Т.Энхсайхан: Бид наадмын дараа Ц.Нямдоржтой холбоотой маш ноцтой хэргийг дэлгэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-07-09 13:20 GMT+8

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилсээр байна. Анх энэ жагсаал зургадугаар сарын 10-нд Хууль зүйн яамны гадаа болсон юм.

Жагсаалд оролцож буй иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ. Жагсаалын үеэр тэмцэгч, хуульч Т.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа. 

-Та бүхэнд Хууль зүйн сайд ямар нэгэн тайлбар, хариу өгөөгүй юу?
-Өгөөгүй. Бид түүнд төр, хуулийн эсрэг хийсэн бусармаг үйлдлээ ойлгоод өөрөө огцрох шаардлагыг сар гаруйн өмнө хүргүүлсэн. Гэвч 30 хоногийн дотор хариу өгөх хуулийн хугацаа хэдийнэ дууссан. Хууль зүйн сайд атлаа хуулиа баримтлахгүй, Монгол Улсын хуулийн тэргүүнд займчлаад дураараа дургиаж байна.

Н.Анхбаярыг томилвол бид Австрали улсад суугаа монголчуудтайгаа хамтраад тэндэхийн гадаад хэргийн яамны гадаа жагсаал зохион байгуулна.  

Бид энэ хүнийг огцруулаач хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн. Мөн л бидэнд ямар ч хариу өгсөнгүй. Ийм төр засаг гэж байх уу. Нийгмийн бүхий л зүйл хуулиар зохицуулагддаг биз дээ. Гэтэл Хууль зүйн сайд нь битгий хэл Ерөнхий сайд ч хүртэл хуулиа баримтлахгүй байна. 

-Огцруулахыг шаардаж байгаа гол үндэслэл юу вэ?
-Хөөн хэлэлцэх хугацааг Ц.Нямдорж, Ш.Раднаасэд хоёр нийлж өөрчлөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын олон авлигач, албан тушаалтнууд суллагдчихлаа. Саяхан яллагдагч Д.Эрдэнэбилэгийг мөн л хөөн хэлэлцэх хугацаагаар суллачихлаа. Хамгийн аюултай нь одоо “Жаст”-ын Ш.Батхүүг ирэх есдүгээр сард хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаад суллах гэж байна. Энэ бүхэн юуг харуулж байна вэ. Монголын ард түмнийг хуулиар боомилон тэр дээр сандайчилж суучхаад ард түмнийг ядуу тарчиг амьдруулж байна. Дээгүүрээ хулгай хийдэг утсан хүүхэлдэйнүүдээ “Бид арыг чинь даая” гээд гэмт хэрэг үйлдүүлдэг. Дараа нь том хэрэг хийснийх нь дараа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, бүгдийг нь суллаж байгаа биз. Тэгэхээр дээгүүрх эрхмүүд хуулиар хамгаалуулаад доор байгаа ард түмэн нь Зөрчлийн тухай хууль, элдэв татвар, торгуулиар дарамтлуулж тонуулсаар байна.   

-Хуульзүйн сайдын хүүг Австралид суух элчин сайдаар томилогдсоныг та бүхэн эсэргүүцэж, Монголд суугаа тус улсын элчин сайдад шаардлага хүргүүлсэн шүү дээ. Түүний хариу ирсэн үү?
-Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг бүү томилооч гэсэн бидний өргөх бичгийг Австралийн ЭСЯ-ны зүгээс анхааралдаа авч үзнэ гэж бид гүн итгэж байна. Учир нь Австрали бол авлигыг эсэргүүцдэг томоохон бөгөөд манлайлагч улс. Тэгэхээр нааштай хандана гэдэгт итгэж байгаа юм. Хэрэв түүнийг томилбол бид Австралид суугаа Монголчуудтай хамтраад тэндхийн гадаад хэргийн яамны гадаа жагсаал зохион байгуулна.  

Бид наадмын дараа Ц.Нямдоржтой холбоотой маш ноцтой хэргийг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэнэ. Үүнд иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. 

60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт хэргүүдэд холбогдсон хүмүүст арга хэмжээ авлаа гэхэд энэ хүн Монголын төрд байсан цагт дахиад л шинэ мафийн багаа бүрдүүлэх толгойлогч болж үлдэнэ.

-Хариу өгөхгүй байсаар байвал та бүхний авах дараагийн арга хэмжээ юу вэ?
-Монголын ард түмэн бүгд харж байна шүү дээ. Тэд бүр ичихээ байжээ. Бид энэ хүнийг огцортол тэмцэнэ. Гэтэл огцрохгүй юм шиг байна. Учир нь Ерөнхий сайд Хадгаламж банкнаас 14 тэрбумыг авсныг Ц.Нямдорж илчилнэ гэж заналхийлж байгаа байлгүй. Эдгээр хүмүүс чинь нэг нэгнийхээ булхайгаар биесээ боомилж, арга хэмжээ авч чаддаггүй юм байна. Бид тэмцсээр байгаад л дуусна. Ард түмэн тэднийг дараагийн сонгуулиар сонгохгүй болгох арга хэмжээг авна. 

-Танд дарамт ирж байгаа гэж сонссон. 
-Сүрдүүлж байгаа. Биднийг жагсаал цуглаан хийлгэхгүй гэж их үзэж байна. Намайг эзгүйд цагдаагийн албан хаагчид гэрт минь хоёр ч удаа  очсон байна лээ. Намайг баривчлах гэж тэр байх. Гэх мэтчилэн сүрдүүлж байгаа юм.

Захиргааны хэргийн шүүхэд хандахад бидний талд шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д зааснаар “Монгол улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй”. Энэ эрх чөлөөгөө эдэлснийхээ хариуд Ц.Нямдорж тэргүүтэй эрхмүүд надад хэрэг үүсгэсэн. Гэтэл хууль биднийг хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулж буйг нотолсон. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) жагсаалаа үргэлжлүүлж байна. 

-Энд цугласан хүмүүс энгийн иргэд үү эсвэл аль нэгэн намын гишүүд үү?
-Иргэд шүү дээ. Монгол төрийг 22 жил самарсан гээд Ц.Нямдоржийг үзэж чаддаггүй хүмүүс зөндөө байдаг юм байна. 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт үйлдвэр гэх мэт хэргүүдэд холбогдсон хүмүүст арга хэмжээ авлаа гэхэд энэ хүн Монголын төрд байсан цагт дахиад л шинэ мафийн багаа бүрдүүлэх толгойлогч болж үлдэнэ. Тийм болохоор энэ хүнийг Монголын төрөөс гаргахаас нааш манай улс хөгжихгүй. Тийм учраас таньдаг найз нөхөд, ард түмэн, жирийн иргэд бидэнтэй нэгдсээр байна. Үнэний төлөө тэмцэл гэдгийг ард түмэн бэлхнээ харж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ