Саарал жагсаалтад “заларсаар” л байх уу

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2019-07-20 14:21 GMT+8

Энэ онд манай эдийн засагт тулгарч болзошгүй гол эрсдэлүүдийн нэг “Саарал жагсаалт”-д орох, эсэх юм. Энэ жагсаалтад дахин орвол арилжааны банкуудын корроспондент банкны харилцаанд сөргөөр нөлөөлж, зээлжих зэрэглэл буурах, (одоогоор В байгаа) олон улсаас татах санхүүжилтийн зардал өсөх, хөрөнгө оруулагчдыг үргээх уршигтай. Саарал болон хар жагсаалтыг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-аас бэлтгэн гаргадаг. Хард нь БНАСАУ, Иран бий бол сааралд нь 40 гаруй улс багтдаг байна. Саарал жагсаалтад багтсан улсуудын тоо FATF-ийн зөвлөмжийг хэрхэн биелүүлснээс хамаарч өөрчлөгдөж байдаг юм. 

ИРЭХ САРД БОЛОХ FATF-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ХУРЛААР МОНГОЛ СААРАЛ ЖАГСААЛТАД ДАХИН ОРОХ, ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

2013 онд бид саарал жагсаалтад ороход “НSBC”, “Citibank” зэрэг олон улсын томоохон банкнууд корроспондент харилцаагаа тасалсан. Иймд төрийн байгууллагууд хамтран FATF-ийн саарал жагсаалтад орохоос сэргийлэх шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн юм. Гэвч FATF стандартаа улам сайжруулж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх арга техникээ чамбайруулсаар байгаа тул бидний гэрийн даалгавар тэр хэмжээгээр өслөө.

Ирэх сард Австралид FATF-ийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын хурал болно. Энэ хурлаар Монгол саарал жагсаалтад дахин орох, эсэхийг шийднэ. Хэрэв сөрөг шийд гарвал ямар эрсдэлтэйг дээр дурдсан билээ.

Ядаж байхад яр гэгчээр манай дипломатч ХБНГУ-д 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдав. Мөнгө угаах гэмт хэргийг дээд тушаалтнууд, тэр дундаа хууль хүчний байгууллагын хариуцлагатай албан тушаалтан үйлдсэн нь анхаарал татсан.

Манай улс 2006 оноос FATF-ийн зөвлөмжийг биелүүлж эхэлсэн юм. Хэдийгээр бид гишүүн биш боловч олон улсад нэр хүндтэй, салбартаа мэргэшсэн энэ байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх нь олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, дэлхийн санхүүгийн системд нэвтрэх, цаашлаад санхүүгийн гэмт хэргээс урьдчилан хамгаалах гэх мэт олон талын давуу талтай.     

Их 7-гоос эхлэлтэй энэ байгууллага улс орнуудыг үнэлэхдээ мөнгө угаахтай тэмцэх хуультай юу, хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага бий юу, Эрүүгийн хуульдаа санхүүгийн гэмт хэргийг хэрхэн зүйлчилсэн бэ гэдгийг харгалздаг байжээ. Харин одоо стандартаа улам өндөрсгөн, цагдаагийн байгууллага санхүүгийн хэчнээн гэмт хэрэг илрүүлсэн, тэдгээрийн хэдэд нь прокурор хяналт тавив, шүүх рүү хэдэн хэрэг шилжин, ямар хэмжээний хөрөнгө хураасан бэ гэдгийг ч хянах болсон байна.      

Иймд манай улс Эрүүгийн хуульдаа нэмэлт  өөрчлөлт оруулан, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дунд хугацааны бодлогын баримт бичгээ батлан, Хууль зүйн сайдаар ахлуулсан, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл, тусгай албад зэргийг байгуулсан. Мөн санхүүгийн гэмт хэрэг илрүүлэх шинжээчдээ бэлтгэжээ. Үндэсний зөвлөл бодлогын түвшинд шийдвэр гаргах бол Хамтын ажиллагааны зөвлөлд санхүү, хуулийн байгууллагуудын дэд дарга нар багтаж, хэрхэн мэдээллээ солилцох вэ зэрэг хамтын ажиллагааны механизмуудаа хэлэлцдэг аж.   

Ийнхүү хуулийн орчноо бүрдүүлэх чиглэлд олон ажил хийсэн ч хэрэгжилт дээр буюу хэрэг хянан шийдвэрлэх, гэмт хэрэгтнийг илрүүлэх, шийтгэх тал дээр дутмаг байгаа тул 2014 онд саарал жагсаалтаас гарсан ч 2016 оны үнэлгээгээр дахин муу дүн авсан. АТГ-аас сар бүр хэчнээн авлигын хэрэг илрүүлснээ мэдээлж байна. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн албан хаагчид байгааг ч онцолдог. Гэвч бодит байдал дээр өндөр дүнтэй авлигын хэргийг шүүхэд шийдсэн жишээ нэг ч байдаггүй. Иймд FATF-ийн эрчимтэй хяналтад 30 сарын турш байна.

Эрх баригчид санхүүгийн гэмт хэрэгтнүүд, мөнгө угаасан этгээдүүдийн толгойг дандаа илдэг. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хуулийг баталсны гор одоо гарч байна. 

Иймд тус байгууллагын зүгээс тавьдаг шаардлагуудыг хэрхэн хангасан талаарх тайлангаа өнгөрсөн нэгдүгээр сард илгээж, үнэлгээгээ ахиулах хүсэлт гаргажээ. FATF-ийн 40 зөвлөмжийн 20-д хангалтгүй гэж үнэлүүлснээс 14-ийг нь биелүүлсэн гэж Санхүүгийн мэдээллийн алба онцолсон юм. Албан ёсны хариу ирэх есдүгээр сард гарна. 

Гэвч бидний хүсэлтэд үгүй гэдэг хариу өгөх магадлалтай. Учир нь манай эрх баригчид санхүүгийн гэмт хэрэгтнүүд, мөнгө угаасан этгээдүүдийн толгойг дандаа илдэг. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн тухай хуулийг баталсны гор одоо гарч байна. Хямралд өртсөн эдийн засгийг аврах нэрийдлээр татвар, нийгмийн даатгалаа цагт нь төлөөгүй, өмч хөрөнгөө албан ёсоор бүртгүүлээгүй иргэд, ААН-д 2015 онд боломж олгосон. Гэхдээ хэн ямар хэмжээний хөрөнгөө ил болгов, хэнийг хэдий хэмжээний татвараас чөлөөлснөө тас нууцалсан юм. Энэ хуулийн дараа өөрийн хөрөнгөө олон тэрбумаар нэмэгдүүлсэн банкууд одоо эх үүсвэрээ хууль ёсных гэдгийг батлах шаардлагатай тулгарав. Хэдийгээр тухайн үеийн эрх баригчид Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдагсдын мэдээллийг нууцална гэж хуулийн “хамгаалалт” үүсгэсэн ч ОУВС өөр шаардлага тавьж байна. Нэмэлт эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол банкууд дахин өөр эх үүсвэрийн эрэлд гарах шаардлага ч үүсэж болзошгүй.    

Мөн зандалчлах гэмт хэрэгт өршөөлд хамруулсныг FATF хүчтэй шүүмжилдэг. Ядаж байхад яр гэгчээр манай дипломатч ХБНГУ-д 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдав. Мөнгө угаах гэмт хэргийг дээд тушаалтнууд, тэр дундаа хууль хүчний байгууллагын хариуцлагатай албан тушаалтан үйлдсэн нь анхаарал татсан. Энэ явдал манай улс саарал жагсаалтад дахин “залрах” эсэхэд ч нөлөөлж болзошгүй.        

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГҮҮД ДОТОР ХУУРАМЧ БАРААНЫ ХУДАЛДАА ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ  

Мөнгө угаах гэмт хэргийг үндэстэн дамнан үйлддэг, энэ хэргийн хохирогч байдаггүй зэрэг онцлогтой. Гэвч энэ хэрэг даамжирвал үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм. 2016 онд АНУ-д хийсэн судалгаагаар дэлхий даяар ямар төрлийн мөнгө угаах хэрэг хамгийн их орлого олдгийг тогтоожээ. Хүмүүс хар тамхи, хүний наймаа зэргээс гэмт хэрэгтнүүд ихээхэн ашиг олдог гэж боддог. Гэтэл хуурамч барааны худалдаа хамгийн ашигтай нь.

Хуурамч барааны дийлэнхийг манай урд хөршид үйлдвэрлэдэг гэхээр бид ямар эрсдэлд байгаа нь ойлгомжтой юм. Тэгэхээр хэрэв та гудамжинд ил худалдаж буй хуурамч бараа хямд авсан бол мөнгө угаах гэмт хэргийг санхүүжүүлсэн, дэмжсэн гэсэн үг. Мөн хулгайн гар утас авч, өөрийнхөө нэр дээр бүртгүүлбэл мөнгө угаасан гэмт хэрэгт тооцогддогийг энэ ташрамд сонордуулъя.

Төгсгөлд нь хэлэхэд бид бохир хувцсаа угаалгын машинд хийсний дараа цэвэр сайхан болдог шиг  мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгсэд бохир аргаар олсон мөнгөө цэвэршүүлэх буюу хууль ёсны мэт харагдуулах арга саамыг байнга хайдаг. Мөнгө угаах гэмт хэргийн орлого аль нэг улсын эдийн засагт орлоо гэхэд богино хугацаанд эдийн засгийг өсгөх давуу талтай ч тун удалгүй заавал буцаж гаргалгаараа онцлог юм.      

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 230 санал өгсөн байна.

Дээшээ