ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨГӨӨ: Батарейны насжилтыг хэрхэн уртасгах вэ?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-25 14:15 GMT+8

Технологийн зөвлөгөө буланд уншигч танд хэрэгтэй, интернет, ухаалаг утас, компьютер, апп зэрэгтэй холбоотой нийтлэлүүд орох болно. Хэрэв та ямар нэг сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

Хэдийгээр жилээс жилд ухаалаг утасны дэлгэц томорч, камер, процессорын хүч нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч үүнд нэг сул тал бий. Энэ нь батарейны насжилт юм. Энгийнээр хэлбэл, илүү хүчирхэг процессор, илүү тод дэлгэц зэрэг нь урьд өмнөхөөсөө их цэнэг шаардана. Харин ухаалаг утасны батарей нь тодорхой хэмжээний хязгаартай буюу насжилттай байдаг. Жишээлбэл зарим эх сурвалжийн үзэж байгаагаар нийт 400 удаа бүтэн цэнэглэсний дараа ухаалаг утасны батарей 20 хувиар мууддаг гэнэ. Сүүлийн үеийн ихэнх ухаалаг утасны батарейг нь шууд салгаад солих боломжгүй болсон. Хэдий солилоо ч гэсэн наад зах нь зарлага ихтэй. 

Иймд уншигч танд зориулан ухаалаг утасныхаа батарейн насжилтыг хэрхэн уртасгах талаар дараах зөвлөгөөнүүдийг бэлдлээ.

ХЭРЭГЛЭЭГЭЭ ТОХИРУУЛ

Батарейны насжилтад хамгийн их нөлөө үзүүлдэг ч тун энгийн хүчин зүйл бол хэрэглээ. Мэдээж ухаалаг утас бидний өдөр тутмын амьдралын тун их хөнгөвчилдөг. Гэсэн хэдий ч аливаа зүйлд хязгаар байх хэрэгтэйг мартаж болохгүй. Ядаж л өглөө эрт сэрээд Фэйсбүүк, Инстаграм гэсэн апуудыг ямар ч үр ашиггүйгээр ашиглахаа зогсоогоорой. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэхээс гадна батарены насжилтыг уртасгана. 

Аль аппд хэдэн цаг зарцуулж байгаагаа хянах нь хэрэглээгээ хязгаарлах, цэгцлэхийн эхлэл болдог. Үйлдлийн системээсээ хамаараад аппын хэрэглээгээ олон янзаар харж болно. iPhone утастай бол Setting хэсэгт байх “Screen time” гэсэн функцыг ашиглахыг зөвлөе. Харин Андройд үйлдлийн системтэй утастай бол AppDetox аппыг санал болгож байна.

WI-FI, BLUETOOTH, GPS, NFC ЗЭРГИЙГ УНТРААХ

Гэрээсээ гарахдаа чийдэн, зурагт зэргээ унтраадаг шиг Wi-Fi, Bluetooth, GPS, NFC зэрэг функцийг ашиглаагүй үедээ унтрааж хэвших хэрэгтэй. Учир нь ийм төрлийн функцууд утсаа ашиглаагүй үед ч гэсэн ажиллаж, батарейнаас хороож байдаг. Жишээлбэл гадуур явахдаа Wi-Fi асаасан байвал уг функц таныг ч мэдээгүй байхад тодорхой хугацааны давтамжтайгаар боломжит Wi-Fi хайж ачаалах юм. Ингэж ачаална гэдэг нь батарейнаас хороож байгаа гэсэн үг. 

АППУУДАА ЦЭГЦЛЭХ

Өмнөх хэсэгт дурдсан функцуудын адилаар ашиглагдаагүй үедээ ч гэсэн ажиллаж байдаг аппууд бий. Үүнд Фэйсбүүк, Инстаграм, Gmail тэргүүтэй ихэнх аппууд багтана. Ийм аппууд тодорхой давтамжтайгаар ачаалан шинэ мессеж, сонордуулга ирсэн эсэхийг шалгаж байдаг бөгөөд үүнийг “Background Data Usage” гэж нэрлэдэг. Энэхүү Background Data Usage нь дата хэрэглээ болон батарейны насжилтад урт хугацаандаа сөргөөр нөлөөлдөг. 

Хэрэв ингэхийг нь болиулахыг хүсвэл:

  • iPhone дээр Setting-General-Background App Refresh гэсэн тохиргоог Оff болгох
  • Андройд дээр Setting хэсгээс Data usage эсвэл Apps хэсгээс Background Data Usage-ыг нь зогсоохыг хүсэж байгаа аппаа сонгон Background data restrict гэсэн тохиргоог хийгээрэй. Жич: Энэхүү тохиргоо таны утаснаас хамааран өөр, өөр байдаг.

Батарейнаас хороож байдаг хортой аппуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Зарим хортой апп танд харагдахгүй ч видео зар сурталчилгаа тоглуулж, түүгээрээ орлого олж байдаг. Үүнээс гадна хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр системийг удаашруулдаг, утасны процессорыг ашиглан криптовалют олборлодог гэх мэт маш олон төрлийн хортой апп бий. Иймд хэрэглэж буй аппууддаа тодорхой шаардлага тавих, найдвартай эх сурвалжаас татаж хэвшээрэй. App Store болон Play Store-оос апп татахдаа дор хаяж 4 болон түүнээс дээш одтойг нь татахыг зөвлөе. 

БУСАД

  • Дэлгэцийн гэрлийг багасгах / Харанхуй горим (Dark mode) ашиглах
  • Хөдөлдөг нүүр зургаа солих
  • Battery saver горимыг ашиглах: Уг горим автоматаар дэлгэцийн гэрлийг багасгах мөн аппуудын Background Data Usage-ыг хориглодог.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 451 санал өгсөн байна.

Дээшээ