2019.07.18 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-18 17:58 GMT+8

Өнөөдөр болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий

  • Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр),
  • Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр),
  • нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт,
  • гишүүдэд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах, тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.


Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 2 бүртгэгдлээ 

Улаанбаатар хотод 2019 оны зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилд салхин цэцгээр болон гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.8 ба 53.4 хувиар өссөн байна. Мөн оны эхний хагас жилийн байдлаар 521 нялхас эндсэн аж. Зөвхөн зургаадугаар сард гэхэд л 78 нялхас эндсэн байна. Ингэснээр 1000 амд ногдох нялхсын эндэгдэл 14 болжээ.

2019 оны эхний хагас жилд эхийн эндэгдэл 9 гарсан бөгөөд 10000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 23 болж өмнөх онд 31 байснаас буурчээ.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгодог. Иймд тус сангаас зээл авах хүсэлтэй  иргэн, ААН олон. Тус сангаас зээл олгохдоо банкаар дамжуулан, сангаас шууд гэсэн хоёр хэлбэрээр олгох юм.

Банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дууслаа.

300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСанд судалжээ. Үүнээс 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч, дараагийн шат буюу Хорооны шатанд шилжсэн.

Эдгээр төслийг салбараар ангилбал

  • Боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувийг,
  • ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувийг,
  • Бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9 хувийг тус тус эзэлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэльдт өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн саналуудыг хэлэлцжээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Сонгуулийн хэлбэр, тогтолцооны тухай асуудал. Ардчилсан улс мөн юм бол сонгодог парламентыг бүрдүүлэхийн тулд сонголт хийдэг байх ёстой. 76 жижиг тойргоос хүмүүсийг сонгох нь Засгийн газрын тогтворгүй байдал, парламентын нэр хүнд зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан холимог сонгуулийн системийг дэмжиж байна. 

Хоёрдугаарт бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чадаагүй байна. Бид зах зээлийн эдийн засагт социалист маягаар хандаж болохгүй. Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн асуудлыг орон нутагт хариуцуулах хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой. 

Гуравдугаарт нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргаа. Хотын статусын асуудалд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна" гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо.

ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав.

Хэсэг тэргүүлж буй “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх болсныг дуулгахад таатай байна.

Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 231 санал өгсөн байна.

Дээшээ