ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Нисэх буудлыг “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-06 18:05 GMT+8

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ нисэх буудлыг барьж дуусгаад байна. Нийслэлийн төвөөс нэг цаг яваад нисэх буудалд хүрэх замын хөдөлгөөнийг баасан гарагт нээв. 32.2 км урт тууш зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Замын дээд хурд 100км/цаг байна. Аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай хийжээ.

Манай улсад барьсан, олон улсын стандартад нийсэн анхны зам  юм. Замын өртөг 140 сая ам.доллар.

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 10 САРЫН ДАРАА ЭХЭЛНЭ

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэв. “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК Концессийн гэрээний дагуу Монголын талаас 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу 51 хувийг эзэмших “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан компани юм.

Менежмент шилжүүлэх концессын гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурлаа. Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил. Концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган, шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлнэ. Шинэ нисэх буудал ашиглалтад ороход гадаадын агаарын компанийн тоо хоёр дахин нэмэгдх юм. Шинэ буудалд 720 хүн ажиллана, орон нутаг, олон улсын бүх нислэг явагдана.

УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг баасан гарагт зарлан хуралдууллаа. Ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Ажлын хэсэгт 7-8 хүнийг томилж, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Төрийн өмчийн хороог хохирогчоор оролцуулж байна. 

Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Ш.Батхүүтэй холбоотой 98 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байдаг аж. Нийт 180 орчим обьектийн жагсаалтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ил болголоо.

Баян-Өлгий аймгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай алба үүргээ гүйцэтгэж яваад энэ сарын 2-нд амиа алдсан. Тодруулбал, орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт усанд живж амь насаа алдсан байна.

Нийслэлийн ИТХ-аар Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа. Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулна. Түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлнэ. Түрээслээд өмчлөх иргэд тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтой.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 шүүгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг пүрэв гарагт авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг 30 хоногийн турш хорихоор болжээ. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 26-нд зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. 

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Хүн бүхэн наадмын нээлтийн найруулгын талаар өөрсдийн санал шүүмжлэлийг наадмын дараа ярьдаг. Тэгвэл энэ удаад наадмын өмнөхөн уран бүтээлчдээс наадмын нээлтийг хийх эрхийг өгвөл юу хийх вэ гэдэг сэдвээр шог зураач С.Цогтбаяр, нийтлэлч Артгаа нарыг урьж, ярилцлаа.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Сэтгэл судлалын үндэсний төвд өдөрт 200 гаран дуудлага ирдгээс 50 орчим хувь нь хүүхэдтэй холбоотой дуудлага байдаг аж. Эцэг эхчүүдийн дийлэнх нь “Манай хүүхэд нэг л өглөө босоод ирсэн тоглоомонд донтсон байна яах вэ, хүүхэд маань миний үгийг ерөөсөө хүлээж авахгүй байна, хайрын захиа зөөж байна, юм үнэрлэдэг болсон байна” гэх зэрэг асуудлыг хэлж, яах талаар зөвлөгөө хүсдэг гэв.

Хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрч байна гэдэг нь асуудал үүсээд удсаны илрэл. Дуугарахаа болих, уурлах, гадуур тэнэх гэх мэт бол хүүхдэд асуудал тулгараад удсаны илрэл юм байна. Үргэлжлэлийг эндээс уншина уу. 

GoGo.mn сайт бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийллийн эсрэг сэдвээр цуврал нийтлэл бэлтгэн та бүхэнд хүргэдэг. Энэ хүрээнд бэлтгэсэн нэгэн захидлыг та бүхэнд санал болгож байна

Би тэр хүртэл өөрийгөө хүчирхийлэгч байснаа ойлгосон. Хүчирхийлэгч гэхээр цохиж, зоддог хүн л гэж бодож явсан минь алдаа байсан юм билээ. Эхнэрийгээ эдийн засгийн байдлаар хавчин боож, нийгмийн харилцаанд орох боломжуудыг нь зөвхөн өөрийнхөө тав тухын төлөө үгүй хийж, хүсэл мөрөөдлийнх нь далавчийг огтчин хаяж, зорилго тэмүүллийг нь нухчин дарсан аюултай хүчирхийлэгч байснаа мэдсэн.

Ердөө ганцхан оройны болзооны дараа эхнэрийн минь нүдний гал эргэн сэргэхийг харсан би азтай эр хүн. Оройтсон ч гэлээ өөрийгөө олж харж, алдаагаа ойлгосон би азтай нөхөр.

.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ