Улсын баяр наадмын бөхийн ТОП 10 БАРИЛДААН

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-07-17 14:15 GMT+8

Гахай жилийн ардын төрийн их баяр наадам сайхан боллоо. Үндэсний бөхийн дээд цолтнууд урамтай сайхан барилдаан үзүүлж дунд, их шөвөг рүү орж ирцгээв. Энхтөгсийн Оюунболд 26 насандаа төрийн их баяр наадамдаа хоёр дахиа түрүүлж улсын аварга цолонд хүрлээ. Намсрайжавын Батсуурь аварга хоёр жил дараалан төрийн их наадамд тэргүүн байр булаацалдаж бүх аваргуудын манлайд эрэмбэлэгдэх боллоо.

  1. Э.Оюунболд- Н.Батсуурь. Төрийн их баяр наадмын үзүүр түрүү шиг чухал, бас өндөр даваа үгүй билээ. Төрийн баярт хэн хэн нь түрүүлж байсан бөхчүүд. Гурав түрүүлж даян аварга уу, хоёр дахь удаагаа түрүүлж улсын аварга уу гэдэг эгзэгтэй мөч. Давхар шуудагнаас Э.Оюунболд мөргөж түрэн давж аваргыг давж аварга болов.



     
     
  2. Б.Орхонбаяр-Ц.Сандагдорж. Тавын давааны тунааны барилдаан хэзээнээсээ л дуулиан шуугиан дагуулсаар ирсэн. Ялангуяа хоёр аймгийн цолтон тунаж байгаа үед бүгд л догдлон хүлээдэг. Сэлэнгийн Б.Орхонбаяр гарангуутаа санаачилгыг авч сэнжигнээс хонгодож цацан давж 21 насандаа улсын цолны босго алхав.
  3. О.Хангай- Д.Цэрэнтогтох. Уг нь О.Хангайг улсад их шөвөг рүү орж ирэн заан цол хүртчих болов уу гэж олон хүн таамаглаж байлаа. Тавын даваанд Баянхонгорын Д.Цэрэнтогтох начинг амлан авч алсын шуудаг авч түрж яваад хариу мэхэнд орж уналаа.
  4. Н.Батсуурь-Б.Гончигдамба. Их шөвгийн сонирхолтой нэгэн барилдаан. Аваргын барилдааны ухаан энэ даваанд гарсан гэж хэлж болно. Улсын наадмын түрүү бөхийн тааварт зүй ёсоор орж байгаа Б.Гончигдамба гарьд шуудганд хүртэл тун сайн барилдсан. Аваргын алдарт чирч зүүн хутгах мэхэнд аргагүй шороодлоо.


     
  5. Н.Батсуурь-С.Мөнхбат. Дунд шөвгийн наймд гурван аварга, гурван арслан, нэг гарьд, нэг начин үлдсэн  наадам ойрын онд байсангүй. Чихэлдэнэ гэдэг л энэ байх. Хоёр дээр босч ам авсан Н.Батсуурь ардаа эрэмбэтэй байсан С.Мөнхбатыг амласан юм. Ширүүн барилдаан болсон. Баруун давхар дээрээс Н.Батсуурь аварга санаачилга гаргаж тал солин зүүн сугадаж дайран давсан юм.


     
  6. Б.Бат-Өлзий-Д.Анар. Сумын заан байх үеэсээ олон таарч байгаа хоёр доо. Өмнө нь заалны албан ёсны барилдаанд найман удаа таарч Б.Бат-Өлзий нь 5 удаа хаяж байсан юм. Сүүлийн үед таарах бүртээ хаяж байгаа гэхэд болно. Хаялцах барьцан дээрээс Д.Анар давж, харцага цолонд хүрлээ.
  7. Э.Оюунболд-Д.Анар. Улсын шинэ аваргын чухал давааны нэг нь энэ байлаа. Долоогийн даваанд аварга арслангууд ам авч Зүүн зүгийн энэ хоёр хүчтэн туналаа. Энхтөгсийн Оюунболд энэ өдөр аргагүй хазайшгүй байгаа гэдгээ нотолж сонгоон дээрээс давсан юм.


     
  8. Ц.Содномдорж-П.Бүрэнтөгс. Пүрэвийн Бүрэнтөгс арслангийн ам сонин байв. Д.Анарыг амлах болов уу гэж таамаглацгааж байсан Ц.Содномдорж арсланг авлаа. Ц.Содномдорж 2009 оны наадмын гурвын даваанд Б.Баянмөнх начинд амлуулж давсан цагаас хойш төрийн наадамд хүний аманд очиж үзээгүй явсан билээ. Бас тэр том цолтнуудаас амлуулсан бөхдөө унаж үзээгүй цорын ганц бөх байх шүү.


     
  9. Б.Орхонбаяр-Ч.Хөхчирэнгэр. Дөрвийн оноолтод бие бялдар төстэй хоёр бөх таарав. Шинэхэн өсөх идэр начин, шинэхэн аймгийн хурц арслантай оноолтод учрав. Б.Орхонбаяр яг л хоёрын давааны адил өөртөө итгэлтэй давшаад явчихлаа. Түүний сэнжигнээс дамжиж барьцаа ахиулж байгаа, алдаагүй нягт урагшилж байгаа нь үнэн урамтай байв.
  10. С.Мөнхбат-Н.Баярбаатар. Сүхбаатарын Мөнхбат аваргын нэгэн урлагтай даваа. Зургаагийн даваанд аварга шинэ начинг амласан юм. Начингийн үнэмлэхээ гардаагүй залуу хүчтэн ч шийдэмгий сайхан барилдав. С.Мөнхбат аваргын жижигхэн барьцнаас бүтэн эргэж үлдэн давсан гайхалтай барилдааныг бид аравт онцолж байна.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ