Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгч даргална

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-18 14:05 GMT+8

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий

  • Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр),
  • Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр),
  • нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт,
  • гишүүдэд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах, тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Энэ саналыг Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрсөн

Тогтоолын төсөлтэй холбоглуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа урьд нь ийм жишиг байсан эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга С.Бямбацогт ийм жишиг байсан. Тухайлахад 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ахалж байсан. Иймээс зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Энэ саналыг Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрсөн юм байна.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15 цагаас хуралдаж, дээрх тогтоолын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 241 санал өгсөн байна.

Дээшээ