“Гэр бүл ихэвчлэн өөрчлөлтийг даван туулж чадаагүйн улмаас салж байна”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-16 15:40 GMT+8

Гэр бүлийн зөрчил маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах чиглэлээр Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол болон Австралийн гэр бүлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран сургалт зохион байгууллаа. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 1999 онд баталсан “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл Австралид ч мөн гэр бүлийн тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж.

"САЛАЛТ НЬ ТУХАЙН ХҮМҮҮСИЙН СОНГОЛТ. ХАРИН..."

Австралийн гэр бүлийн зөрчлийг шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэгч, зөвлөгч Кэтрин Жонсон “Гэр бүл салах тохиолдолд хамгийн түрүүнд хүүхдийн эрх ашгийг хангах ёстой. Эцэг эх нь салсан ч хүүхдийнхээ аюулгүй байдал, хэрэгцээг хангах үүрэгтэй. Харин тэрхүү үүргээ биелүүлэхэд нь бид тусалдаг. Австралийн гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь салсан гэр бүлийг үр хүүхдийнхээ төлөө хамтран ажилладаг болгохыг зорьдог юм.

Салалтын маш олон шалтгаан бий. Гэр бүл ихэвчлэн өөрчлөлтийг даван туулж чадаагүйн улмаас салдаг. Австралийн гэр бүлийн үйлчилгээ нь гэр бүлүүдэд өөрчлөлтийг даван туулахад тусалж, зөвлөгөө өгдөг. Гэхдээ бид заавал битгий сал гэж хэлдэггүй.

Монголд жилд 32000 гаруй гэр бүл шинээр бий болж, 4000 орчим гэр бүл салдаг

Салалт нь тухайн хүмүүсийн сонголт. Харин салалтаас болж сэтгэлийн шархтай үлдэлгүй, өөрсдийнхөө замаар амьдрахдаа үр хүүхдэдээ анхаарч, хамтран ажилладаг болгох нь эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний гол зорилго юм” гэв.

Австралийн хуулиар хүүхэд хэзээ ээжтэйгээ эсвэл аавтайгаа байх вэ гэдгийг төлөвлөгөө болгон шүүхийн шийдвэрээр баталдаг аж. Монголд жилд 32 мянга гаруй гэр бүл шинээр бий болж, 4000 орчим гэр бүл салдаг байна.

"ХАРИЛЦАА ӨӨРЧЛӨГДӨХӨД ГЭР БҮЛИЙН ЗӨРЧИЛ МАРГААН ҮҮСДЭГ"

Хүүхэд, гэр бүл судлаач, гэр бүлийн маргаан шийдвэрлэх төслийн зохицуулагч С.Энхтуяа “Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн үр дүнд хүмүүсийн харилцаа өөрчлөгдсөн. Харилцаа өөрчлөгдөхөд гэр бүлийн зөрчил маргаан үүсдэг. Монголд сүүлийн үед гэр бүлийн салалт нэмэгдэж байна. Гэр бүл салах болгонд хүүхдүүд хохирдог. Манай улсад гэр бүл салахад хүүхдүүдэд анхаарал тавьж чадахгүй, эцэг эх нь өөрсдөө салсан сэтгэлзүйнхээ хямралыг даалгүй, нэг нэгэндээ өсөрхөх байдал ажиглагдаж байна. Үүнээс болж хүүхдийн зан авир өөрчлөгдөж, улмаар төлөвшилтөд нь нөлөөлөн томрох тусам янз бүрийн асуудалд өртөх нь элбэг болдог” хэмээв.

Гэр бүлүүд аймаг дүүргийнхээ Гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт хандан зөрчил маргаанаа шийдвэрлэх зөвлөгөө авч болно гэж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

“Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт уг сургалт дөрвөн өдрийн турш Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд үргэлжлэх юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ