насыг дөхсөн Мугабе яаж ийгээд ялаад байдаг. Бүр сүүлдээ Цвангираиг автомашины ослоор үхүүлэх гэж үймүүлээд эхнэрийг нь хорлож алав. Сөрөг хүчинтэйгээ ажиллаж байгаа арга нь тэр. 2013 онд үндсэн хуулийн референдум явуулж ардчилсан чиглэлтэй улс болсон гээд санкцаа цуцлуулжээ. Улс орон яг нурахын даваан дээр Зимбабвейн цэргийнхэн 2017.11.15-нд цэргийн  эргэлтэрхүү юм хийж, Роберта Мугабег баривчилж сайд нарыг нь хорижээ. Хорьж ятгасны дүнд мань хүн дөрвөн өдрийн дараа эрх баригч намын даргын тушаалаа өгч, импичмент зарлуулна гэсэн тулгалтын дор Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буув. Тэрбээр одоо 95 настай, амьд сэрүүн эмчлүүлж байгаа ба залгамжлагч, өөрийн намын Эммерсон Дамбудзо Мнангагва гэгчийг хууль бус Ерөнхийлөгч, төрийн эргэлтээр хууль бусаар надаас булаан авсан хэмээн ярьсаар сууна.

Инээдэм бус ханиадам болох түүхийн өчүүхэн хэсгээс дээр цухас өгүүллээ. Африкийн примитивизмийн сонгодог жишээ улсаар Зимбабвейг нэрлэж болно. Тэдний замаар орчихгүйн төлөө, эсвэл венесуэлийн нийгмийн эх захгүй халамжийн замаар орчихгүйн төлөө энэ нийтлэлийг дээдэст зориулан илгээлээ. Нийгмийн хэт их халамж явуулдагаараа Монгол Улс Азидаа зургадугаар байрт, Сингапур, Япон, Өмнөд Солонгостой л ана мана үзэлцээд байх нь тэр. Харин ДНБ, үндэсний орлого баялаг гэхлээр хойш суугаад азидаа бөгсний хэдэн байрын нэгэн дээр буух үйлтэй төрсөн улс уу, бид.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ